АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим лхагва гарагт явуулсан санал хураалтаараа тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампыг “бүрэн эрхээ урвуулан ашигласан”, “Конгрессын мөрдөн шалгах ажилд саад учруулсан” гэсэн хоёр зүйлээр буруутган импичмент буюу итгэл үзүүлэх эсэх үйл явцыг эхлүүлэхийг дэмжлээ.
Санал хураалтын дүнгээс харахад Төлөөлөгчдийн танхимд олонхын суудал эзэлдэг Ардчилсан намын төлөөлөгчид импичментийг дэмжсэн санал өгсөн бол бүгд найрамдахчууд эсэргүүцсэн байна. Төлөөлөгчдийн танхимын 230 гишүүн Д.Трампыг эрхээ мэдлээ урвуулан ашигласан гэж буруутгахыг дэмжсэн бол 197 нь эсэргүүцэж, нэг гишүүн түдгэлзжээ. Харин Конгрессын мөрдөн шалгах ажилд саад учруулсан гэж буруутгахыг хууль тогтоогчдын 229 нь дэмжиж, 198 нь эсэргүүцэж, нэг гишүүн түдгэлзсэн санал өгсөн байна.
Одоо энэ асуудлыг Сенатын танхимаар хэлэлцэх бөгөөд АНУ-ын Дээд шүүхийн дарга удирдсан шүүх үйл явц болж хувирах юм. Гэхдээ Сенатын танхимд Д.Трампын эсрэг санал дэмжигдэх магадлал бараг байхгүй. Учир нь бүгд найрамдахчууд тус танхимд олонхын суудал эзэлдэг билээ.
Д.Трамп улс төрийн өрсөлдөгч Жо Байдены эсрэг мөрдөн шалгах ажлыг эхлүүлэхийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийгээс шаардан тус улсад үзүүлэх Конгрессын баталсан цэргийн тусламжийг хойшлуулсан гэж Ардчилсан намынхан мэдэгдэж байгаа юм. Ингэснээрээ тэрбээр Үндсэн хуулийг зөрчиж, бүрэн эрхээ урвуулан ашигласан гэж АНУ-ын Ерөнхийлөгчийг эсэргүүцэгчид үзэж байгаа ажээ. Харин Бүгд Найрамдах намын төлөөлөгчид үүнтэй санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Өөрт нь итгэл үзүүлэх эсэх оролдлогыг Д.Трамп шуламын ан гэж нэрлээд, хууль бус зүйл хийгээгүй бөгөөд Украины эрх баригчдаас зөвхөн авлигатай тэмцэхийг л шаардсан гэж мэдэгджээ.
Д.Жаргал