Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав 10 сая ам.долларын авлига авсан байж болзошгүй

  • 0
  • 128
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Одоогоос нэг жилийн өмнө буюу 2018 оны арванхоёрдугаар сард Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг.

Учир нь “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд телевизийн ярилцлагад орох үеэрээ  “Тухайн үед их хэмжээний мөнгө Ерөнхий прокурорын төрсөн дүүгийн данс руу шилжсэн нь үнэн. Гэхдээ энэ хэрэг хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа учраас би дэлгэрэнгүй ярих боломжгүй. Х.Тэмүүжин сайдын суудлаас буух үедээ гаргасан баримт. Тухайн үед сөрөг хүчин байсан С.Бямбацогт над дээр ирээд үнэн юм уу, баримтуудаа надад өгчих гээд аваад явсан. Тэгээд л алга болсон. Мөн л тухайн үед МАН-ын генсек ирээд, үүнтэй тэмцэнэ, жагсана гээд л байсан. Бас л алга болсон” хэмээн ярьсан юм.

Улмаар 2019 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Д.Дорлигжавын гэрийг битүүмжлэн прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэг хийж, маргааш өглөө нь түүнийг төрсөн дүү Д.Баатарын хамтаар цагдан хорих тухай шүүхийн захирамж гарсан байдаг. Гэвч тэдний өмгөөлөгч Д.Оросоо, А.Ууганбаяр нар дээрх шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид үндэслэлгүйгээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан хэмээн гомдол гаргасан ч уг гомдлыг шүүх хүлээж аваагүй юм. Ингээд Д.Дорлигжав, Д.Баатар нар нэг сарын хугацаанд хоригдсоны эцэст батлан даалтад гарч, гадуур шалгагдаж байгаа ба өнөөдрийн байдлаар тэдний хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

Жил орчмын хугацаанд шалгагдаж буй энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд шинээр нотлох баримтууд гарч ирж байгаа талаар зарим эх сурвалж мэдээлж байна. Тухайлбал, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан Рекат Монголиа компанийн дансаар “Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболдоос дөрвөн сая ам.долларын авлига авч, түүнийг үл хөдлөх хөрөнгө хэлбэрт шилжүүлсэн болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн өгч, авалцсан авлигын хэмжээ дөрвөн сая ам.доллараар тогтохгүй гэх ба 10 сая ам.долларын асуудал яригдаж эхэлсэн тухай мэдээлэл байна.

Харин Д.Дорлигжавын өмгөөлөгч нарын зүгээс, Т.Ганболд “Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцохдоо олон хуудас материал авчирсан боловч ганцхан хуудас материалд тулгуурлан мэдээлэл өгсөн. Гэрээний нэгхэн зүйл, заалтыг баримтлан мэдээлэл өгөх нь зохимжгүй. Энэхүү хавтаст хэрэгт холбогдох гэрээ, холбогдох мэдээллийг бүрэн өгөх ёстой байсан” гэсэн юм. Мөн “2011.08.04-нд байгуулсан ерөнхий гэрээ, түүнтэй холбогдох захидал харилцаанд тулгуурлан үзвэл дээрх гэрээний үнийн дүн 18 сая ам.доллар биш. 23 сая ам.доллар болно. Энэ талаар манай үйлчлүүлэгч Д.Дорлигжав дэлгэрэнгүй тайлбарласан. Тэгэхээр хэн нь үнэн ярьж байгаа нь тодорхой болно. Одоогоор Д.Дорлигжавыг тухайн үед төрийн өндөр албан тушаал эрхэлж байсан учраас гэмт хэрэг дахин үйлдэж болзошгүй гэдэг үндэслэлээр цагдан хорьсон. Хууль хүнийг эрхэлж байсан ажлаар нь ялгаварлан харьцаж болохгүй” хэмээх тайлбарыг хийж байсан юм.

Б.Гантуяа  

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх