Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг маргааш буюу арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 11:00 цагт хийхээр товлогджээ.
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх хурлыг товлосон байна. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал долоон удаа хойшилж, жил гаруй хугацаанд дамнан үргэлжилж байгаа билээ.
Уг хуралд шүүгчээр Д.Ренченхорол, яллагдагчаар Б.Махбал, улсын яллагчаар Б.Баярхүү, талуудын өмгөөлөгчөөр Ш.Мягмарцэрэн, Д.Батбаяр, М.Алтанцэцэг, З.Хүрэлсүх, Ч.Отгонбаатар, Н.Баатардорж, хохирогчоор Н.Өнөрцэцэг, Д.Доржсүрэн нар оролцох юм.
Түүнд яллах дүгнэлт үйлдсэн хуулийн заалтад “онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
Хэргийг эргэн сануулахад, 2018 оны наймдугаар сарын 9-нд ЗТХЯ-ны байранд хүн амины хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэмээн тогтоосон байдаг. Б.Махбал нь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа юм.
Эх сурвалж: inews.mn