Шагналын шалбааг

  • 0
  • 120
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Шагналын шалбааг

 

Ээ төрийн минь сүлд. Хуучин цагт төрийн одон медаль гэдэг жинхэнэ эзнээ олж, хүнээ онодог байж. Шагнал, тэр дундаа төрийн одон медалийн нэр хүнд тэр хэрээр мөн ч өндөрт мандаж байв. Харин одоо ч мэдэхгүй ээ хөөрхий. Ямартаа л нүдээ олсон, "сохолсон” олон шагналыг өхөөрдөж "шагналын хур” буулаа гэж ирээд л хөөрхөн цагаатгадаг зуршил тогтож. Харин тэрхүү” шагналын хур”” гээчид нь оногдож норно гэдэг овсгоо самбааны төдийгүй, улс төрийн харъяалал гишүүнчлэлийн хэрэг болоод удаж байна. МАН-ын угшилтай Ерөнхийлөгчийн үед тэр намынхан одон зүүн малилзаж, АН-ын гаралтай Ерөнхийлөгчийн үед аанай харин АН-ынхан энгэр цоолон бужигналдах. Түүнээс биш урьдынх шиг хүний хөдөлмөр зүтгэл, байгуулсан гавьяа зүтгэл одон медаль хүртэхэд огтхон ч хамаагүй болсон бололтой дог. Саяхан АН-ын харъяалалтай эрхэм гишүүд тойрогтоо ажиллаж баахан одон медаль тараасан сурагтай. Чингэхдээ Алтан гадасыг шуудайлж очоод бараг АН гэж боргодог нохойны хүзүүнд мөнөөхөө зүүж өгсөн гэх. Толгойтой болгон нь шахуу Алтан гадас зүүсэн тэр тойргийнхон азтай ч юм шиг, төрийн одонгийн нэр хүндийг гутлын түрийнд хавчуулагдтал унагааж "Алцан гудас” болтол балласан увайгүй үйлдлийг нь бодохоор уур хүрмээр ч юм шиг. Тэр жил Булган аймгаас сонгогдож УИХ-д орж Боловсролын сайд болсон эрхэм тойрогтоо ажиллаж байхдаа –За танай суманд Боловсролын тэргүүний ажилтан авах хүн байна уу? гэсэн чинь –Байхгүй ээ. Галч манаач, үйлчлэгч жижүүр гээд бүгд авсан шүү дээ хэмээн бултаараа хариулсан онигоо шиг явдал одоо ч бүр төрийн одон медаль олгох шалгуур дээр өдөр тутмын хэрэг болсон аж. "Шагналын хур” гээч шидэт бороо нь АН-ын Ерөнхийлөгчийн үед АН-ынхан дээр асгарч, МАН-ын Ерөнхийлөгчийн үед МАН-ынхан дээр зүсрэнэ. Одонгоор хүртэл ард түмнээ алагчилж, намаар нь ялгаварласан Ерөнхийлөгч гуай минь яаж ч өөрийгөө "ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч” гэж бодож чаддаг юм бол доо зайлуул. Харин ч одонгоор олон түмнийг талцуулж, шагналын нэр хүндийг ”шалбааг” болтол нь баллаж байгаа нь үнэн юм даг. Манайд "одон медалийн авлига” гээч онцгой шинэ төрөл зүйл бий болоод цөөнгүй жилийг үджээ. Юу ч хийгээгүй байхад нь дуудаж авчраад энгэрт нь одон нэртэй дөнгө зүүгээд өгөхөөр өнөө муу нэрэлхүү хөдөөнийхөн чинь өнөөх буянтай / яг үнэндээ бол бузар зальтай / гишүүндээ саналаа өгөхөөс аргагүй шалаанд орохгүй хаачих билээ. Тэрийг нь ч сайн мэдэх шавилхан гишүүн хууль санаачилж суухын оронд хувин хувингаар шагналын үер буулгах, шударга сайхан ажиллахын оронд шуудай шуудайгаар одон ганзагалаж очоод тэнгэр задартал энгэр цоолохыг хүсэхээс ч яахав. Одоо Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойгоор бүр шалбааг тогттол "шагналын үер” буух сурагтай. Урд газар тонн тонноор нь захиалж хийлгүүлсэн одон тэмдэгийг овоолж байгаад толгойтой бүхэнд тараах сурагтай. Энэ хэрээр өмнө нь хөдөлмөрөө үнэлүүлж одон авсан улсын алдар хүнд хөсөр хэвтэж, төрийн шагналын нэр хүнд төмпөн шанаганаас дор үнэтэй болж буй нь харамсалтай. За харамсалтай ч гэж дээ одоо тэгээд АН-ынхан дотор одон аваагүй хүн огтхон ч үлдээгүй тул мал сүрэг, нохой гахайгаа өнгө зүсээр нь АН-ын ба МАН-ын харъяалалтай мал адгуус гэж ялгаж хашиж байгаад арьсыг нь цоолж "Алтан гадас” зүүх бололтой дог шүү. Шагналын "шалбааг”-т монгол ийн живж байхад Алтан гадас, Ардын болон Гавьяат цолтон гэж огтоос байхгүй гадаад ертөнц мануусыг элгээ хөштөл шоолж, эрдэм мэдлэг, эдийн засгаар улсаа чимж, хүнээ "шагнаад” талийж өглөө таминь ээ. Одонд оосорлуулж, шагналд шантаажлуулсан, тэгсэн мөртөө бас тэр нь ч бас ардаа алагчилж, түмнээ ялгаварласан миний монгол шалбааг болсон шагналын эх орон билээ хөөрхий. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх