Үйл ажиллагаа, үзэл санаагаа дэмжүүлдэг улс төрийн намууд байя

  • 0
  • 90
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

-АН-ын дэнчин ба МАН-ын хөгжлийн хөтөлбөр-

АН-ын ҮБХ-ноос гаргасан шийдвэрийн дагуу тус намын 100 гаруй гишүүн УИХ-ын ирэх сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлж, 40 сая төгрөгийг намдаа тушаажээ. ҮБХ-ноос нэр дэвшихийг горилогчид ирэх оны дөрөвдүгээр сарын 15-ны дотор тус бүр 100 сая төгрөг, эмэгтэйчүүд 60 сая төгрөгийн дэнчин төлөх ёстой хэмээн шийдвэрлэсэн билээ.

Дэнчингийн мөнгийг намаасаа сонгуульд нэр дэвших сонирхолтой хэдэн ч хүн төлөх боломжтой бөгөөд хэрвээ нэр дэвших эрхээ авч чадахгүй бол намын зүгээс тухайн хүнд улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэсэн байна. Улс төрийн  дэмжлэг гэдэг нь сонгуулийн дараа албан тушаал хаших юм болов уу даа.

Гэвч ҮБХ-ны олонхи гишүүдийн зүгээс /ҮБХ 400 гаруй гишүүнтэй/ энэ 100 сая төгрөгийн дэнчинг эсэргүүцэн гарын үсэг цуглуулж эхлээд байгаа гэх мэдээлэл бас бий. Тэд сонгууль нэр дэвшигчдэд ийнхүү санхүүгийн шалгуур тавих нь иргэн хүний сонгох, сонгогдох эрхэнд халдаж, өрсөлдөөнийг шударга бус болгож байна хэмээн мэдэгдсэн билээ.

Өнгөрөгч долоо хоногт АН-ын ҮБХ-ны гишүүн Да.Ганболд “Эрх чөлөө” хөдөлгөөний залуустай өглөөний уулзалт хийх үеэр түүнээс энэ талаар сонирхов. “Дэнчингийн 100 сая төгрөг танай намын гишүүд дотор бас нэг хагарал үүсгээд байгаа юм биш үү?” гэсэн асуултад тэр “Дэнчингийн мөнгийг төлсөн ч, төлөөгүй ч хагарал үүснэ. Төлсөн нь ч, төлөөгүй нь ч шүүмжилнэ. Яагаад гэвэл энэ мөнгө яг юунд зарцуулагдах нь тов тодорхой байх ёстой. Ардаа тайлан, тооцоотой байх ёстой. Хэрэв тийм байвал би ч гэсэн намаа дэмжээд төлөхөд бэлэн байна” гэсэн юм. Тэгэхээр дэнчингийн 100 сая төгрөг зөвхөн хэмжээний хувьд биш, мөн зориулалт, зарцуулалтын тодорхойгүй байдлаас болж шүүмжлэл дагуулж буй бололтой.

АН-ын дарга С.Эрдэнийн хувьд “Манай нам татвар төлөгчдийн мөнгөөр туйлдаг, баян олигархийн халаасанд ордог нам биш” хэмээн мэдэгдсэн билээ. Мэдээж энэ нь МАН-ын санхүүжилтийг бодвол харьцангуй шударга сонсогдох хэдий ч нөгөө талаас сонгуульд нэр дэвшиж, улс орны хөгжлийн бодлого тодорхойлохоор өрсөлдөөнд орж буй залуусын хувьд бас л шударга бус сонсогдох нь зүй. АН зөвхөн мөнгөтэй хүнийг урдаа гаргадаг нам уу? гэж.

Тэгэхээр Монгол Улсад ардчилсан үзэл санаа төлөвшиж, улс төрийн олон ургальч үзлийг уралдуулж эхэлснээс хойш 30 жил өнгөрөөд байхад манай намууд санхүүжилтийн эрүүл саруул, зөв хэлбэрийг одоо хүртэл бодож олж /ядаж л бусад улс орноос суралцаж/ чадаагүй яваа нь бас нэг төрлийн хоцрогдол мөн.

АН-ын хувьд улс төрийн бусад намуудаас анх удаа “гишүүнийхээ татвараас санхүүжинэ, илүү хариуцлага хүлээх нь илүү татвар төлнө” гэдэг зарчмыг 2000 онд гарган тавьж, тэр нь тухайн үедээ л шинэ үзэгдэл болж байлаа. Гэвч одоо хэр нь тэр байрандаа л хий эргэж байгаа нь бас л харамсал төрүүлнэ. Ингэхэд улс төрийн нам чухам юуны төлөө оршин тогтнодог вэ? Зөвхөн төрийн эрх барихын төлөө юу? Тэгвэл төрийн эрхийн төлөө өрсөлдөж буй шалтгаан нь юу юм? Эндээс хариултаа хайх хэрэгтэй байх.

Улс төрийн нам гэдэг бол улс орны хөгжлийн бодлогыг боловсруулж, түүгээрээ өрсөлдөж, түүнийгээ сонгогчдод буюу зах зээлд “худалддаг” институт. Сонгууль буюу сонгогчдын дэмжлэг тэр “худалдан авалт” нь юм. Тиймээс улс төрийн намыг санхүүжүүлэхэд тухайн намын үзэл санаа, хөгжлийн хөтөлбөр хамгийн чухал. МАН-ын дарга, Ерөнхий сайд шиг УИХ-д анх удаа сонгогдсон нэг гишүүн, ЗГХЭГ-ын даргадаа бүхэл бүтэн улс орны хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах үүрэг өгөөд, тэр нь “2050 он гэхэд Монгол Улс цэнгэлийн манлайд хүрнэ” /дундаж давхаргыг 80 хувьд хүргэнэ/ гэж “хоосон үлээгээд” байж болохгүй л дээ. Тэр хөгжилд хүрэх арга замуудаа тодорхойлох ёстой. Түүний тулд тухайн нам ямар бодлого явуулах вэ гэдгээ ил тод зарлаад олон нийтээр хэлэлцүүлж, тэдний дэмжлэгийг авах ёстой.    

Ядаж л тэр хөгжлийн зардлыг төлж байгаа бизнес эрхлэгчид, татвар төлөгчдийн төлөө ямар бодлого явуулах вэ, тэднээс чангааж байгаа орлого багатай хэсгээ яаж дэмжих вэ гэдгээ ярих ёстой. Түүнийх нь төлөө иргэд, олон нийт улс төрийн намын үзэл санаа, үйл ажиллагааг дэмжиж санхүүжүүлдэг болох, тэр нь ил тод байх ёстой.

Хамгийн наад зах нь нийгмийн даатгалын шимтгэлийн асуудал байна. НДШ гэдэг бол ажил эрхэлж буй иргэн өөрийн эрсдлийг тооцож ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт, хуримтлал юм. Нэг ёсондоо өөрөө өөрийнхөө өмнө хүлээж буй хариуцлага.

Гэтэл одоогийн хуулиар НДШ-ийн тал хувийг ажил олгогч, тал хувийг ажилтан өөрөө төлж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлийн нэг хэсэг нь тэтгэврийн даатгалын санд төвлөрдөг. Тэгвэл ажил олгогч тэр хүнд цалин хөлс олгосныхоо төлөө яагаад давхар татвар /НДШ-ийг хэлж байна/ төлөх ёстой гэж. Тэртэй тэргүй ашгийн татвараа төлөөд явж байгаа аж ахуйн нэгж яагаад ажилтныхаа тэтгэврийг нь хүртэл хариуцах ёстой вэ? гэдэг асуулт гарна.

Нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч биш, ажилтан төлнө гэдэг бодлоготой байхад, тийм амлалт авахад л бизнес эрхлэгчид бараг бүгдээрээ энэ нам руу хошуурна. Мэдээж ажилтандаа НДШ-ээ төлөх хэмжээний хангалттай цалин хөлс өгөх нь бол ажил олгогчийн үүрэг болно. Гэх мэтчилэн сав савандаа л байх ёстой. Харин төлсөн шимтгэл нь тухайн сандаа байршиж, түүнийг нь эдийн засгийн эргэлтэд оруулж /төсвийн цоорхой нөхөөд явах биш/ хуримтлал үүсгэх нь төрийн буюу сангийн үйл ажиллагаа эрхлэгчийн үүрэг байх ёстой. Үүний тулд улс төрийн намууд үзэл бодлоо уралдуулдаг болчихвол тухайн намд санхүүгийн дэмжлэг үзүүлэх баялаг бүтээгч иргэн захаас аван гарна даа.

Учир нь улс төрийн нам гэдэг зөвхөн гишүүддээ үйлчилдэг ТББ биш. Тиймээс гишүүдийнхээ татвар, дэнчингээр биш, нийгмийнхээ өмнө хариуцлага хүлээж, тэдний сайн сайхны төлөө бодлогоо уралдуулж, тэр хэмжээгээр дэмжлэг авч санхүүжилтээ шийддэг байх ёстой. Гэтэл манай улс төрийн намуудад ийм бодлогын өрсөлдөөн, ялгарал байхгүй болсон учраас намын гишүүдээ хооронд нь уралдуулдаг /хөрөнгө мөнгөөр нь ч юм уу/, барианд орсныг нь дэмждэг байгууллага болчихоод байна.

Б.Сэмүүн

Эх сурвалж: inews.mn                                                                                                                                         

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх