Конгын уурхайд амиа алдсан хүүхдүүдийн ар гэрийнхэн Apple, Google зэрэг компанийг шүүхэд өгчээ

  • 0
  • 97
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Гар утас, зөөврийн компьютер, цахилгаан автомашины батарей үйлдвэрлэхэд ашигладаг түүхий эд кобальтыг олборлох ажил хийж яваад осолдож амиа алдсан Африкийн Конго улсын хүүхдүүдийн ар гэрийнхэн АНУ-ын технологийн томоохон компаниудыг шүүхэд өгчээ.

Конгын 14 гэр бүлийн өмнөөс хүний эрхийн International Rights Advocates байгууллага Apple, Google, Dell, Microsoft, Tesla зэрэг компаниудын эсрэг Вашингтон ДС хотын шүүхэд гомдол гаргасан байна.

Дээрх компаниуд бүтээгдэхүүнийхээ гол түүхий эдийг Конгын Ардчилсан БНУ дахь уурхайнуудаас авдаг. Энд хөдөлмөрийн аюулгүй байдалд маш муугаас гадна хүүхдүүдийг хямд зардлаар ажиллуулдаг ажээ.

Хүүхдээ алдсан гэр бүлүүд, бэртэж гэмтсэн хүүхдүүд хууль бус аргаар олборлосон түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, их хэмжээний ашиг орлого олж байгаа компаниудаас хохирлоо нэхэмжилж байгаа юм байна.

Энэ нь анх удаа түүхий эд олборлолттой холбоотой хохирогчид технологийн аварга компаниудыг шүүхэд өгсөн тохиолдол юм.

Кобальт нь олон дахин цэнэглэгддэг lithium батарейны гол түүхий эд. Энэ түүхий эдийн эрэлт сүүлийн таван жилийн хугацаанд гурав дахин нэмэгджээ.

Өндөр технологид ашигладаг кобальтын 60 орчим хувийг дэлхийн хамгийн ядуу буурай, дайн самуунтай Конго улсаас нийлүүлдэг байна. 

Технологийн компаниудаас гадна Конгод олборлолт явуулдаг Их Британийн уул уурхайн Glencore компанийг бас шүүхэд дууджээ.

Glencore компанийн Конгод эзэмшдэг уурхайнуудаас олборлосон кобальтыг Брюссельд төвтэй Umicore металлын арилжааны компани худалдан авч, цааш Apple, Google, Tesla, Microsoft, Dell компаниудад зардаг гэнэ.

Мөн хохирогчид Конгод үйл ажиллагаа явуулдаг Хятадын Зэжянь Хуаюү Кобальт компанийн эсрэг гомдол гаргажээ. Конгын хүүхдүүд кобальтын уурхайд маш хүнд хэцүү, амь насанд аюултай ажлыг өдрийн $2 орчмоор гүйцэтгэдэг байна.

Энд ажилласан хүүхдүүд хонгилд дарагдаж амиа алдахаас гадна ослын улмаас насан туршдаа зэрэмдэг болдог ажээ.

Эх сурвалж: The Guardian

Э.СЭМҮҮН, IKON.MN

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх