Сонгуулийн үеэр “царцааны нүүдэл”-ийг хуулиар зогсооно

  • 0
  • 92
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
  • /

    Нэг хаяг дээр 30-40 сонгогч бүртгэж, төрийн эрхийг хууль бусаар авахыг оролддог байна
  • Иргэний хаяг дээр зөвшөөрөлгүйгээр бүртгэгдсэн хүнийг сонгуульд санал өгөх эрхийг нь хаах замаар Царцааны нүүдэл-ийг арилгах зохицуулалтыг оруулах боломжтой

Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгардаг асуудлын талаар мэргэжлийн байгууллагууд хэлэлцлээ

Сонгууль бүрээр хамгийн их маргаан дагуулдаг асуудал нь хаягжилт. Тухайлбал, нэг хаяг дээр давхар бүртгэл хийгдэж, сонгуулийн үр дүнд нөлөөлөх зорилгоор “царцааны нүүдлийг” улстөрчид зохион байгуулдаг. Өнгөрсөн сонгуулиар олон зуун хүнтэй аж ахуйн нэгжийн эзэд өөрсдийн дэвшсэн аймаг руу хэд хэдэн автобус дүүрэн хүн зөөж, сонгуульд оролцуулсан гэх маргаан үүсч байсан. Тиймээс УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа энэ цаг үед шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулах ёстой гэж зохион байгуулагчид үзжээ. 2013-2017 онд 21 аймгийн 330 сумын хэмжээнд нийт 23124 гэр хорооллын гудамж, 316199 хашаа, 23732 байшинг хаягжуулжээ. Харин нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийт 10071 гэр хорооллын гудамж, 280332 хашаа, 89188 байшинг хуулийн дагуу дугаарлаж, хаяг нэр өгч, хаягийн зураг зохион, мэдээллийн санг үүсгэсэн. Энэ мэдээллийн санг үндэслэн аймаг, нийслэлийн удирдлагууд өөрсдөө санхүүгийн асуудлаа шийдэж тэмдэгжүүлэх ёстой. Гэтэл энэ ажил бүрэн хийгдэлгүй, эрээвэр хураавар болсон байна. Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн автоматжуулсан системийн тоног төхөөрөмжийн техникийн суурь шалгалт, засвар үйлчилгээг тогтмол хийж байгаа. Санал тоолох төхөөрөмжийг хадгалж буй агуулах болон серверийн аюулгүй байдлыг хангах ажлыг график, төлөвлөгөөний дагуу хийж байна гэж тус хорооны Ажлын албаны дарга Б.Баяндүүрэн хэлсэн юм. УИХ-ын 2020 оны сонгуулийн төсөвт 20.5 тэрбум төгрөг, орон нутгийн сонгуульд 16.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэвч саналын хуудасны, техник худалдан авах болон гадаад улсад байгаа сонгогчийн санал авах зэргээр зардал өсөхөөр байгаа аж. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, “Сонгуультай холбоотойгоор маргаан дагуулдаг байсан саналын хуудас тоолох, иргэдийн бүртгэлийн асуудлыг шийдвэрлэж чадсан. Одоо хаягжуулалтыг цэгцлэх ёстой. Нэг хаяг дээр 30-40 сонгогч бүртгэж, төрийн эрхийг хууль бусаар авахыг оролддог байдлыг Сонгуулийн тухай хуулиар зогсоох бололцоотой. Иргэний хаяг дээр зөвшөөрөлгүйгээр бүртгэгдсэн хүнийг сонгуульд санал өгөх эрхийг нь хаах замаар “царцааны нүүдэл”-ийг арилгах зохицуулалтыг оруулах боломжтой. Төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо хангалтгүй байна. Асуудал тулгарахаас өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах шаардлагатай учраас Төрийн байгуулалтын байнгын хорооноос Засгийн газар болон холбогдох байгууллагуудад чиглэл өгнө” хэмээв. 

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх