Гамшигт нэрвэгдсэн Австрали улсын ерөнхий сайд Хавайд амарч байгаад баригджээ

  • 0
  • 97
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Сүүлийн хоёр сар Австрали улс ойн түймэр, ган гачгийн гамшигт нэрвэгдээд байгаа. Энэ долоо хоногт тус улс түүхэндээ байгаагүй ихээр халсан бөгөөд агаарын халалтын дээд үзүүлэлтээ хоёр өдөр дараалан эвджээ.

Ийм хүнд хэцүү цаг үед Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон байна. Зарим хүмүүс түүнийг Хавайд амарч байгаа гэсэн цуурхал тарааж байв.

Сошиал сүлжээнд #WhereisScoMo, #WhereTheBloodyHellAreYou зэрэг хаштаг хүчтэй тархаж, иргэд нь ерөнхий сайдаа сураглаж эхэлжээ.

Засгийн газар нь Скотт Моррисоныг амрах цаг нь болсон гэж өмөөрсөн ч хаана байгааг нь нууцалж байв. Мөн Хавайд амарч байгаа гэх цуурхлыг няцааж байжээ.

Тэгвэл өнөөдөр өглөө Моррисон 2GB радиод ярилцлага өгөхдөө өөрийгөө гэр бүлийн хамт Хавайд байгааг баталсан байна. Тэрээр Австрали дахь нөхцөл байдлын талаар мэдээллийг байнга авч байгаагаа ярьжээ.

Моррисон өчигдөр болсон осолтой холбоотойгоор амралтаа эрт дуусган эх орондоо буцах гэж байгааг энэ үеэр мэдэгдсэн байна. Бас улс оронд нь хүнд хэцүү цаг үе тохиолдож байгаа энэ үед амралт авсныхаа төлөө иргэдээсээ уучлал гуйсан юм.

Өчигдөр буюу Пүрэв гарагт тус улсын Нью Соут Уэльс мужийн гал сөнөөх албаны хоёр ажилтан амиа алдсан байна. Тэд Сидней хотоос 100 км зайтай газарт гал унтраахаар ажиллаж байхдаа түймэрт шатаж унасан модонд машинтайгаа даруулж амь үрэгджээ. Ингэснээр түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо найм болж нэмэгдсэн юм.

Австраличууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд анхаарал тавихгүй байна гэж ерөнхий сайдаа шүүмжилж байна. Харин Скотт Моррисон дэлхийн нийт хүлэмжийн хийн үйлдвэрлэлийн ердөө 1.3 хувь Австрали улсаас гаралтай тул өнөөдрийн гамшгийг засгийн газрынхаа үйл ажиллагаатай холбоогүй гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ нүүрсээр баян Австрали улсын эрчим хүчний систем нүүрснээс өндөр хамааралтай бөгөөд нэг хүнд ноогдох хүлэмжийн хийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэгт тооцогддог ажээ.

Эх сурвалж: BBC

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх