“Тээвэрлэгч” Э.Оргил дипломат паспорт “угаадаг” байжээ

  • 0
  • 135
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Мансууруулах эм бэлдмэлээс гадна янжуур зөөдөг, хуурамчаар паспорт дамладаг байсныг баталж байна  

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Чех улсаас ХБНГУ руу дипломат дугаартай машинаар зорчиж байгаад саатуулагдсан Эрдэнэбаатарын Оргил бизнесийн ямар бүлэглэлийнхэнтэй холбоотой болох талаар мэдээлсэн билээ. Харин энэ удаа баттай эх сурвалжуудтай биечлэн уулзаж Э.Оргилын бусад хууль бус үйлдлийн талаар нэмж мэдээлэх нь зүйтэй гэж үзсэн юм. Иргэн Д нь Дэлхийн Монгол Үндэстэн бөөгийн нийгэмлэгийн тэргүүн Э.Оргилтой одоогоос таван жил гаруйн өмнө бөөгийн холбооны нэгэн томоохон хурлын үеэр танилцсан аж. Тухайн үед Д “Үндэстэн” гэдэг нэртэй телевизээр дэлхий улс орнуудын өв соёлын тухай, монгол ёс заншил,монгол бөөгийн уламжлал, онцлогийг танилцуулдаг байх нэгэн төсөл хэрэгжүүлэхээр дипломат паспорт хөөцөлдөж байгаагаа Э.Оргилд ярьжээ. Э.Оргил ч “ямар гоё төсөл вэ” гээд хамтрах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэд юуны өмнө дипломат паспорттой болж, дэлхийн улс орнуудаар аялж бөөгийн тухайгаа танилцуулж нэвтрүүлэг хийх явдал байв. Ингээд Э.Оргил телевизийн зураглаач болж, тэд хамтдаа хэн бүхний хүсээд олддоггүй дипломат ногоон паспортыг авахаар төслөө танилцуулж хүсэлтээ гаргасан байна. Гэхдээ их удаж гарсан, нэлээд шалгасан байх гэж боддог. Одоо бол байгууллагын хүсэлтээр дипломат паспорт өгөх журам их өөрчлөгдсөн. Бидэнд тэр үед ГХЯ-нд танил огт байгаагүй. Телевизийн байгууллагын онцлог, захирал нь өөрөө шууд харилцсан болохоор паспорт гарсан байх гэж Д ярьсан юм.

Гэхдээ Д-д мэдэгдэхгүйгээр уг хүсэлт биелэх хүч үйлчилсэн байж мэдэх юм. Учир ньхувьдаа телевизтэй хэн бүхэнд дипломат паспорт хоёр сарын дотор гарахгүй. Ямар ч байсан энэ асуудал тухайн үеийн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилтой холбогдож таарна. 

Ингээд хоёулаа дипломат паспорттой болсон. Өөрөөр хэлбэл иргэн Д-ийн компаниас өгсөн хүсэлтийн дагуу Э.Оргилын дипломат паспорт Үндэстэн телевизийн зураглаач Оргил гэсэн нэрээр гарсан гэсэн үг. 

Паспортын хугацаа гурван жил, энэ хооронд иргэн Д ганц хоёр удаа л хил давж ажлаа амжуулсан гэдэг. Шенгений орон руу гарахын тулд Чехийн визинд ороод визний зөвшөөрөл авч чадсан боловч энд эрхэлдэг ажлын зав чөлөөнөөс болоод Д яваагүй юм билээ. Тэрбээр Германы ЭСЯ-ны орчимд Э.Оргилтой гэнэт тааралдаж, паспортоо сунгуулах албан хүсэлтээ өгчихсөн байгаагаа ярихад “Надад өгчих, би сунгуулаад өгье” гэжээ. Итгэсэн шалтгаан нь Э.Оргил “шаманууд”-ыг зөөдөг байж. Өөрөөр хэлбэл Унгарын бөө нарыг Монголд, Монголын бөө нарыг Унгар зэрэг орнуудад зөөж аялуулдаг. Энэ ажлаа эгч Ц, түүний унгар нөхрийн хамт хийдгийг Д мэддэг байсан, Э.Оргил ч уулзуулж байж.

Түүнээс хойш Э.Оргилтой хааяа утсаар ярьж паспорт яасныг асуухаар шалтаг хэлсээр, нэг удаа яг хэнд өгснийг нь асуухад “Дарханы таван Даш”-ийн нэгийг хэлж баттай бүтнэ гэж амласан байна. Ингээд Э.Оргил алга болчихсон. Хамгийн сүүлд дуулиантайгаар Германы хил дээр баригдахынх нь өмнө video call-аар холбогджээ. Тухайн үед Э.Оргил Москвад байсан бөгөөд саунд халамцуухан байхдаа дуудлагыг нь авчихсан бололтой, Герман руу явах гэж байна гэхчлэн ярьснаа тасалчихаж. Үүнээс ганц хоёр хоногийн дараа л баригдсан байдаг. 

Хамгийн сонирхолтой нь иргэн Д-ийн сунгуулах гэж хөөцөлдөж байсан дипломат паспортоор өөрөөс нь арван насаар дүү, эрэгтэй хүн хил даван зорчиж эхэлснийг Эрүүгийн цагдаагийн газраас Д-д дуулгажээ. Д-ийн паспортоор зорчигч Унгарын хилээр нэвтэрч чадсан. Харин тэндээс Финланд руу нэвтрэх гэж байгаад хил дээр баривчлагдаж хоригдсон аж. Иргэн Д нь Унгар дахь Элчин сайдтай холбогдоход “Унгараас, Монголоос хэсэг бүлэг хүмүүс ингэж визаны залилан хийгээд, бид тэмцээд хүчрэхгүй байна. Чи тэдний л ажиллагаанд орчихсон бололтой. Туслахыг хичээе, гэхдээ олон газраас бичиг баримт бүрдүүлэх ёстой тул хүлээхээс өөр аргагүй” гэсэн утгатай хариу өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл Унгарт сурч буй оюутнуудад хэдэн ам.доллар өгч аргалаад паспортыг нь авч визийг ашигладаг аж. Тухайн оюутнууд дахиад паспорт олж авч визээ даруулна. Харин тухайн хуурамч паспортыг хууль бусаар буюу залилуулж авсан иргэн хаа хүртэл зорчих, хаана хоригдох нь тэдний аз, эзийн асуудал байж. Ингээд Д хохирогч болж Шенгений орнуудаар зорчих эрхгүй болсон. 

/

Иргэн Д-ийн хувьд “Таны бичсэн нийтлэлд дурдагдсан аялал жуулчлалын компанийг мэднэ. Диско клубыг нь Э.Оргилын ээж, дүү нар ажиллуулдаг юм билээ.Тэднийг нэлээд эртнээс хар тамхи зөөдөг байсныг мэднэ. Оросоос, Европын орнуудаас зөөнө. Нэг хэсэг амьжиргааны эх үүсвэр нь тэр л байсан шүү дээ. Гэхдээ Монгол руу бараг оруулж ирдэггүй байсан болов уу. Дипломат паспорт авсан шалтгаан нь ч байнга виз даруулах, ачаа тээшээ шалгуулахаас зайлсхийснийх байх. Сая ч гэсэн тэр паспортойгоо л баригдсан гэж бодож байна. Гэхдээ миний паспорт, визийг давхар үнэлээд зарчихсан. Би нэлээд хугацаанд ойрхон байсны хувьд тэдний амьдралыг мэднэ. Өмнөх нийтлэлд бичсэн компаниудын ажилд тэгтлээ оролцоод байдаггүй. Ер нь энд нэг их хүмүүстэй харилцаад байдаггүй. Гаднын хөрөнгө оруулагчид, ялангуяа оросуудтай л их найзалдаг, бизнесийн холбоотой байсан” гэж ярьсан юм. Мөн “Миний хувьд Э.Оргилтой, түүний эгч, эгчийнх нь унгар нөхөртэй танилцсан, хамтдаа арав гаруй хоногоор хөдөөгүүр явж аяллын маршрут гаргасан. “Хөгнөхаан хайрхан” амралтдаа бол яагаад ч юм бэ аваачаагүй. Би ч өөрөө аялал жуулчлалын компанитай” гэсэн юм.

