Х.Бадамсүрэн: Бид хамгийн багадаа 60 жил ашиглах нөөц илрүүлсэн

  • 0
  • 127
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Х.Бадамсүрэн: Бид хамгийн багадаа 60 жил ашиглах нөөц илрүүлсэн

 

Б.ТӨГС

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй оны онцлох аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “Entrepreneur-2019” ёслолын арга хэмжээг өнгөрсөн баасан гаригт зохион байгуулсан юм. 23 дахь жилдээ болж байгаа уг арга хэмжээний гол  зорилго нь бизнес эрхлэгчдийн тухайн оны ололт амжилтыг дүгнэн, дэмжиж, урамшуулах, олон нийтэд сурталчлан таниулахад оршдог. Шилдгийн шилдэг Гранпри шагналтан болон оны онцлох 10 аж ахуйн нэгж, салбар бүрийн онцлох бизнес эрхлэгчдийг танхимын тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр шалгаруулдаг уламжлалтай.

Тэгвэл 2019 оны шилдгийн шилдэг буюу Гранпри шагналын эзнээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шалгарлаа. Энэ сарын 14-нд 41 жилийнхээ ойг угтсан “Эрдэнэт үйлдвэр” энэ онд улсын төсөвт 930 гаруй тэрбум төгрөгийг төвлөрүүлж, техник технологийн олон шинэчлэлийг хийсэн амжилтаараа ийнхүү шалгарсан байна.

Шагнал гардуулах ёслолын үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Эрдэнэт үйлдвэрийн гол ажил бол үйлдвэрлэл талаасаа зэсийн хүдрийг олборлон боловсруулж, экспортын бүтээгдэхүүн болгон гаргадаг. Эцсийн дүндээ бид үндэсний баялаг бүтээж байгаа улс. Тэр утгаараа улс орон нутгийн төсөвт оруулж байгаа 930 орчим тэрбум төгрөг бол уурхайчид бидний бүтээж байгаа үндэсний баялаг юм. Бид сүүлийн гурван жилд геологи хайгуулынхаа ажилд онцгой анхаарал хандууллаа. Энэ хугацаанд 20 орчим сая ам.долларыг геологийн судалгаа болон бусад төрөл бүрийн ажилд зарцууллаа. Үүний үр дүнд бид үйлдвэрлэлийнхээ нөөц баялгийг 20 жилээр уртасгаж чадсан. Цаашдаа үйлдвэр маань буянтай уулаа түшиглээд наанадаж 60 жил ажиллах боломж нөхцөл ийнхүү бүрдэж байна” гэсэн юм.

Мөн тус үйлдвэрийн ерөнхий инженер Х.Батмөнх “Эрдэнэт үйлдвэрийн хамт олон жилээс жилд шинэ дээд амжилтуудыг тогтоосоор ирсэн. Энэ жилийн хувьд хүдэр олборлолтоо 37 сая, хүдэр боловсруулалтаа 32 сая тоннд хүргэснээр түүхэн дээд амжилтуудыг тогтоосон. Энэ амжилтаа дагаад манай үйлдвэрийн санхүү эдийн засгийн үзүүлэлтүүд ч мөн дээд амжилтыг тогтоож байгаа. Улс орон нутгийнхаа төсөвт 900 гаруй тэрбум төгрөгийн орлого оруулсан нь манай үйлдвэрийн түүхэн дэх 41 жилийн хугацааны түүхэн амжилт болоод байна” гэж онцолсон юм.

1978 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ашиглалтад орж, анхны зэс молибдены баяжмалаа экспортод гаргаж байв. 41 дэх жилийнхээ босгон дээр  тус үйлдвэрийн уурхайчид их бүтээн байгуулалтын хоёр дахь үеийг эхлүүлж, техник технологийн өөрчлөлт шинэчлэлийн олон ажлыг амжилттай амжуулсныг ойн хурлын үеэр онцолсон байдаг. Үр дүнтэй, оновчтой хөрөнгө оруулалт хийсний үр дүнд Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Авто тээврийн цех гэсэн үндсэн болон бусад үйлдвэрлэлийн цех нэгжид техник технологийн шинэчлэл хийж, ашиглалтад хүлээн авчээ. Мөн уулын тээврийн шинэ техникүүдийг  хүлээн авсан байна. Энэхүү хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын их ажлыг уурхайчид өөрсдийн өндөр мэдлэг чадвар, арвин арга туршлага, нарийн зохион байгуулалтын давуу хүчээр бүтээж чадсаныг ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцолж байсан юм. Тус үйлдвэрийн хамт олон энэ онд 420 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын шинэчлэл хийснээс 20 сая орчим ам.долларыг геологийн хайгуулын цогц ажилд зориулсны үр дүнд  Эрдэнэтийн овоо, ойр орчим дахь нөөцийг цаашид 60 жил ашиглах боломжтой гэдгийг тогтоосон. Мөн тус үйлдвэрийн  Геологи хайгуулын ангийг Геологи хайгуулын экспедиц болгон цар хүрээ, статусыг нь өргөжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх