Сонгууль ойртож байгаа гэсэн шиг сүлийн үед эрхэм гишүүд тойргийннхоо сонгогч нарт их л хайртай болж, үе үехэн гарын алга дээш харуулах болсон талаар мэр сэр мэдээлэл гарсаар байгаа.
Нийслэлийн Баянгол дүүргээс МАН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон "Оргил" дэлгүүрийн эзэн Ж.Ганбаатар саяхан тойргийнхоо оршин суугч хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг тараасан гэх мэдээлэл гараад байсан. Тэгвэл бэлгийн цувааг АН-ын дарга С.Эрдэнэ үргэлжлүүлэв.
АН-ын дарга С.Эрдэнэ өөрийн сонгогдсон Баянгол дүүрэгт "Монгол хүн монголын үнэт эрдэнэ” гэсэн бичигтэй 25 кг, "Заан” нэртэй 2 кг-ын савлагаа бүхий цагаан будааг шинэ жилийн баярын бэлэг болгон тараажээ.
Тэрбээр цагаан будаан дээрээ "Эрхэм Баянголчууд та бүхэн угтан ирж буй арван долдугаар жарны цагаан хулгана жилийн мэндийг дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн цаас хадсан нь анхаарал татсан байна.
АН-ын дарга С.Эрдэнийн энэ үйлдлийг тойргийн сонгогчид нь "Биднийг сонгууль ойртохоор атга гурил, будаагаар аргадаж явна, манай гишүүн” гэхчлэн ёжилж хүлээн авчээ.