Нажиб Разак Ш.Алтантуяаг алах захиалга өгөөгүйгээ Аллахын нэрийг барьж тангараглажээ

  • 0
  • 81
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Монгол улсын иргэн Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн алуурчдын нэг уг хэргийг ерөнхий сайд асан Нажиб Разакын захиалгаар үйлдсэнээ шүүхэд мэдүүлсэн талаар Малайзын хэвлэлд саяхан мэдээлсэн билээ. Үүнийг Нажиб Разак эрс үгүйсгэж байгаа.

Тэгвэл тэр өчигдөр буюу Баасан гарагт Исламын шашны сүмд мөргөл үйлдэхдээ Монгол эмэгтэйн амийг хөнөөх захиалга өгөөгүй гэдгээ Аллах бурхны нэрийг барьж тангараглажээ. Одоо 66 настай Нажиб тус улсын нийслэл Куала Лумпурын нэг сүмд 1,000 гаруй мөргөлчдийн өмнө тангараг өргөсөн байна.

“Иргэний хариуцлага үүрэх болсон наснаасаа хойш өнөөдрийг хүртэл би Монгол улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяа гэдэг хүнийг алах захиалгыг ямар ч хүнд хэзээ ч өгч байгаагүй. Би талийгаачийг таньдаггүй, уулзаж ч байгаагүй. Хэрвээ би худлаа хэлсэн бол Аллах бурхан намайг харааг” гэж тэр олон мөргөлчдийн өмнө хэлсэн байна.

Энэ бол хэн нэгэнд гүтгүүлсэн хүн өөрийгөө хамгаалахын тулд үйлддэг Исламын шашны зан үйл ажээ. “Хэрвээ миний үг үнэн байвал намайг гүтгэсэн хүмүүс өөрсдөө Аллахын хараалыг хүртэх болно” гэж Нажиб хэлсэн байна.

2006 онд Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэргээр цаазын ялтай хоригдож байгаа цагдаагийн офицер асан Азилах Хадри шүүхэд гаргасан мэдүүлэгтээ аллагын захиалагч нь тухайн үед батлан хамгаалахын сайд байсан Нажиб Разак болохыг илчилсэн юм. Нажиб Разакын хувьд энэ асуудлаар гурав дахь удаагаа сүмд тангараг өргөж байгаа нь энэ гэнэ.

Хамгийн сүүлд тэр 2008 онд тангараг өргөхдөө өөрийгөө Монгол улсын иргэн эмэгтэйтэй хэзээ ч уулзаж байгаагүйг баталж байв. Аллагыг үйлдсэн хоёр дахь офицер Сирул Азхар Омар 2015 онд ялаас зугтаж, Австрали улс руу дүрвэсэн юм. Австралийн хуулиар цаазын ялтай хүнийг эх оронд нь буцааж шилжүүлэхийг хориглодог тул Сирул одоо Сиднейн ойролцоо хоригдож байгаа. Тэрээр Австрали улсаас улс төрийн орогнол хүссэн ч татгалзсан хариу авсан юм. Нажиб Разакын тангараг нь Исламын шашны уламжлалт ёс боловч Малайзын шашны хуулинд тусгагдаагүй, албан бус үйл ажиллагаа юм байна.

Баасан гарагийн мөргөлд Нажибын эхнэр, охин хоёр нь хамт оролцжээ.

Э.Сэмүүн 

Эх сурвалж: South China Morning Post 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх