Автозамын ачаалал, түгжрэлтэй холбоотойгоор автомашиныг ачихдаа жолооч, эзэмшигчид дуулгахын оронд хэл амгүй, хаашаа ачиж буйг мэдээлдэггүй. Мөн эмнэлгийн гадаа байгаа болон зогсоол дээр байгаа машиныг ачдаг, хөндлөнгөөр нь ачиж буруу тээвэрлэдэг зэрэг зөрчилтэй холбоотой гомдол, санал иргэдээс нийслэлийн удирдлагад их ирэх болжээ. Энэ нь түгжрэлийг бууруулах үйлчилгээ гэхээсээ илүү замбараагүй, дураараа авирладаг үйлдэл болж буйг нийслэлийн Зам, тээвэр хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх ачилтын компанийн удирдлагуудтай өнөөдөр уулзах үеэр шүүмжлэв.
Тиймээс хууль дүрмийн дагуу, соёлтой үйлчлэхийг сануулж, иргэдийн эрх ашгийг хөндөн хохироож буй үйлдэл бүрийг тогтмол хянаж шалган, зөрчил гаргаж буй жолооч, ААН-д хариуцлага тооцон гэрээг цуцалж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл хариуцлага тооцон ажиллахаа нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Индра мэдэгдлээ. Тэрээр, ачигч компаниудын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан иргэнд хохирол учирсан бол нийслэлийн Авто замын хөгжлийн газрын утсаар болон цахим хуудсаар өргөдлөө гаргах боломжтойг хэллээ.
Жолооч, ачигч нарт автомашиныг ачихдаа иргэдийн эд хөрөнгийг гэмтээхгүй байх, дүүрэг дамжин ачихгүй байх, жолооч ачигч нарыг соёлтой үйлчлэх сургалтад хамруулах, цахим сүлжээ, хяналтын технологи ашиглах, автомашин ачихдаа эзэмшигч нарын гар утсанд мессеж илгээж мэдэгдэж байх, ачилт тээвэрлэлт дээр НӨАТ-ын баримт өгч байх зэрэг үйлчилгээгээ сайжруулж ажиллахыг ачигч ААН-үүдэд үүрэг болгов.
Уулзалтад Ачигч автомашинуудын нэгдсэн холбооны тэргүүн Б.Наранбаатар болон ачигч компаниудын төлөөлөл оролцлоо. Холбооны тэргүүн Б.Наранбаатар, Бид ачигч бүх автомашиныг хувийн болон баазын дугаартай болгосон. Одоо үүрэн телефоны оператор 4 компанийн төлөөлөлтэй ярилцаад тусгай дугаараар үйлчлэх гэрээ хийгээд байна. Программ хийлгээд холболтын ажил явагдаж байна. Ирэх долоо хоногоос иргэдийн автомашины цонхны шилэн дээрх утасны дугаар руу автоматаар мессеж очдог болно” гэдгийг мэдэгдлээ.
Нийслэл Улаанбаатар хотод 2016 оноос хойш нийт 19 ААН, байгууллага 6 дүүргийн нутаг дэвсгэрт ачилтын үйл ажиллагаа эрхэлж байсан. Өнгөрсөн хугацаанд шалгалт явуулж, 4 компанийн гэрээг цуцалжээ.