1989 оны намар, 1990 оны өвөл, хаврыг дамнан буухиалсан өөрчлөлт, шинэчлэлийн хөдөлгөөний 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ардчилал, эрх чөлөөний төлөөх иргэдийн тэмцлийн үр дүнд засгийн эрх барих боломжтой болсон залуус уг хөдөлгөөнийг “Ардчилсан хувьсгал” хэмээн нэрийдэж, өмчилдөг.
Тэр ч утгаараа АН-ынхан энэ өдрүүдэд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг намынхаа хэмжээнд, цомхон тэмдэглэн өнгөрүүлж буй. Угтаа энэ бол ардчиллын буянаар төрд гарсан хэдэн хүний бус, нийт монголчуудын, ардчилсан Монгол Улсын баяр билээ. Гэхдээ өнөөдөр Ардчилсан хувьсгалын ойн тухай бус, ардчиллыг өмчилдөг намын тухай бичих гэж гэж байна. Нэгэнт ардчиллыг өмчилж, ардчиллыг хөгжүүлэгч, сахин хамгаалагч гэж өөрсдийгөө тодорхойлж байгаа бол хариуцлагатай байх ёстойг нь сануулах нь хэвлэл мэдээллийн үүрэг билээ.
МАН-ААС ЗАЛХСАН СОНГОГЧДОД АН СОНГОЛТ БИЙ БОЛГОЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
Өөрсдөдөө “том” гэсэн тодотголыг хүчээр зүүсэн хоёр намд төрийн жолоог ээлжлэн атгуулсаар монголчууд 30 шахам жилийн нүүр үзжээ. АН, МАН хоёр томдоо биш, өөр олигтой төлөвшиж, тамиржсан улс төрийн хүчин үгүй учраас “Байгаа хэдээсээ арай дөнгүүр нь” хэмээн дээрх хоёр намд итгэл хүлээлгэдэг билээ, бид. Гэтэл АН сураг алдраад удаж байна. Монгол Улс ардчиллын замаар замнаж, шинэ тогтолцоонд шилжсэн 30 шахам жилийн хугацаанд Монголын улс төрийн амьдрал, төр, засгийн үйл ажиллагаанд байнга нэр нь уяатай явсан, засгийн эрх ээлжлэн барьсан хоёр том намын нэг АН байгаагүй мэт, гурван жил гаруйхны өмнө засгийн эрхэнд байгаагүй юм шиг, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Н.Алтанхуяг тэргүүтэй лидерүүд нь улс орны хамаг асуудлыг шийддэг, бодлого боловсруулж, удирдан чиглүүлдэг гол хүн гэж яваагүй, З.Энхболд парламент даргалж, ганц зандралтаар гишүүдийн үгийг таслан, алхны тогшилтоор бүхнийг “чичрүүлж” суугаагүй мэт, энэ бүхэн зүүд зэрэглээ байсан лугаа таг чиг байгаа. УИХ-ын болон орон нутгийн сонгуульд дараалан ялагдсаныхаа дараа шинэчлэгдэж, улам бэхжин, шинэ цагийн өнгийг тодорхойлох нам болох их итгэл найдлага гишүүддээ төрүүлснээ ч мартсан болов уу гэмээр, байгаа, үгүй нь мэдэгдэхгүй, нам гүм байна.
УИХ-ын сонгууль дөхөж, улс төрийн намууд засгийн эрх зүүдлэн, янз бүрийн хор найруулж, ил, далд пиар хийн, шаагилдаж байхад ч АН-ынхан таг чиг, дүлий дүмбэ оргисоор. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тэмдэглэж, ойрын хэдэн өдөр тэрүүхэн тэндээ бужигнасан ч эндээс бодлогын, шинэлэг, даацтай зүйл сонсогдсонгүй. Ирээдүйд улс орныг удирдан чиглүүлэх ачааг хуваан үүрэх хоёр том намын нэг гэж өөрсдийгөө дөвийлгөн, өргөмжилдөг намын хувьд энэ дэндүү хариуцлагагүй явдал биш үү. 100 жилийнхээ ойг олигтой дүнгүй угтаж буй МАН-аас сонгогчид залхаж, салахыг хүсэж байхад өөр олигтой сонголт бий болгож чадахгүй байгаа нь АН-ыг буруутгах хангалттай шалтгаан бус уу.
Эрх баригч хүчинээс УИХ-д дөнгөн данган бүлэгтэй болоход нь тэднийг хүчтэй сөрөг хүчин байж чадна гэж сонгогчид нь итгэсээр байсан. Намаа шинэчлэх их ажил эхлүүллээ гэхэд нь фракцын зөрчлөө дарж, нэгдмэл, бодлогын нам болох байх гэж хүлээсэн. Гэтэл тэд УИХ дахь бүлгээ ч хадгалж чадахгүй тараачихаад, намын лидерүүд нь бие биенийхээ барааг харж чадахгүй, тал талд бүгэж байна. Энэ хариуцлагагүй явдал биш гэж үү.
Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, хүүхдийн мөнгө хассан, өв залгамжлалын татвар бий болгохыг эсэргүүцсэн хэрнээ нийгмийн даатгалын шимтгэлийн нэмсэн явдал, дундаж давхаргынхны шүүсийг шахсан бодлого гээд АН-ын дуу хоолой дутагдсан олон үйл явдал өрнөлөө. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдлэн, чинээлэг дундаж давхаргыг бойжуулж, бэхжүүлэх уриатай АН-ын хувьд УИХ дахь бүлгийн гишүүдтэйгээ хамтраад “гол дүр” болж болох олон асуудлыг нүдээ аньж, амаа хамхин өнгөрөөв. Авлигад идэгдсэн хэсэг бүлгийг өөгшүүлсэн, нийтээрээ эрх тэгш байх, олуулаа чинээлэг амьдрахын эсрэг чиглэсэн бодлого, хууль бус, шударга ёсыг уландаа гишгэсэн үйлдлүүдийг эсэргүүцэх чадваргүй энэ нам ардчилсан нам мөн үү гэж асуумаар санагдаж байна.
АН ШИНЭЧЛЭГДЭЖ ЧАДСАН УУ
Засгийн эрх барьсан дөрвөн жилдээ алдаа, оноотой ч ажил хийх гэж оролдсон АН УИХ-ын ээлжит сонгуулиар хэний ч төсөөлөөгүй ялагдал хүлээсэн. УИХ, орон нутгийн сонгуульд дараалан ялагдсанаасаа хойш АН-ынхан шившигт ялагдлынхаа буруутныг удирдлагаасаа хайж, намаа шинэчилнэ гэж баахан давхисан. Эрх баригч хүчнээс гудамжинд гартлаа “өшиглүүлэх” болсон шалтгаанаа олж, түүнээ засаж залруулахаар баахан ярилцсан. Үүний хүчинд “Эв нэгдэлгүй, фракцын зөрчлөө шийдэж чаддаггүй, бүлэглэлд хуваагдсан нөхдийн хувийн тоглолт, улс орны бус, бүлэглэлийн эрх ашгийг тэргүүнд тавьдаг эрээ цээргүй байдал, өнгөрсөн дөрвөн жилд бодлогын нам биш, фракцын нэгдэл төдий бүтэц гэдгээ хангалттай нотолсон явдал нь энэ ялагдлын шалтгаан” гэж дээр, дооргүй хүлээн зөвшөөрсөн нь тэдний хувьд дэвшил байв.
Гишүүд дэмжигчид нь АН-ыг бүлэглэлүүдийн нэгдэл төдий бүтэц, тэднийг албан тушаалд хүргэх шат, гишгүүр бус, нам шиг нам болохыг, хагарал, тэмцлээсээ ангижирч, нэг талдаа гарахыг, шинэчлэл шиг шинэчлэлийг, фракцуудыг зөрчилдүүлдэг биш, бодлогоор уралдуулдаг нам болохыг хүлээж буйгаа тууштай илэрхийлсний хүчинд тус нам зарим өөрчлөлтийг хийсэн.
Шинээр сонгогдсон намын дарга нь “АН нээлттэй болно, бүхнийг гишүүд, дэмжигчдээсээ асууж шийднэ” хэмээсэн сайхан амлалтынхаа араас Үндэсний бодлогын хорооны гишүүд, шат шатны намын дарга нараа мөнгөөр уралдуулан сонгоод намын шинэчлэлээ дуусгасан.
Жил гаруй үргэлжилсэн шат шатны хурал, элдэв сунгаа, дотоод сонгууль үр дүнтэй байгаасай, АН бүлэглэлүүдийн нэгдэл төдий бүтэц, тэднийг албан тушаалд хүргэдэг шат, гишгүүр бус, нам шиг нам болоосой, лидерүүд нь хагарал, тэмцлээсээ ангижирч, нэг талдаа гараасай гэж гишүүд, дэмжигчид нь хүлээж байлаа. Намын дарга С.Эрдэнэ ч ам нээх бүртээ “АН-ын явуулж буй үйл ажиллагаа, гадаад, дотоод бодлогын асуудалд ямар нэг санал зөрөлдөөн байхгүй. Хуучных шиг бүлэг, фракцаар талцаж, хуваагддаг, хоорондоо маргалдаж, хэрэлддэг явдал эцэс болсон” гэдэг. Гэвч бодит байдал өөр байна.
Намын гишүүдийн зүгээс ямар нэг илүү хөдөлгөөн хийж, сул үг унагахгүй байгаа ч эрх мэдэл, албан тушаалгүй, өөрөөр хэлбэл булаацалдах “яс”-гүй, УИХ-д сөрөг хүчин гэх нэрнээс цаашгүй, сүр хүчгүй болсон намаас лидерүүд нь зайгаа барьж, удирдлагынхаа үг, үйлдлийг алсаас ажиглан, алхам бүрийг нь анаж суугаа. Ил харагдах хэрүүлгүй ажин түжин байгаа болохоор ч тэр үү, тэдний шуудайд хийсэн эвэр шиг тачигнаж байсныг олон нийт бараг мартах шахаж. Гэвч энэ дүнсгэр, чимээгүй байдал эв эеэ ололцсоных бус, хориглолт, хамгаалалт хийж, нуувчиндаа орчихоод байсных гэдгийг илчлэх хэд хэдэн ч явдал болсон.
АН шат шатны дарга нараа гишүүдийнхээ саналаар тодруулж, шинэчлэл хийлээ хэмээн мэдэгдэж байхад олон гишүүн нь “АН-ын шинэчлэл хэлбэрийн төдий байлаа. Үзэл санааны хувьд өмнөхөөсөө ч ухарсан. С.Эрдэнэ бол З.Энхболдын томруулсан хувилбар. Энэ хоёрт ямар ч ялгаа байхгүй. Тэд нэг эрх ашиг, нэг зорилготой, “Шонхор” хэмээх нэг дээвэртэй. Тийм ч учраас З.Энхболд өөрийгөө залгамжлуулан С.Эрдэнийг намын дарга болгохоор бүх талаар дэмжсэн. Намын даргын нэр солигдож буйгаас өөр юу ч өөрчлөгдөхгүй” гэж байсан юм.
Гишүүд, дэмжигчдийн хүлээлт, бодит байдал хоёр хол зөрүүтэй, АН нэг цул болж чадаагүй хэвээр байгааг, тэдний дүр эсгэсэн эвлэрлийн хугацаа дуусаж буйг Ж.Батзандан, Л.Болд нарын “бослого” зарласан. Намынхаа удирдлагын шийдвэрийг үг дуугүй дагахгүй гэдгээ ил тод зарласан тэд Засгийн газрыг огцруулахгүй гэсэн товчлуур дарж, үүнийхээ төлөө Ж.Батзандан намаас хөөгдөж, Л.Болд өөрөө намаас гарах өргөдлөө өгснөөр АН УИХ-д бүлэггүй болсон.
Намаас хөөгдсөн Ж.Батзандан “С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат хоёр АН-ыг булшилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. АН шинэчлэгдсэн гэж С.Эрдэнэ худлаа ярьж байна. АН шинэчлэгдээгүй гэдгийг би өнөөдөр харлаа. АН-ын бодит шинэчлэлийн төлөө, ардчиллыг бодит болгохын төлөөх тэмцлээ өнөөдрөөс албан ёсоор эхлүүлж байгаагаа зарлая. АН-ын энгийн гишүүдтэй хамтарч, намын шинэчлэлийн төлөө зүтгэнэ” гэсэн бол намаас гарах өргөдлөө өөрөө өгсөн Л.Болд “АН ардчилсан биш, коммунист нам болжээ. 1990 оноос хойш явж байгаа гишүүний хувиар АН-ыг шинэчлэх хөдөлгөөнд нэгдэж байна. Энэ шинэчлэлд би ухамсарт амьдралаа зориулах болно” хэмээж байв.
Тус тусын томоохон амбицтай лидерүүд болон намдаа өөрийн дүрэм журмыг тогтоохыг хүссэн дарга нь хоёр талд гарчихаад, нэг нь нөгөөгөө буулт хийхийг хүлээж, гөжүүдлэн суусаар, байдал улам хурцадсан нь энэ. Хатуу гар гэдгээ харуулж, бүхнийг өөрийнхөө дүрмээр тоглуулах гэсэн С.Эрдэнийн оролдлого намаа дахин хагалан бутаргах зам руу нь түлхсэн тул тэр буулт хийж, ҮБХ-ны гишүүнээс хассан Р.Амаржаргалыг ҮБХ-ны гишүүнээр батламжилж, дэд дарга болгосон. Түүнээс гадна 4-5 дэд даргын орон тоо гаргаж, фракцуудын төлөөллийг оруулаад буй. Энэ бол салан тусгаарлахад бэлэн болсон бүлэглэлүүдийнхээ эвийг олох гэсэн оролдлого, С.Эрдэнэ даргын буулт юм. Гэвч одоо ч АН-ын хууччууд ичээнээсээ гарч ирэхгүй, ажигласан хэвээр байна. Эцсийн эцэст АН фракцтайгаа, хагаралтайгаа, задралын ирмэгтээ үлджээ.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин