УИХ-ын чуулганы энэ сарын 20-ны нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэ удаад дээрх хуульд томоохон хэд хэдэн өөрчлөлтийг оруулсан юм. Тухайлбал, УИХ-ын болон Орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгуулийг тус тусынх ньхуулиар зохион байгуулахаар болов. Өмнө нь, дээрх гурван сонгуулийг тус бүрийнх нь хуулиар, өөр зохион байгуулалтаар явуулдаг байсныг АН-ынхан нэгтгэсэн. Ингэснээр маш олон сөрөг үр дагавар гарсан гэдгийг СЕХ-ноос онцолсоор ирсэн. Тиймээс ийнхүү тус тусынх нь хуулиар явуулахаар тогтов. Түүнчлэн ирэх онд болох УИХ-ын ээлжит сонгуулийн тогтолцоог тодорхой болголоо.
Ингэхдээ томсгосон мажоритар системээр 2020 оны сонгуулийг явуулах нь зүйтэй гэдэгт УИХ-ын гишүүдийн олонх санал нэгдсэн юм. Товчхондоо, улсын 26 том тойргоос 76 хүнийг сонгоно. Сонгогчдын хувьд мандатын тоогоор хүн дугуйлахаараа онцлогтой. Нөгөөтэйгүүр Сонгуулийн хуулийн энэ удаагийн өөрчлөлтөөр сурталчилгааны хоног 18 байсныг 22 болгон нэмэгдүүлснээс гадна авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүнийг нэр дэвшүүлэхгүй байхаар хуульчилсан. Мөн улс төрийн намууд сонгуульд эвсч орох бололцоог хуулиар нээж өгсөн нь онцлог байлаа.
Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэхийг уриалж байсан ч хуучнаар нь буюу нэр дэвшигчдийн 20 хувь нь эмэгтэй хүн байхаар тусгалаа. Энэ мэтээр Сонгуулийн хуульд цөөнгүй өөрчлөлт оруулсан. Харин хуулийн өөрчлөлтийг хуульч, судлаачид хэрхэн дүгнэж байна вэ. Энэ тухайд зарим хүний байр суурийг сонирхлоо.
Д.БУМДАРЬ: ОЛОН НИЙТЭД ТААЛАГДСАН УЛСТӨРЧ ГАРАХ БОЛОМЖТОЙ
/МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш/
-Томсгосон мажоритар системийг Үндсэн хуулийн үзэл санааны эсрэг биш байна гэж үзээд баталлаа. Нийт сонгогчийн 50-аас дээш хувь нь саналаа өгч байж сонгууль хүчин төгөлдөр болно гэх зэрэг нэмэлт тодруулгыг хуульд орууллаа. Энэ удаад хуульд хэд хэдэн нэмэлт өөрчлөлтийг оруулсан.
Томсгосон мажоритар систем цөөхөн тойрогт хуваагдана гэдгээрээ сонгогчдын хувьд ойлгомжтой байна байх. Том мажоритар тогтолцооны давуу тал нь хэн, хаана нэр дэвшиж байгаа нь тодорхой, мөн өмнөх тойргууд хэвээр үлдэнэ. Сул тап мөн олон бий. Томсгосон учраас намын гишүүд багаараа оролцоно. Нэг тойрогт олон хүн нэр дэвших учраас намын дэмжлэг болон тухайн нэр дэвшигчийн нэр хүндээс гадна сонгуулийн баг сайн ажиллах шаардлагатай.
Орон нутагт 2-3 мандат, үлдсэнийг нь нийслэлд гэх мэтээр хүн амын тоотой нь уялдуулж, мандатын тоог гаргах байх. Орон нутагт одоо тогтсон соёл бол тухайн нэр дэвшигч тойргоо байнга “усалдаг\' байдлаасаа шалтгаалж томсгосон тойргийг авч үлдэж байна гэж ойлгож болно. Энэ системээр олон нийтэд танигдсан, өөрийн хөл сайтай, нам нь араас түшиж өгдөг нэр дэвшигчдэд л боломж олддог. Намд гарах сөрөг талын тухайд нэг намын гишүүд хоорондоо өрсөлддөг. Нөгөө талаар олон нийтэд таалагдсан улстөрч гарах боломжтой. Эмэгтэйчүүдийн 30 хувийн квотыг унагасан тухайд би өөрөө эмэгтэй хүн учраас заавап хүйс заах, квот өгөх гэдэгт дуртай биш. Насанд хүрсэн хүнд өрсөлдөх чадвар байх ёстой. Манайх харьцангуй хөгжингүй ардчилалтай улс. Азийн орнуудад эрчүүдийн бүлэглэл, эцгийн эрхт ёс гэх мэт зүйлээс шалтгаалан эмэгтэйчүүд улс төрийн шийдвэр гаргах албан тушаалд очих магадлал бага байдаг. Тиймээс хуульд тэгш оролцоо, тэгш боломжийг олгож өгөх хэрэгтэй.
Ц.МӨНХЦЭЦЭГ: ТОМСГОСОН ТОЙРОГ СОНГУУЛИЙН ЗАРДЛЫГ БАГАСГАХ ЭЕРЭГ НӨЛӨӨТЭЙ
/Улс төр судлаач, доктор, профессор/
-Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш нийт долоон удаагийн УИХ-ын сонгууль явуулсны дөрвийг нь нэг мандаттай 76 тойргоор явуулсан байдаг. Энэ систем нь сонгогч ба сонгогдсон УИХ-ын гишүүн хоёрыг байнгын холбоо харилцаатай байлгаж, сонгогчдынхоо эрэлт хэрэгцээг УИХ-д мэдээлж, төрийн бодлогод тусгах бололцоо олгодог давуу талтай. Гэсэн хэдий ч өнгөрсөн жилүүдийн туршлагаас харахад жижиг тойргийн явцуу сонирхлыг түлхүү тавих, төсвийн нэгдсэн бодлогыг алдагдуулах явдал ямагт гарч ирсэн. Тийм учраас тойргийг томсгох, болж өгвөл Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлапын дагуу баруун, зүүн, төв, хангайн, Улаанбаатарын гэж бүсчилсэн тойрогт хувааж, сонгууль явуулах нь зүйтэй. Ингэж байж улс орны хөгжлийг макро түвшинд зангидаж явах боломж нээгдэнэ. Томсгосон тойргийн системийг 2008 онд хэрэглэж байсан бөгөөд сонгогчид хэд хэдэн хүнд саналаа өгөх боломжтой хувилбар юм. Бусад сонгуулийн системийн адил давуу ба сул талтай. Хамгийн гол давуу тал нь бол өмнө дурдсанаар тойргийн явцуу ашиг сонирхлыг даван туулах хөгжлийн нэгдсэн бодлогыг түлхүү тавих боломжийг олгодог явдал. Хоёр дахь давуу тал нь сонгогчдод сонголт хийх боломж олгодог систем юм. Өөрөөр хэлбэл, жижиг 76 тойргийн үед сонгогч ганцхан л сонголт хийдэг бол олон мандаттай системийн үед сонгогч зөвхөн аль нэг нам, нэр дэвшигчийн төдийгүй өөр нам, нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх боломжийг нээдэг. Мөн дараагийн нэг давуу тал нь тухайн тойрогт нэг намаас нэр дэвшигчид сонгуулийн зардлаа хамтдаа бүрдүүлдэг тул нэг нэр дэвшигчээс гарах зардлыг багасгаж, эцсийн дүндээ сонгуулийн зардлыг бууруулахад эерэг нөлөөтэй. Гэхдээ энэ нь сонгуулийн санхүүжилтэд тавих хяналт, ил тод байдлыг сонгуулийн хуульд хэр суулгаж өгснөөс хамаарах юм. Томсгосон системийг хэрэглэж буй бусад улсын туршлагаас харахад олон мандаттай томсгосон системийн үед сонгогчдын оролцоо хамгийн өндөр түвшинд байдаг. Учир нь, энэ системийн үед сонгуулийн бүх үйл явц энгийн иргэдэд ойлгомжтой байдаг учраас сонгогчдын сонголтыг хялбар болгодог. Судлаачдын онцолдог дараагийн нэг давуу тал бол томсгосон систем болон пропорциональ системийн үед эмэгтэй нэр дэвшигчдийн сонгогдох боломж нэмэгддэг явдал.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин