800 хужаа ба олон улсын тагнуулын сүлжээ- халуун усны хэрэг

  • 0
  • 108
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Дотоод яамны нууц архиваас

...Тус улсын дотоодыг хамгаалах газар өөрийн нутаг дэвсгэр дээр оршин суугаа хятадууд ялангуяа, ардын төр засгаас авч явуулсан арга хэмжээнд дургүйцдэг нөлөө бүхий данжаад нараар дамжуулан гадаадын тагнуулын байгууллагууд ажлаа идэвхтэй явуулж байгааг олж мэдээд олон жилийн турш эсэргүүцэн тагнах ажлыг зохиож байжээ. Энэ ажлын явцад уурын тэрэгний гараашийн дарга байсан хятад Ли Хай-Пин, Кузима гэж алдаршсан япон доктор Эр Дао болон 1922-1923 оноос эхлэн 1929 он хүртэл манай улсын эсрэг тагнуулын хэрэг үйлдсэн Жанчхүү хотын уурын тэрэгний хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Лю Сяо-Жу худалдааны ажлаар Улаанбаатарт ирээд тагнуулын сэжиг илрүүлсэн учир тус тус хөөн явуулсан байна.

Хятад жолооч нараар тагнуулын мэдээ дамжиж байгааг нотлохын тулд ДХГ-аас Бээжинд байсан Ванчинбогдод бичсэн захидлаа тэдэнд өгч явуулахад хүлээж авсан тухай хариу авсан явдал чухал арга хэмжээ болжээ. Түүнчлэн Хятадын байгууллагуудаас гадагш явуулсан буюу тэдэнд ирсэн бичиг баримт зохих хэмжээний дүгнэлт гаргах боломж бүрдүүлсний дээр 1935 оны 6 дугаар сарын 7-нд Улаанбаатар хотод тагнуулчин холбоочноор ирээд «Мэ-Чен» гэдэг хятад зурагчны газар хоргодож байсан хятад Го Гуй-Сыныг баривчлан нэгжихэд гадаадад явуулахаар бэлтгэсэн хүүхдийн резинэн тоглоом дотроос тагнуулын чанартай мэдээ олджээ.

Ийнхүү мэдээ, бусад баримтаас үзвэл БНМАУ-ын нутаг дэвсгэр дээр олон жилийн турш маш нууц байдалд ажиллаж буй Японы тагнуулчид байгаа нь илэрхий болов. 1901 оны орчим Хиагт хотод Хятадын цахилгаан мэдээний газар байгуулагджээ. Түүний Дарга Японд сургууль төгссөн япон, хятад, англи хэл мэддэг Чин, түшмэл Чен Хой-Зен нар байв. Тэд Чит, Удинск хотод сууж байсан япончуудтай нууц холбоотой байжээ. Түшмэл Чен Хой-Зен нь Орос, Японы байлдааны дараа тэндхийн эмийн санд ажиллаж байсан эмч Лин Тин-Линд Троицкосавск хотод байрладаг морин цэргийн ангийн байдлыг тодруулах, гадаад Монголд хаант засгийн нөлөө нэвтэрч байгаа тухай мэдээ цуглуулах үүрэг өгч байв. Тагнуулын чанартай мэдээнүүдийг цахилгаанаар Хятадын Тин-ий эзэнт улсын колонийн хэрэг эрхлэх газарт явуулж байжээ. 1920 онд Хятадын генерал Сюй Шү-Жан Монголд тогтоосон ноёрхлоо бататгахын тулд тус улсад ажиллаж байсан олон мянган хятад худалдаачны эрх ашгийг хамгаалах нэрээр «Худалдааны байгууллага буюу худалдаачдыг хамгаалах байгууллага»-ыг Хүрэээнд байгуулсан бөгөөд энэ байгууллага хэрэг дээрээ тагнуулын ажлыг явуулах зорилготой байжээ. 1924 онд хятадын цэргийн төлөөлөгч генерал Ван И-Шаны удирдлага туслалцаатайгаар Улаанбаатарт машины гарааш, буудал байгуулж, Хятадын үндэсний чөлөөлөх армид зэвсэг хэрэгсэл зөөвөрлөж байв. Энэ ажлын далимд Монгол-Зөвлөлтийн улс төрийн харилцааг тагнах ажлыг явуулж байж магадгүй гэсэн таамаглал байдаг.

Хятадын үндэсний чөлөөлөх армийн командлагч Фэн Юй-Сяний төлөөлөгчөөр Улаанбаатарт Чен Ю-Хуан гэгч ажиллаж байв.1927 онд түүний оронд Фэн Юй-Сяний штабын даргын тушаалтай байсан Чин хэмээх хүн иржээ. Чиний гэрээр Сун Сян-Лин, Ли Хай-Пин ба тэр үеийн цэргийн яамны бэлтгэлийн газрын механик байсан. Вай Хай-Лин нар үргэлж ирж очдог байжээ. Үүнээс үзвэл Чин зөвхөн зэвсэг ачуулахаас гадна өргөн хүрээтэй асуудал сонирхож байжээ. 1925-1926 онд хятад Ли Хай-Пин Улаанбаатарт Японы тагнуулын бүлгийг япон Кузимагийн дэмжлэгтэйгээр байгуулсан байна. Хүний эмч Кузима 1922-23 оноос 1930-31 он хүртэл БНМАУ-д Японы тагнуулаар ажиллаж байсан бөгөөд Хятадын пүүсүүдтэй холбоотой байв. Манайд тагнуул хийж байсан хятад Ли Хай-Пин 1929 онд, япон Кузима 1930 оны эхээр хөөгдөн явсан тухай дээр дурдсан. Ли Хай-Панийг Хятадад буцсаны дараа тагнуулын ажиллагааг ерөнхийд нь Сун Сян-Лин хариуцаж, түүний орлогчоор тагнуулын ажпыг санхүүжүүлж байсан Жан Ю-Мин, Лин Тин-Лин «эмч» ажиллаж байжээ.

Хятад эмч Лин Тин-Линий мэдүүлснээр «Урьд тагнуул хийхэд ганцаарддаг байсан бол 1925 оноос эхлэн тагнуулын ажил зохион байгуулалттай болсон. Хэрэв би урьд нь хятад түшмэдийн тушаалаар буюу буудан алуулахаас айж тагнуулын ажил хийдэг байсан бол 1925 оноос эхлэн сайн дураараа тодорхой чиглэлтэй ажиллах болсон. Урьд Хятадын засгийн газар болон Унгерний талд тагнуул хийдэг байсан бол 1925 оноос Японы ашиг тусын тулд хийх болсон» гэжээ.

Харин Сун Сян-Линий мэдүүлснээс үзвэл 1933 оны өвөл Жан Ю-Минээс «Энэ засаг байгуулагдсанаас хойш бидний Хятад улсын худалдааг устгаж, ганцхан Орос улстай худалдаа хийх болов. Иймийн учраас Жан Ю-Мин миний бие санал гаргаж, 1924 онд Фэн Юй-Сянийг Жанчхүүд байх үед хятад худалдааны зөвлөлөөр дамжуулан харилцаа тогтоосны дараа 1924 онд Улаанбаатар хотод анх эсэргүү тагнуулын бүлгэм байгуулсан. Тэр үед Орос улсын тусламжаар генерал Ван И-шанд (Фэн Юй-Сян) их зэвсэг тусалсан. Дараа нь Бээжин, Жанчхүүгийн хооронд том байлдаан болсон. Тэр байлдаанаар Ван И-Шан дийлдсэн учраас нааш зугтаж ирсэн. Ван И-Шан ба олон дарга нар нь Сономын пүүсэнд ирж уулзсан. Жан Ю-Мин миний биед тусгай заавар өгсөн. Түүнээс хойш Ван И-Шан Орос нутагт явж ирээд Хятадад буцсанаас хойш түүнийг ажил хэрэг муудсан учраас Жанчхүү хотод худалдааны зөвлөл ерөнхий газрын удирдлага өөр бодлоготой болсон. 1934 оны 8 дугаар сарын үед Япон улс Хятадын зүүн гурван мужийн газрыг эзлэн авсан. Тэр үеэс хойш Жанчхүү хот Японы тагнуулын төв болсон. Япон улстай анх 1933 онд холбоотой болсон. Япон улс бол генерал Ван И-Шаны бодлого, явуулгаас онц гүн бодлоготой байв. 

...Манай ерөнхий газар Япом улстай харилцаа байгуулснаас хойш ямар ч айх аюулгүй болсон. Япон улс бол бүх дэлхийг эзлэн авах төлөвлөгөөтэй. Тэр юуны өмнө Манжуур, гадаад, дотоод Монгол, мөн Хятадын хойд хэдэн мужийг эзлэх бодлоготой... Харин гадаад Монголыг эзлэхэд Манжуурыг авах шиг амархан байхгүй. Нэгдүгээрт, Монгол арван хэдэн жилийн дотор цэргийн талаар илт хүчтэй орон болсон, СССР улсын тусламжаар байлдааны сургууль, зэвсэг хүчээ ихээхэн сайжруулсан. Ялангуяа байлдах цаг тохиолдвол СССР улс ихээхэн тусламж үзүүлнэ. Иймд Гадаад Монголыг эзлэн авахад нэлээд ихээхэн хүчин гаргана. Хэдий тийм боловч бас Монгол улсын дотор эсэргүү хөдөлгөөн үүсэх цагт та нар мэдээг хэрхэн явуулахыг хичээх хэрэгтэй ...» гэжээ. Үүнээс үзэхэд тухайн тагнуулын бүлгэмийн чиглэл хэрхэн ямар учраас өөрчлөгдөж байсан нь тодорхой. Тагнуулын гол хүмүүс Сун Сян-Лин, Ли Тин-Лин нарын байдал тагнуулч хүний амьдрал ийм байх болов уу гэсэн сэтгэгдэл төрүүлдэг юм. Сун Сян-Лин 38 настай, МАХН-ын гишүүн, Монгол улсын харъяат, 1913 онд 15 настайдаа Монголд ирсэн. Хятад, монгол, орос хэл бичиг суралцаж, амьдрах хэрэгтэй гэсэн ёсоор Манжуураар хил нэвтэрч Сан бэйс (Баянтүмэн)-д ирээд орос Кузиновын пүүсэд 4 сар хар ажил, Бээжин Аюушийн пүүс (данжаад нь Ли Хай Пин)-д 2 жил тогооч, хөдөө гарч Далхаагийн Чагдарынд мал маллаж, тэдний охин Дулмаатай ханилж 2 жил орчим болоод Өлзийт суманд Аюушийн пүүсний салбарт худалдаа хийсэн. Гамин ирэхэд нуугдаж байгаад, Өлзийт суманд Дандарын Дуламсүрэнтэй ханилан сууж 2 жил болоод 2 хүүхэдтэй болсон байна. Дараа нь Хятадад биеэ эмчлүүлэхээр яваад 2 жил шахам гэртээ сууж 1927 онд Монголд  Дээд-Үд хотоор дамжин ирээд Улаанбаатар хотноо хятад гараашийн дарга байсан Ли Хай-Пин-тай уулзаж, хятад клубт илбэ гаргах ажил хийж, «лото» тоглоом гаргаж байжээ. Хожим нь Жанчхүү хотоос ирсэн машин буудаллах хятад гараашид ажилд орсон бөгөөд 1929 оноос Алтанбулагаас бензин тээж байсан. Энэ хүн тодорхой ажил мэргэжилгүй боловч юм бүгдийг хийж чаддаг байв. Хятад гараашийн дарга, машин засварын артелийн дарга, халуун усны газрын эрхлэгчээр ч ажиллаж байжээ.

Сун Сян-Лин мэдүүлэхдээ: «Жанчхүү хотноо очиход хотын албаны газраас намайг дуудаж «Чиний бие Монгол газраас ирсэн үү? Эв хамт намын гишүүн үү? хэмээн байцаахад нь би эв хамт намын гишүүн бус, Улаанбаатар хотоос гараашийн ажлаар ирсэн гэж мэдүүлсэн. Тэрхүү албаны газраас Монголын байдал Монгол улс хятад хүмүүсийг ямраар үздэг болон Улаанбаатар хотод орос хүмүүс олон буй эсэхийг баахан асууж байгаад намайг эв хамт намын гишүүн бус хэмээхийг баталсан урьд Улаанбаатарт сууж байсан хуучин таних Цо Чи-Жан, Ван Кю-Чюва нараар  даалган тэрхүү албаны газраас тавигдсан гэжээ.

Энэ бол шалгалтын хэлбэр байж болох юм. Дараа нь Жанчхүүгийн хятад худалдааны  зөвлөлийн даргын тушаалаар түүнийг хүндэтгэн Монгол улсын хязгаар хүртэл 4 цэрэг, нэг тасгийн дарга, эдгээр таван хүнээр харгалзуулан хүргүүлж ирсэн» гэж мэдүүлжээ. Сун Сян-Лин 1930 онд Хятадад очихдоо япончуудтай уулзаж байсан баримт байдаг ажээ.  Лин Тин-Лин 61 настай (1935 онд), Монголд 40 шахам жил суусан.Хүний эмч 1901 онд Японы тагнуул бөгөөд Хиагтын утасны хорооны түшмэл байсан хятад Чен Хой-Зөн гэгчтэй танилцаж, түүний даалгавраар тагнуулын мэдээ цуглуулж байжээ. 1911 оноос Чен Хой-Зений туслалцаатайгаар Хиагтын худалдааны газрын тэргүүлэгчээр сонгогджээ. 1920 онд тариачин ардыг хянан шалгах даалгаврыг далимдуулан нэлээд тариачны хөрөнгийг хурааж хувьдаа ашиглан заримыг гамин цэрэгт хооллож буудан алуулж байжээ. Бароны цэрэг Хүрээг эзлэн авч гамингийн үлдэгдэл цэргийг баривчлахад цагааны цэрэгт тусалж, мэдээ материал хураалгаж байв. Бароны дараагаар Хятадын худалдааны зөвлөлд 5 жил ажилласан байна. 1925 онд Улаанбаатарт байсан япон доктор Эр-Дао (Кузима)-тай танилцаж дотно холбоотой ажиллаж байжээ. Сен-Тун хэмээх хувь  нийлүүлсэн худалдааны газрын даргын орлогч, Хятадын худалдааны зөвлөлийн шалган байцаах комиссын гишүүн байв. Тагнуулын бүлгийг газар дээр нь удирдлагаар хангахын тулд гадаадаас туршлагатай тагнуулчид хил нэвтрэн орж ирж байсан байна. 1932 оны хавар Жанчхүүгийн хятад гараашийн дарга байсан Лю Ся-Жу хэмээх хүн бусад таван хүний хамт хятад бараа тээвэрлэн Монгол улсад худалдаалахаар ирж 14 хоноод Монголоос хөөгдөн гарч явжээ. Эд нар Жанчхүүгийн худалдааны зөвлөлөөс Улаанбаатарын зөвлөлд бичиг авчирсан байна. Энэ захидалд: Хүндэт Лю-гийн явсан нь анх удаагийн явдал бус бөгөөд гэвч одоо үеийн байдал, хууль дүрмийг мэдэхгүй тул оргодол цагаачин худалдаачин нарын хуучин удирдагч болох та нарт энэхүү захидлыг зориулан түүний биед тусламж үзүүлмүй хэмээн явуулав. Энэ хэргийг та нараас бүр эртээс хүссээр ирсэн болох тул та нар энэ хэргийг гүйцэтгэж чадах буй за хэмээн Жанчхүү дэх худалдааны газраас найдаж байна. Хүндэт Лю бол манай худалдааны газрын даалгавар заавраар Хүрээ хотноо очиж бүх зүйлийн тухай зөвлөх ба удирдлага өгөхөөр томилогдсон болох тул түүний биеийг та нараас тусгайлан хүндэтгэн үзвээс зохимой» гэжээ.

Сун Сян-Лингаас мэдүүлэхдээ: «Сономын пүүсийн данжаад Жан Ю-Минээс надад хэлж байсан нь: манай бүлгэмийн нэгэн сайн идэвхтэн гишүүн Цой Сыгийн бие бүх мэдээ илтгэлийг аваад 1933 онд нэг удаа явуулсан ба түүний хариу нууц захидал заавар ирсэн байна. Тэр ирсэн захидлын дотор манай бүлгэмийн ажлыг чанартай ажил явуулж чадсангүй. Энэ хэр унтаж байгаа юм байна. Иймд байгууллагын тэргүүлэгч Жан Ю-Мин өөрийн биеэр Монголын бүхий байдал, цэрэг зэвсгийн тоо бүртгэлийг хүртэл аваад ирсүгэй хэмээсэн байсан» гэжээ. Энэ мэтчилэн тагнуулын хүмүүс өөрсдөө хил давж гарах, гадаадаас хүмүүс хил нэвтрэн ирэх явдал нэлээд өргөн хэмжээтэй явагдаж байжээ. 1930 онд Сун Сян-Лин биечлэн Жанчхүүд очиж байжээ. 1931онд Цю Жин-Бу хил нэвтрэн ирж захидал авчирсан, 1932 онд Ли Хай-Чин захидал авчирсан. 1933 онд Лю Сяо-Жү захидал авчирч зааварчилга өгөөд тус тус буцжээ. 1934 онд Жан Ю-Мин өөрөө биечлэн Жанчхүүд очиж ажлаа танилцуулаад буцаж иржээ. Эдгээр баримт бол тагнуулын удирдах албаны хүмүүсийн харилцан ирж очиж байсныг гэрчилнэ. Хил нэвтрэх явдал чөлөөтэй, хятад худалдаачин, жолооч нар байнга нааш цааш явж байсан үед холбоо авалцах явдал чөлөөтэй байсан нь эргэлзээгүй.

Бээжин хотын худалдааны дээд сургуулийн санхүүгийн анги төгссөн бөгөөд Монголд 1929 онд ирсэн Хятадын худалдааны зөвлөл, хувь нийлүүлсэн Сен-тун нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, тагнуулын мэдээ материалыг боловсруулж байсан Ли Веай-Хуйгаас Монгол оронд ажиллаж байсан энэ тагнуулын бүлгийн гол зорилтыг тодорхойлон мэдүүлэхдээ: «Манай бүлгэм бол анх эхэлж байгуулагдсанаас хойш эдүгээ хүртэл 6 үндсэн зорилгыг өөрийн өмнө тавьсан:

1.Улаан өнгөтэй улс лугаа тэмцэх (Ардын засагтай улсыг хэлж байна);

2.Улаан өнгө үгүй улс лугаа эв найрамдлыг байгуулах (Хөрөнгөтний засагтай улсыг хэлж байна);

3.Тагнуулын ажлыг явуулах;

4.Гадаад Монгол лугаа хятадын худалдааны явдлыг хөгжүүлэх;

5.Гадаад Монголд сууж буй хятадын худалдааны данжаад нарыг хамгаалах;

6.Монгол улсад сууж буй Бээжин, Шанши мужийн хятадын хэсэг худалдааны данжаад нарын хоорондын тэмцлийг устгах явдал байсан» гэжээ.

Хятадын Нан-тун-хо пүүсний данжаад байсан бөгөөд худалдааны зөвлөлийн тэргүүлэгч, хувь нийлүүлсэн Сен-тун нийгэмлэгийн гадаадтай худалдаалах хэргийн төлөөлөгч Жан Ю-Мин: «Миний бие генерал Фэний Улаанбаатар дахь төлөөний хүн болох Жан Юй-Жунд 1925 онд тагнуулд элсэгдсэн. Миний үүрэг бол Монголын засгийн газраас явуулж буй арга хэмжээ, улс төр, худалдаа, үйлдвэрийн тухай, хүн амын соёлын түвшингийн талаар мэдээ хураах явдал байсан. Тагнуулын замаар хураасан бүх мэдээгээ генерал Фэний ардын армийн төлөөлөгчийн газар Жан Юй-Жунд өгдөг байсан» гээд цааш нь: «Худалдаа, үйлдвэр, хүн ардын санаа сэтгэл, армийн байдал, Монголын засгийн газрын бодлогын тухай, тухайлбал албан татварын бодлогын талаар мэдээ хураахад манай зорилго оршино. Манай эцсийн зорилго бол улс төрийн удирдлагыг өөрчлөх замаар хуучин журам, хуучин худалдааг сэргээх явдал юм» хэмээн өчиж байжээ. Үүнээс үзэхэд эхний үед гоминданы Хятадын эрж ашгийн төлөө байгаад сүүлдээ Японы эрх ашгийн төлөө ажиллах болсон бүлэг болох нь тодорхой байна.

...Хятад ба Монгол улсын хооронд худалдааны харилцаа нээх явдлыг чухал хэмээн бид нар үзэж буй...» гэж Жанчхүүгийн худалдааны газраас Хүрээлэн дэх худалдааны газрын дарга Жанд ирүүлсэн албан захидалд бичжээ. Эдгээрт хятадын худалдаачдын эдийн засгийн сонирхол, улс төрийн асуудалтай хэрхэн нягт хослон тавигдахын хамт Зөвлөлтийн эсрэг зорилготой болох нь тодорхой байна.

Хятад, Японы тагнуулын үйл ажиллагаа тун өвөрмөц зохион байгуулалттай, дорно дахины ажлын онцлог аргаар ажилладаг, худалдаа эдийн засаг, цэрэг, улс төрийн бүхий л салбарыг хамарсан шинжтэй. Хэд хэдэн улсын ашиг сонирхлыг хосолсон ажиллагаатай байсан бололтой. Жинхэнэ мэргэжлийн тагнуулчид цөөн, харин «харанхуй»-гаар болон итгэмжилсэн хэлбэрийг ашиглах явдлыг өргөн хэрэглэж байжээ. Холбоочин тагнуул Го Гуй-Сынийг баривчлахад олдсон, түүний авч явахаар бэлтгэж байсан гэх бичгээс үзвэл: «Үнэн зүйлийг хүндэтгэж, гадаад маягийг үл баримтлах, нэгэн ерөнхий бүлгэмээ зогсоож тархай болгох... Ийм учраас бид нар аливаа нэгэн тийм сайн хүн манай намын гишүүн юм хэмээн боддог үгүй болой. Харин чухам ямар ч аюул бүхий үед хэрэгтэй мэдээ өгч чадах тийм хүн манай тусад ажиллаж чадна. Энэхүү бодлогыг үндэс болгон баримталж бид нар гэртээ сууж байгаад найман жилийн дотор нэлээд үр ашигтай ололт олж байна. Нэгэн ерөнхий байгууллагыг зогсоож таранхай болгох хэмээснийг хэрхэн ухваас зохимой хэмээвээс олон хүний бууддаг бай мэт байж болохгүй. Харин өвсөн дотор нуусан тыква хэмээх төмс мэт байваас зохимой хэмээсэн болой. Энэхүү шугам бодлогыг мөрдөн явахад бид нарын хойноос арван нүдэн дагалдан тагнаваас арван гараар бид нар тийш зааж байсан ч айхгүй болой. Учир иймээс худалдааны газар нь тоглоом мэт байж болохгүй ба мөн хана хэрэм барьсан сүм хийд шиг байж огт болохгүй болой. Харин тэрхүү газар шургасан 2-3 танил хүн байвал тэдгээрээр дамжуулан бид нар өөрийн ажпыг гүйцэтгэж чадах бөгөөд тэд нар бол ажлыг гүйцэтгэхдээ бусдад үл мэдүүлэн амархнаар ярианы далимаар тоглоом шоглоом хийж байгаад гүйцэтгэж чадна» гэжээ. Мөн бичигт цааш бичихдээ: «...бидний зорилго туйлын тодорхой бөгөөд Совет улсын төгрөг (рубль)-үүд манай төмөр зүрхийг худалдан авч үл чадмой. Манай зориг хүсэл нэн хатуу түүнийг Дотоодыг хамгаалахын аюулт шорон ч эвдэж үл чадмой. Үүнд бид нар илээр ажиллах хэмээсэн бус бөгөөд учир нь хэрэв чингэж ажиллаваас бид нар өөрсдөдөө хор хөнөөл учруулах болно. Гагцхүү үүнээс болж бид нарын Монголд буй оргодлууд (цагаачид) Цан-Лин ба мөнгөний дархчууд их төлөв цохигдсон байна. Бусдад хариуцлага бүхий зүйлийг даалгаж огг болохгүй болой. Бид нар... өөрсдийн ажлыг хэрхэвч сул болгож болохгүй харин улам идэвхтэйгээр явуулан цаашид шинэ аргыгхэрэглэн ажиллах хэмээн зөвлөлдөн тогтжээ» гэсэн байна. Мөн үргэлжлүүлэн бичихдээ: Хүрээнд дотоодыг хамгаалахын тагнуулууд их олон бөгөөд багахан ч сэрэмжгүй явбаас бид нарт туйлын хүнд алагдах хүртэл тулгарах аюултай байна. Гэвч бид нар тэдгээр сургууль бүхий нохойнуудыг сүүлийн үед цөмийг мэдэх болсон бөгөөд тэд нарын ажилд саад учруулан цохихын төлөөнөө ард нийтийн дотор бид нараас зориуд илрүүлэн задруулж буй болой. Тэд нар бурхан ба гэгээн ч атугай бид нар тэднээс огт айхгүй. Хэрэв та нараас бидний ажпыг үнэлэх аваас нааш зааврыг ирүүлмүй» гэжээ. Бичигт цааш дурдахдаа: «Бусад хот газрын талаар хэлбээс... Бид нар хоорондоо элдэв будлианаас болгоомжлон тахиа жилийн хавар 3 сар (1933 он)-аас хойш тархан салж шар, морь, салхи гурав мэт хоорондоо ямар ч харилцаагүй...байна» гэж дурдсан байна. Үүнээс үзвэл тагнуулын үйл ажиллагааг нэгэн төвөөс удирдахгүй, байрлаж буй орон нутагтаа бие даан ажиллаж байсан бололтой. Бие биеэсээ сүрхий нууцлан байсан нь харагдаж байна. Хятад эмч Ли Тин-Линий хэлснээс үзвэл: «Тус бүлгэмийн гишүүд нь 1927 онд хоорондоо ажлаа хуваарилан авчээ.

Үүнд:

1.Ли Хай Пингийн бие бүх бүлгэмийн ажлыг толгойлон удирдахын хамтаар тээх нэвтрүүлэх ажлыг харъяалан байсан ялангуяа, элдэв хураасан тагнуулын мэдээ материалуудыг гадаадад явуулах арга нөхцөл бүхий бөгөөд Улаанбаатар-Жанчхүү хотуудын хооронд жин тээврийн ажлыг харъяалан байсан болой;

2.Сун Сян-Лин, ший кино, зургийн газруудаар далимдуулан Монголын ард нийтийн санал сэтгэлийг тодорхойлох даалгавар үүргийг хүлээсэн;

3.Жан Ю-Миний бие Иан Ту-Хо хэмээх пүүсийн эзэн хятадын худалдааны газрын тэргүүлэгч учир мөнхүү худалдааны газрын элдэв тагнуулын ажпыг эрхлэн явуулах, хятадын пүүсүүдийн байдлын тухай мэдээнүүдийг хурааж байсан;

4.Ли Тин-Лин миний бие тэр үед Юү-Пан-Ши хэмээх шашны бүлгэмд ажилтан байсан тул надад Маймаачин хотын элдэв мэдээ ба хятадын сүм хийдийн мэдээ хурааж байх даалгавар үүргийг ногдуулсан юм. Бүх хураасан зүйлийг Ли Хай-Пинд өгч байсан» гэжээ.

Хилийн цаана дамжуулж байсан тагнуулын мэдээний агуулгыг авч үзвэл:

1.Монгол Ард Улсын Засгийн газраас явуулж буй ажил явуулгын тухай;

2.Монгол Ард Улсын зэвсэгт хүчний тоо, зэвсгийн байрлалт, зохион байгуулалт болон байлдааны сэлбэг хэрэгсэл хэчнээн хугацаанд хүрэлцэх, бослогыг дэмжих хүн хэдэн хувь болох;

3.Хэчнээн тооны тээх агаарын онгоц, их буу, пулемёт, хуягт тэрэг, винтов буу зэрэг техникийн хүч;

4.Хэчнээн хугацааны дотор Монгол улс өөрийн цэргийг дайчилж чадах;

5.Уурын тэрэгний тоо, бензин тосны хангамж, жолоочийн тоо;

6.Ямар газар радио цахилгаан утас, телефон зэрэг зүйл буй;

7.Тус улсын хаагуур машинаар явж болох, тэндхийн гол ус, намгийг зургийн ёсоор тодорхойлох;

8.Тус улсын дотор зэвсэгт бослого гаргах явдалд тусламж үзүүлэх, засаг төрд дургүй лам нар, хуучин ноёд, түшмэдийг бүртгэх;

9.Тус улсын эдийн засаг, аж үйлдвэр, санхүү, мал аж ахуйд хийгээд улсын худалдааны явдал, орон сууцны байдал зэрэг зүйл хэрхэн хөгжиж буй. Элдэв мэргэжилтэй үндэсний шинэ хүчний тоо, Монгол улс өөрөө ямар таваар үйлдвэрлэдэг, гадаадаас авдаг, гадаадад гаргадаг барааны хэмжээ, алт, мөнгө, төмөр, тугалга, үнэ бүхий чулуу зэрэг зүйлийг хэрхэн ашиглаж буй.

10.Ард нийтийн улс төрийн зан байдал сайжирч, тоо нь үржиж буй эсэх тухай сэдэвтэй байжээ.

Хилийн чанадаас ч ийм даалгаврыг өгдөг байжээ. Сун Сян-Линээс Жанчхүүд авч очсон захидлын сэдвийг дэлгэрүүлж үзвэл:

«1.Тус Монголд эдийн засгийн тал туйлын муу, барааны талаар хангалтгүй, Хятадын бүх худалдааг хураасан. Урьд хэдэн зуун жилийн худалдаа болгосон их үндэстэй баян сайн сайхан пүүсүүдийг цөмийг хураасан. Энэ хураасан пүүсний болон Хятад улсын ерөнхий мөнгөний тоо худалдааны зөвлөлийн дансаар 30 000 000 төгрөгийн хөрөнгийг хураан авсан болой. Түүхий эдийг нааш гаргадаггүй болой. Дээр дурдсан төгрөгийн тоо бол зөвхөн Улаанбаатар хотын доторх худалдаа юм.

2.1930 онд Монгол улсын тээхийн хуучин машинуудыг худалдаж Орос улсаас шинэ машинуудыг авсан болой. Үүнд «Бенз» зэрэг маркийн бүгд 40 машиныг худалдан авсан боловч бас л тээврийн талаар туйлын муу дутагдалтай учир манай хятадын гараашаас үргэлжлэн машиныгхөлслөн авч байдаг амой. Монголын цэргийн гараашид шинэ хуучин «Доож», «Бенз» зэргийн цөөн машин байна. Цэргийн тээхийн талаар хүрэлцэхгүй учраас хятад гараашаас машиныг хэрэглэн баймой.

3.Монголын улаан цэрэг барагцаалан бодвол Улаанбаатар хотноо 3 мянга хэрийн баймой. Тэдний сургуулийг харж тагнавал төдийлөн сайн бус. Зэвсгийн талаар ихээхэн бөгөөд цэрэг тус бүр нэжгээд орос винтов, сэлэмтэй, их буу, пулемёх гар буу наган, хуягт, нисэх тэрэгзэрэг нэлээд буй.

4.Ард нийтийн саналын тухай Монголын засагт дүүрэн хангалттай бус нэн ялангуяа, лам нараас их дургүй болой» гэсэн агуулгатай. Ийм захидлыг хүргэж өгөөд хариу нууц захидлыг авч Улаанбаатарт ирсэн байна.

Жан Ю-Минээс 1934 онд гадаад Монголыг хянах товчооны дарга Ли У-Тайд БНМАУ-ын улс төрийн байдал, Засгийн газрын бодлого ардын армийн байлдааны чадвар, үйлдвэр, худалдаа тухайлбал, засгийн газраас гадаадынханд өсгөн нэмэгдүүлэх татвар ногдуулах бодлого явуулж буй тухай мэдээлж байжээ.

Жан Ю-Мин гадаад Монголыг хянах газрын даргад: «БНМАУ-ын дорнод хил тайван биш бөгөөд япончууд Халхын сүм, Буйр нуурыг эзлэн авсан. Одоогийн байдлаар зах зээлийн байдал муугүй харагдах боловч хүнсний барааны үнэ ялангуяа, хятад барааны үнэ их өндөр байна. Хүнсний бүтээгдэхүүн: хонины мах 1 жин 1 төгрөг 34 мөнгө, үхрийн мах 80 мөнгө орчим, шуудай 1 дүгээр гурил 37,6 төгрөг, 2 дугаар гурил 31,6 төгрөг болж байна. Улаанбаатарт түгшүүртэй хэвээр байгаа боловч хүмүүс тайван байна. Улаанбаатарт машины тоо цөөрсөн нь машины хагас цэргийг зөөвөрлөж байгаатай холбоотой гэсэн яриа байна. Хэдэн нисэх онгоц ирсэн. Нэг том нисэх онгоц 20 илүү хүн тээвэрлэх боломжтой юм» гэсэн мэдээг Го Гуйсынээр явуулахаар бэлтгэж байжээ. 1934 онд Жанчхүү хот дахь худалдааны зөвлөлийн даргад «Монголын улаан армийн цэргийн гуравны хоёр нь дорнод хил дээр байгаа, харин Улаанбаатарт бүх төрлийн цэрэг 4500-5000 шахам байна. Дорноговь аймгийн хил дээр хилийн харуулын албаныхныг оролцуулахгүйгээр 300 рчим хүн байна» гэж Жан Ю-Мин мэдээлж байсан байна. Мөн резин тоглоомд нуусан бичигт: «Дорно зүгт Монгол Манжуур хоёрын хооронд будлиан болсноос хойш цэрэг нь хэзээ ч бэлэн байдалтай болсон бөгөөд цэрэг ба цэргийн ачаа Улаанбаатараас үргэлж Сан бэйс «Баянтүмэн» тийш явж байна. Олон нийт сандраан цочиж буцалж буй усан долгилж байна. Нэгэн жишээг хэлбээс Хүрээ (Улаанбаатар).-нд морин цэргийг урьдынхаас гуравны хоёр хувь нэмэгдүүлсэн байна. Худалдааны бараа зүйлийн үнэ нь гаднаас үзэхэд хуучин хэвээр буй мэт боловч үнэндээ аливаа худалдааны явдал ихээхэн хямралыг үзэж бүр муудаж байна.

Ирээдүй цагийг мэдэж хол хардаг зарим манай төрлийн хүмүүс (хятад нар) орон нутагтаа буцсан. Хүрээ хотноо байлдааны байдалтай болсоор таван сар болж буй бөгөөд иймээс Засгийн газрын толгой мэт ийм нэр хүнд бүхий хүн өөрийн дураар чөлөөтэйгээр дуртай ажлаа явуулж чадах эрхгүй болоод байна. Ерөнхий сайд мэтийн тийм чухал хүн ч атугай хүйтэнд даарсан шувуу мэт амаа ангайж үнэн зүйлийг хэлэхээс айж байна.

Гагцхүү баривчлагдахаас айж ихэнх нь хувьсгалч үг хэлж явдаг цөөн тооны намын гишүүдээс бусад ард нийтийн санаа сэтгэл улаанд туйлын дургүй болсон бөгөөд ялангуяа, лам нар улаанд даанч дургүй бөгөөд хэрэв тохиромжтой цаг үес тохиолдож багахан хөдөлгөөн гарваас эсэргүү бослого гаргах нь гүйцэд боловсорсон байна. Бослого гарах үед монгол ба хятад нар нь эсэргүцэн босогч нарыг ихээхэн сайнаар хоол хүнстэй (талх, давс) угтах биз хэмээн санагдана. Тэд нар нь одоо тэрхүү бослого гарах үеийг ихээхэн хүсэж хүлээж ядаж байна. Бид нарт сайн тохиромжтой цаг үес ирж буй бөгөөд ер байдал өдөр ирэх тутам улам муудаж байна. Их өргөн бөгөөд баялаг Монгол орон нь өмхий Оросын гарт бүрмөсөн оржээ» гэж дурдаад хилийн чанадад явуулахаар бэлтгэж байжээ.Энэ бүхнээс үзэхэд Монголын эдийн засаг, хүмүүсийн санаа сэтгэл, улс төр, цэргийн чанартай мэдээнүүдийг тагнуулчид үнэхээр сонирхож, цугларуулан дамжуулж байсан нь тодорхой харагдаж байна. Хятадын худалдааны зөвлөлөөр халхавчлан тагнуулын ажиллагаа үйлдэж байсан Сун Сян-Лин, Жан Ю-Мин, Ли Тин-Лин нарын 23 хятад иргэнийг Дотоодыг хамгаалах Газар 1935 оны дөрөвдүгээр сараас арван хоёрдугаар сар хүртэл баривчлан мөрдөн байцааснаар хэрэг нь улам тодорхой болжээ. Энэ бүлгэмийн үндсэн зорилгыг ялын төлөвлөгөөнд тодорхойлохдоо: «Монголын ардын хувьсгалт засгийг устган унагаж, Японы эзэрхэг түрэмгий нарын тусламжаар мөнхүү Японыг түшиглэсэн хуучны засаг төрийг босгож, Монгол Ард Улсын тусгаар тогтносон байдлыг устган Японы колони болгох зорилготой байсан болой» гэж тэмдэглэжээ. Энэ хэргийг Сун Сян-Линий ажиллаж байсан газрын нэрээр «Халуун усны хэрэг» гэж түүхэнд нэрлэжээ. Хэргийг мөрдөн байцаах ажлыг ДХГ-ын боловсронгуй төлөөлөгч Саньковский, Кибальчик, төлөөлөгч Пүрэвдорж, Хаймчиг, Дэмбэрэлсүрэн, Жамсранжав, Төмөрдөш, Долгоржав, Бадам, тасгийн дарга Хас-Очир нар гүйцэтгэжээ. Ялын төлөвлөгөөг ДХГ-ын тусгай хэлтсийн дарга Н.Насантогтох, тасгийн дарга Г.Хас-Очир нар зөвшөөрч, ДХГ-ын дарга Д.Намсрай баталсан байна. 1936 оны 4 дүгээр сард Дотоод явдлын Яамны тусгай комиссоос тэдгээр 25 хятад иргэнд БНМАУ-ын шүүх цаазны бичгийн 43,44,45 дугаар зүйлүүдийг баримтлан ял ногдуулж. 8 хүнийг буудан алах, 5 хүнийг 10 жил, 6 хүнийг 8 жил, 6 хүнийг 5 жил хорихоор шийтгэсэн байна. Энэ ял шийтгэлийг Улсын Бага хурал баталж хүчин төгөлдөр болгожээ. 

Судлаач Банзрагчийн “Түмний хараанаас мултраагүй” номноос...

Эх сурвалж: Хөх Толбо сонин

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх