Тойргоо бус бизнесээ тордогч Ж.Ганбаатар

  • 0
  • 92
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

“Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул” гэж үг бий. Үүн дээр нэмээд бизнесийн салбарынханыг улстөрд орууламгүй гэдгийг парламентад суугаа гишүүд баталсаар байна. Тэдний нэг нь энэ удаагийн “Жагсаалтаас хасагдах ЖДҮ-чин” Ж.Ганбаатар. Түүнийг “Оргил”-ын гэх тодорхойлолт дагадаг байсан бол одоо ЖДҮ-чин гэх цол дагалдах болсон. 

“Булавч бултайна, даравч дардайна” гэгчээр ЖДҮХС-гаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийн дунд “Марал буян групп” гэж байгаа бөгөөд энэ нь Ж.Ганбаатарын эзэмшлийнх гэдгийг нэгэн нэр бүхий хэвлэл мэдээлэв. Тэрээр “Марал буян групп”-тээ зээл авсан нь “УИХ-ын гишүүн болсноор миний бизнест эергээр нөлөөлсөн нэг ширхэг ч зүйл байхгүй” гэдэгтэй нь нийцэж л байгаа юм байх даа.

Уг нь аливаа нийгэм, эдийн засгийн ихэнх хувийг бүрдүүлэгч ЖДҮ-ийн салбарыг төр бодлогоор дэмжиж байж дундаж давхаргыг хөгжүүлдэг. Гэтэл манай улсад энэ нь эсрэгээрээ болчихсон юун ЖДҮ-г дэмжих. Харин ч тэдний нэрээр мэдээлэлд  ойр байгаа УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮХС-гийн мөнгөөр бизнесээ усалсаар байна.

Ж.Ганбаатар УИХ-ын гишүүн болохоосоо өмнө нэр дэвшсэн тойргоо багагүй “усалсан”. Услах ч гэж дээ хөрөнгөтэй хүнд бол өчүүхэн асуудал л даа. Тиймдээ ч Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамъян нэгэнтээ “Буруу сэхсэн Ж.Ганбаатар” нийтлэлдээ “Хувиасаа нэг км зам тавьж, сонгогчдод гурил будаа тарааж байж УИХ-д орж ирсэн энэ эрхэмд харамсалтай нь төр түшилцэх чадвар ч, туршлага ч, эрэмбэ дараа ч алга. Ямар сайндаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын бүлгийн хурлын үеэр Ж.Ганбаатар гишүүнд хандан “Чи хүний үгийг сонсож сур. Чи анх удаа УИХ-д сонгогдсон хэр нь их пээдэлзээд байгаа шүү. Намайг УИХ-ын гишүүн байгаагүй гэж бодоо юу. Би хэд хэдэн удаа УИХ-д сонгогдож наад танхимд чинь сууж байсан юм. Чам шиг бацаан ингэж пээдэлзэх болоогүй” гэж хэлсэн удаатай.” гэж бичсэн байв.  

Үнэхээр ч сонгуулийн өмнө тойргоо услаж явсан хэрнээ төрд тангараг өргөмөгцөө сонгогчдоо таг мартчихсан яваа. Түүний сонгогдсон УИХ-ын 68 дугаар тойрогт Баянгол дүүргийн 5, 6, 7, 9, 21 дүгээр хороо багтдаг. Хамгийн ойрын жишээ л гэхэд Улсын III төв эмнэлгийн ард, “Ачтан” эмнэлгийн урд талд 10 алхам ч хүрэхгүй газарт 5 давхар сургалтын төв баригдан, өнөө, маргаашгүй ашиглалтад орох гэж байгаа. Энэ талаар тухайн хорооны иргэд эрхэм гишүүн Ж.Ганбаатарт хэдэнтээ хандаад ч тусыг эс олж, энэ барилга өдгөө баригдаж дуусч байна. Гэвч тэр өөрөө нэгэнт УИХ-д сонгогдсон болохоор одоо иргэд түүнд хэрэггүй мэт огт тоолгүй, анхаараа ч үгүй учраас тус тойргийнхон хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнд дамжуулан манай хороонд битгий ирээрэй хэмээх үгийг дайж байсан удаатай. Хэрвээ тэрбээр бага ч болов тус хорооны иргэдэд дэмжлэг үзүүлсэн бол нарлаад суух талбай дээрээ өндөр барилга бариулахгүй байх боломж нь байсан. 

Ж.Ганбаатар нийгэмд бус зөвхөн өөрт ашигтай үйлд хөрөнгө бас сэтгэлээ гаргадаг гэдэг нь илэрхий. Түүнтэй яг адил МАН-аас Баянгол дүүрэгт гэхдээ 70 дугаар тойрогт нэр дэвшин ялалт байгуулсан. Олон жил парламентад суусан туршлагатай болохоор Д.Лүндээжанцангийн хувьд бямба гараг бүр тойрогтоо ажиллаж, иргэдтэй уулзалт хийж, парламентад хэлэлцүүлэгдэж буй болон иргэдэд тулгамдаж байгаа асуудлуудыг харилцан хэлэлцэж, гарах гарцын талаар яриа өрнүүлдэг болсоор удаж байна.

Харин нас залуу, бизнес нь хөлөө олчихсон, одоо улстөрд зүтгэхэд санаа зовних зүйлгүй хэмээж байсан Ж.Ганбаатарын хувьд ёстой л усанд хаясан чулуу мэт тойргоосоо “алга” болсон. Гарч ирдэг үе нь баяр, ёслолын өмнөх өдрүүд. Ж.Ганбаатар баярын өмнө тойргийнхоо ахмадуудад гарын бэлэг хэмээн гурил, будаа, чихэр, жимсхэн өгч хуурдаг. Уг нь иргэд ганц удаагийн баярт хэрэглэх хүнс авах гэж Ж.Ганбаатарыг УИХ-ын гишүүн болгоогүй. Харамсалтай нь мань хүний зорилго өөр байсан учраас зөвхөн өөрийгөө л анхаарахаас өрөөлийг анхаарах нь үгүй. Тиймээс л гарын бэлэг нэрээр хөгшчүүлийг цуглуулж, тэрхүү зохион байгуулалтгүй арга хэмжээнээс нь болж 83 настай ахмад олны хөлд дарагдан ухаан алдаж унасан байдаг. Яаралтай түргэн тусламж ирсэн ч аль хэдийнэ амьсгал хураасан байсан нь тогтоогдсон билээ. Улаан торонд нь хийсэн нэг сувинер, нэг кг гурил, нэг кг чихрээр сонгогчдыг хуурах алхам хийх үед хүний амь нас эрсэдсэн эмгэнэлт хэрэг ийнхүү  гарч л байсан.

Биеэ засч, бизнесээ хөгжүүлсэн. Энэ нийгэмд хийх ажил их байна хэмээн том дуугарч байсан эрхэм гишүүний өнөөгийн үйлдэл, шийдвэрүүд нь Ж.Ганбаатарыг хэн бэ гэдгийг төвөггүйхэн харуулахаар байгаа төдийгүй дараагийн удаа бизнесийн салбарынханыг төрд зүтгүүлж болохгүй гэдгийг дахин баталсан хэрэг боллоо. Жагсаалтаас хасагдах ЖДҮ-чин Ж.Ганбаатарыг баянголчууд лав дахин сонгохгүй гэдгийг ам уралдан ярих болсныг тойргоо мартсан танд үүгээр бас уламжилъя.

Б.Отгонзаяа

Эх сурвалж: erennews.mn 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх