Хариуцлагатай уул уурхай гэдэг Монгол Улс ардчилалтай байх эсэх тухай асуудал юм

  • 0
  • 116
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Монгол Улс газар зүйн онцлогоороо их хөөрхийлөлтэй. Дэлхий дээр хоёрхон супер хөрштэй ийм орон үгүй. Юу үнэн гэвэл бусад бүх орнууд биднээс хол юм. Тэд бидэн дээр ирэх замд үйлдвэрлэгч хятадууд, газрын тос, хийн баялаг нөөцтэй оросууд тээглэдэг. Гутлын үйлдвэр ашигтай ажиллахгүй байгаа нь, бензины үнэ өндөр байдгийн учир нь, энэ. Манай улсын гадагш нь гаргаж мөнгө олж болох ганц зүйл байгалийн баялаг болчхоод байгаа юм. Тиймээс бид өнөөхөндөө малаа маллаад байж байхад өлсөхгүй боловч хөгжиж дэвжие, хорвоогийн хүн ардтай урд, хойноо ороод явъя гэвэл уул уурхайгаа түшиглэхээс аргагүй. Мөнгөтэй болж байж бусадтай өрсөлдөх боломжоо нэмэгдүүлнэ гэсэн санаа.

Харин уул уурхайгаа хариуцлагатай хөгжүүлж чадаж байна уу. Өнгөрсөн хугацаанд бид байгалийн баялагтаа найдаж байсан ч эргээд харахад лицензийн наймаа задгайрч, төрийн албаны авлига, хээл хахуулийг гааруулжээ. Хуулийн байгууллагад шалгуулж байгаа төрийн өндөр албан тушаал хашиж явсан хүмүүсээ харахад л ойлгомжтой шүү дээ. Энэ алдаа завхралыг улстөрчид, намууд өөр өөрийнхөөрөө тайлбарладаг. Тухайлбал, МАХН-ын яриад байдаг “МАНАН”, Н.Алтанхуягийн хэлээд байдаг “хонгил”, Х.Баттулга Ерөнхийлөгчийн ярьдаг байсан “Нүүрсчдийн нам”, З.Энхболдын “30 гэр бүл” бүгд угтаа нэг зүйлийг олон талаас нь хэлсэн хэлбэр. Харин хэн яг хариуцлагатайгаар юу хийв гээд бодоход байхгүйтэй ижил. Ердөө л “Бидэнд юу ч оногдсонгүй”, “Тэд баяжиж, бид хоосорлоо” гэсэн өнцгөөр хандаж иржээ. Улстөрчид нийгмийн аль болохгүй байгаа сэдвийг барьж аваад өрсөлдөгчдөө намнадаг ч хэзээнийх л дээ. Дундуур нь уул уурхайтай тэмцэх нэрээр рэкет хийж мөнгөжих гэсэн түр зуурын хөдөлгөөнүүд ч төрсөн. Энэ бүх холион бантан эцэстээ “Ерөөсөө энэ уул уурхай чинь сүйрүүлж дууслаа” эсвэл “Байгалийн баялгаа худалдахгүйгээр бид амьдрахгүй шүү” гэсэн хоёр логикийн тулаан хэлбэрээр архагшаад таг зогсох шахав.

Цаана нь юу үлдсэн гэхээр эрх мэдэлтэй, мөнгөтэй хэн бүхэн төрөөс авсан лицензээрээ түрэмгийлж эхийн мөөм шиг уулсыг буулгаж, нутгийн малчдын нулимсан дунд мөнгө олохоор улайрсан явдал юм. Булаг шанд, гол горхи ширгэж, уул нурж, тал тоосонд булагдах нь эгээ л ардын үлгэрийн атгаалжин мангас дайраад өнгөрсөн мэт. Харин өнгөрсөн хавраас эхэлсэн МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярын удирдсан “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” хөдөлгөөний явуулж үр дүнд хүрсэн үйл ажиллагаа хариуцлагатай уул уурхайг шаардаж болох юм байна гэсэн итгэл төрүүллээ. Энэ бол лиценз луйвардаж аваад, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, улс төрийн гүн ашиг сонирхол шингэсэн уурхайг ялсан анхны тохиолдол байх шүү. Тэд их говийн үзэсгэлэнт, ховор амьтдын өлгий Тост Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Сауд гоби коэл транс” компанийн байгальд учруулж байгаа зүй бус хор хөнөөл, хуулийг гууль болгож завхруулсан асуудлыг нотолж, илчилж чадсан юм. Хурал зөвлөгөөн олныг зохион байгуулсан. Гэхдээ тэглээ гээд өнөөдрийн манайх шиг улсад бол юу ч биш юм билээ. “Тэр муу Тост уул чинь тээр тэнд байгаа” гээд Тостын нурууг дэрлэсэн уурхайн аман дээрээ ташаагаа тулаад зогсож байгаа зандалчин шиг хүнийг сурвалжлагаар явахдаа харж л байлаа. Сүүлд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож сайд нар, хуулийн байгууллагын удирдлагаа цуглуулаад “Монгол төрд байгаа зарим нэг хүмүүс уул, ус хилэгнүүлж, ард түмнийг уйлуулж байна. Ард түмэн газраа ухуулахгүй гэж байхад яагаад энэ газрыг ухаад байгаа юм бэ. Үүнийг анхнаасаа хууль зөрчиж олгосон гэж ойлгож байгаа. Үүнтэй нэр холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд би хэд хэдэн удаа анхааруулж хэлсэн. Уул уурхайг зогсоохын төлөө тэмцэхэд 3-5 сая төгрөгөөр амыг нь барих гэж оролдсон гэж Гурвантэс сумын иргэн ярьж байна. Нүдэн дээр чинь авлигын хэрэг явагдаад байхад яагаад шалгахгүй байгаа юм, цагдаагийн дарга аа. “Сауд гоби коэл транс”-ийн зөвшөөрлийг хуурамчаар олгосон байна. Үүнийг хэрэг үүсгэж шалга. Шударга ёсыг тогтоож, энэ ашигт малтмалын лицензийг цуцлах ёстой. Энэ ажлыг хийж чадахгүй бол та нар ажлаа өг” гэж байж нэг хөдөлцгөөсөн дөө.

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” хөдөлгөөнийхөн ингээд зогссонгүй. “Эрс шинэчлэл”, “Босоо хөх монгол” хөдөлгөөнүүдтэй хамтран 12 мянган км зам туулж, 21 аймагт 35 хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Харин үйл ажиллагааны үр дүнгээ нэгтгэн дүгнэх “Байгаль эх, хариуцлагатай уул уурхай” үндэсний чуулганыг маргааш Төрийн ордны их танхимд зохион байгуулахаар товложээ. Уг хэлэлцүүлгийн зорилго нь Монгол орныхоо байгалийг хайрлан хамгаалах, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, хуулийг сахин биелүүлэх, уул уурхайн сөрөг нөлөөллөөс иргэд, орон нутгийг хамгаалах, уул уурхайн компаниудын хариуцлагыг өндөржүүлэх зорилготой аж. Мөн үндэсний хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн шаардлага, аймаг тус бүрээс ирүүлсэн цуцлах саналтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн жагсаалт, төрийн бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүсэлт шаардлагыг нэгтгэн хэлэлцэж, Монгол Улсын төрөөс уул уурхайн салбарт баримтлах бодлогод хийх зайлшгүй шаардлагатай өөрчлөлт шинэчлэлтийн талаарх зөвлөмж, шаардлагыг төрд уламжлах юм байна.

Энэ бол уул уурхай болгоныг үзэн ядах тухай асуудал биш юм. Харин уул уурхайг түшиглэж улс орон хөгжих гэж байгаа бол стратегийн гэх ордуудаа бодлогоор удирдах, лицензийг зүй бусаар олгохгүй байх тухай ойлголт. Хамгийн гол нь уул уурхайгаас урьтаж онгон дагшин газар нутаг, тэнд байгаа ховордсон ан амьтнаа, олон зуунаар амьдарч ирсэн малчин ард түмнээ хамгаалах уриа дуудлага гэж ойлгогдож байна. Тийм болохоор хэлэлцүүлэгт оролцохыг уриалж байгаа юм. Байгалийн баялгаа хариуцлагатай ашиглах асуудал зөвхөн малчин, уурхайчдынх биш л дээ. Хотод суугаа би, гадаадад амьдарч яваа танд ер нь бүгдэд нь хамаатай. Учир нь энэ явсаар Монгол Улсын ардчилал, туурга тусгаар байдалтай холбогдоно. Төрийн нэр хүнд өнөөдөр тааруухан байна. Ийм болох эхний давалгаа нь хувьчлалаас эхтэй. Нийгэм шилжихтэй холбогдсон ажиллагааг хийхдээ мэдээлэлд ойр хэн юуг завшсан, төрийн өмчийг үнэгүйдүүлж авсныг бид бараг бүгдээрээ мэддэг. Тийм болохоор монголчууд хулгайч, дээрэмчид төр барьж байна гэж жигшдэг юм. Харин хоёр дахь төрийн нэрийг унагасан, баян хоосныг гааруулсан увайгүй давлагаа нь илүү харгис ирлээ. Байгаль орчныг зүй бусаар сүйтгэж нөхөн сэргээлт хийлгүй галзуурч, лиценз танил талтай хүмүүсийн цүнхийг дамжиж авлигыг хөөсрүүлснээс харж болно. Хэрвээ өнөөдөр үүнийг засахгүй бол иргэдийн төрд итгэх бүрэн алдрах нь. Европ, Азийн бусад пост коммунист улс орнуудтай харьцуулахад Монгол бол ардчилсан улс. Наад зах нь бид улс төрийн сонгууль явуулж чадаж байгаа. Бусад намууд нөгөөгийнхөө ялалтыг хүлээн зөвшөөрч төрийн эрхийг хүлээлгэн өгч байна. Гэвч ардчилалд итгэх итгэлээ алдсан олон хүн бий болжээ. Тэд “Хулгайч луйварчид нь дарангуйлж байхад юугаараа сайхан юм бэ. Түүний оронд нэг хатуу гар хэрэгтэй биш юм уу” гэж ам асууж байгаа. Үнэн шүү дээ. Ийм олон луйварчин тэжээснээс нэг мангастай байх дээр санагдана. Уг нь хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж чадвал лиценз тойрсон авлига, хээл хахууль алга болно. Төрийн албан тушаалтнуудын хэн нь, хэн бэ гэдгийг таньж нэлд нь муугаар хардаг байдал арилна.

Ингэж болох юм байна гэдгийг Тост Тосонбумбад “Сауд гоби коэл транс”-тай хийсэн “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”-ынхан харууллаа. Цэгцэндээ орж чадвал Монголын ард түмний оюун санаа үүнийг дагаад их өөр болно шүү. Тэгэхээр хариуцлагагүй уул уурхай бол Монголын ардчилалд тулгарч байгаа сорилт юм. Ардчилсан нийгэм өөртөө тулгарсан аливаа асуудлыг хэлэлцэж шийддэг чаддаг давуу талтай. Үүнийг хэрхэн давж гарахаас монголчуудын хувь заяа шалтгаална. Тиймээс энэ бид бүгдийн асуудал билээ. Хэлэлцүүлэгт очоорой, хэлж яриарай гээд уриалж байгаа шалтгаан ердөө, энэ.

Ж.Баярсайхан 

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх