Монголын уран бичлэгийн калиграфийн монгол бичгээр бичиж үлдээсэн хамгийн эртний дурсгалын нэг нь “Чингисийн чулууны бичиг” хэмээн алдаршсан, эдүгээ Санкт-Петербургийн Эрмитажид хадгалагдаж буй гэрэлт хөшөө чулууны бичээс юм.
Монголчууд Хорезм улсыг байлдан дагуулсан аян дайнаас буцах замдаа Эрчис мөрний эрэгт зусаж Их Монгол улсын ноёдын хуралдай хуралдуулан өргөн дэлгэр хурим найр хийсэн аж. Хуралдайн үеэр Хасарын /1164-1213/ хүү Есүнгэ /1190-1270/ мэргэн 335 алд газарт бай харван оножээ. Түүний энэхүү хосгүй мэргэн харвасан алдрыг нь дуурсган хөшөө дурсгал босгосон нь хожмоо “Чингисийн чулууны бичиг” хэмээн алдаршсан билээ. Ингэж нэрлэх болсон учир гэвэл бичээсийн тэргүүнд Чингис хааны нэрийг мөр тэтгэн бичсэн байдагтай холбоотой.
Чингис хааны нэрийг дээд мөрнөөс, Есүнгэ мэргэний нэрийг арай доороос, бусад үгийг түүний доод түвшингээс эхлэн бичсэн байдаг нь 13-р зууны эхэн үед монгол албан бичгийн гол ёс болох мөр тэтгэн бичих зарчим хэдийн хэвшин тогтсон байсныг гэрчилнэ. Бичээст Есүнгэ мэргэний гайхалтай хол харваж, мэргэн оносон тухай тухай өгүүлэх тул судалгааны бүтээлүүдэд “Есүнгэгийн чулууны бичиг” гэх болжээ. Гэрэлт хөшөөг 1224 эсхүл 1225 оны үед босгосон гэж судлаачид үздэг.
Уг чулуун дээр: “Чинггис хан-и сартагул иргэн дагулижу багужу хамуг монггол улус-ун нойод-и буга сочигай хуригсан-дур Есүнггэ ононодур-ун (онохдоо гэсэн утга) гурбан загуда гучин табун алдас-дур (тоогоор зохицдог байсны баталгаа) ондудла-га(онолоо)” “Чингис хааныг Сартуул иргэдийг дайлан мордож бууж хамаг монгол улсын ардыг Буга сочухайд хурсанд Есүнгэ 335 алдыг онолоо” гэж бичсэн ажээ.
Эрдэмтдийн тооцоогоор энэ дурсгал нь 1220-1225 оны хооронд бичигдсэн бөгөөд тэр үеийн монголын сур харваачийн ур чадвар, амжилтыг мэдээлж, 1 алдыг тэр үеийн монголын дундаж эрчүүдийн алдалсан гарыг хэмжээгээр 160 см гэж үзвэл, ойролцоогоор 536 метр харважээ гэж үзжээ.
Энэ түүхийн дурсгалт бүтээлийг судлаач Г. И. Спасский / 1783-1864 / 1818 онд “Сибирийн элч” сэтгүүлд Монголын эзэнт гүрний үед Есүнгэгийн сууж асан Хархираа хотын тууриас 1818 онд “дорнын үсэг” бүхий бичээстэй том боржин чулуу олдсоныг Нерчинскийн үйлдвэрт хадгалаж байгаа талаар анх мэдээлсэн аж. Улмаар 1832 онд Нэрчүүгийн чулууны үйлдвэрээс Петербург хотноо шилжүүлж, олон нийтэд үзүүлжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ОХУ-ын Эрмитаж музейн захирал Михаил Пиотровский XIII зууны Чингисийн чулуун бичгийн хуулбарыг 2019.12.06-ны өдөр гардуулан өгсөн байна. Чингисийн чулуун бичгийг Улаанбаатар хотод шинээр баригдахаар төлөвлөгдөж буй Чингис хааны музейд хадгална гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрмитаж музейн ерөнхий захирал Михаил Пиотровскийн хамт хуулбарыг гардуулах өгөх баримт бичигт гарын үсэг зурах үеэрээ мэдэгджээ.
Санкт-Петербургт хадгалагдаж байгаа “Чингисийн чулууны бичиг”-ийг Улаанбаатарт хадгалана
2019-12-10 20:38:29- 0
- 90