Өмнөх нийтлэлд дурдаж байсанчлан Э.Оргилын автомашин түрээслүүлэх бизнесийг иргэн Д мөн баталлаа. Учир нь Э.Оргил Европын орнуудаас, БНСУ-аас автомашинууд оруулж ирж худалддаг байсан. Э.Оргилын нэг тун ойрын найз нь тамхины наймаанд нь их дургүйцдэг боловч найзлаад л яваад байсан. Одоо Шведэд хараар амьдардаг. Тамхины наймаанд нь би хэзээ ч хамт явж байгаагүй ч маш явцуу хүрээнийхэнтэй хамтардаг, тэдэнтэйгээ хууль бус наймааныхаа тухай яриад байгааг нь бол мэддэг байсан гэсэн юм. Ер нь Э.Оргилыг хар тамхины наймаа хийгээд байгааг Элчин сайд З.Батбаяр ч, манай Эрүүгийн цагдаагийн газрынхан ч мэдээд, тандаад ажиглаад л байсан юм билээ. Өөрөөр хэлбэл Унгар дахь Элчин сайд З.Батбаяраас автомашины дипломат дугаар хүсээд байсан нь сэжиг төрүүлсэн аж. Тиймээс ч мансууруулах үйлчилгээтэй эм бэлдмэлийг Москва дахь төлөөлөгчийн газрын дарга Баасанжавын Батхуягийн  дипломат дугаартай /089D93 77/ машинаар зөөж яваад баригдсан байдаг. 

Тэрбээр Элчин сайдтай уулзаж дугаар хүсэхдээ мөн л Мазаалай сан зэрэг үлгэрээ яриад янз бүрээр элдэвлэсэн байдаг. Мазаалай сангаас Э.Оргилтой хамаарах зүйл олдсонгүй. Харин “Мазаалай итгэлцлийн сан” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга нь одоогийн Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатар байх юм. Энэ санг 2018 оны гуравдугаар сарын 19-нд иргэн Амгалангийн Баясгалан, Шагдарсүрэнгийн Нэргүй нарын хамт байгуулжээ. 

/

Мэдээж энэ сангийн нэр анхаарал татсан ч үүсэл гарлын хувьд 2014 оны аравдугаар сарын эхээр Олон улсын баавгай судлалын менежментийн 23 дугаар хуралдаан Грекийн Тессалоники хотноо хуралдах үеэр хоёр талт уулзалтын үр дүнгээс “Мазаалай итгэлцлийн сан” байгуулах ажлыг хэрэгжүүлэхээр санал нэгдсэнийг тухайн үеийн өдөр тутмын сониноос олж мэдэв. Харин яагаад тус ТББ-ын тэргүүнээр тэр үед Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Д.Цогтбаатарыг сонгосон нь сонин л юм. 

Ямартай ч иргэн Д нь Э.Оргилыг мансууруулах эм бэлдмэл тээвэрлэхээс гадна янжуур тамхины бизнес хийдгийг эртнээс мэддэг, хуурамч паспорт гаргах, визний наймаа эрхлэх зэрэг хууль бус үйлдэл хийдгийг хохирогч нь болсноос хойш мэдсэн гэх зэрэг үнэ цэнтэй, баримттай мэдээллийг өгч энэ бүхнээ Эрүүгийн цагдаагийн газарт мэдэгдсэн, мөн Тагнуулын ерөнхий газарт хандах гэж байгаа тухайгаа ярьсан юм. 

Дипломат ажилтан биш боловч дипломат паспорт эзэмшдэг хүмүүс тамхины наймаа, улмаар мансууруулах эм бэлдмэл тээвэрлэсэн болон бусад гэмт хэрэгт холбогдож ГХЯ-ны нэр хүндийг унагаж байна. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэгсэд эх орон нэгтнүүдтэйгээ холбоо тогтоох, найзлах дургүй. Зөвхөн өөртөө “хэрэгтэй” монголчуудтай л холбоо тогтоодог. Тиймээс цөөхөн монголчуудаа хар тамхины аюулаас аваръя гэвэл иргэн бүрийн мэдээлэл, оролцоо чухал учраас түүнд болон мэдээлэл өгч буй нийт иргэддээ бодитой мэдээлэл өгч буйд талархаж байдгаа энэ дашрамд илэрхийлье.

У.Оргилмаа

Эх сурвалж: baabar.mn

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх