Ялгаварлалыг хариуцлагажуулъя нэгдэлээс өнөөдөр ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярыг БНСУ-д амьдарч буй монголчуудаас уучлалт гуйж, Цэцийн гишүүнээс огцрохыг шаардаж, мэдээлэл хийлээ.
Ялгаварлалыг хариуцлагажуулъя нэгдлийн зохицуулагч Э.Аззаяа: -Иргэд, олон нийтийн зүгээс ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярын ёс зүйгүй үйлдэлд хариуцлага хүлээлгэхийг шаардсан. Түүний холбогдсон хэрэг БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудыг ичгэвтэр байдалд оруулаад зогсохгүй, ажил амьдралд нь бодитойгоор хохирол учрах болсон талаар албан бичгийг БНСУ дахь эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо-ноос бидэнд ирүүллээ.
Д.Одбаяр нь цэцийн даргын албан тушаалаа өгөөд цэцийн гишүүний ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа нь ёс зүйгүй, ҮХЦ-ийн гишүүний өндөр нэр хүндийг уландаа гишгэж, олон нийтийн дургүйцлийг маш их хүргэсэн үйлдэл болж байгаа. Нөгөө талаар Монгол Улсын хуулийн орчин бэлгийн дарамт үзүүлэгчдэд хариуцлага тооцож чадахгүй байгаад бухимдаж байна. Ийм үйл явдал Монгол Улсад болсон бол хохирогчийг буруутгаад, ялангуяа эрх мэдэлтэй өндөр албан тушаалтай дарамтлагчид хариуцлагаас бултаад гарах боломж байсаар байгаад бид харамсаж байна гэв. Тус нэгдлээс дараах гурван шаардлагыг танилцууллаа.
-Д.Одбаярыг цэцийн гишүүнээс өөрийн хүсэлтээр огцрох,
-Олон улсад Монгол Улсын нэр хүндийг унагааж, БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудыг ичгэвтэр байдалд оруулсныхаа төлөө албан ёсоор уучлалт гуйх,
-Бэлгийн дарамтлагчдад Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар ёс зүйн хариуцлага тооцдог болохыг шаардаж байгаагаа бичгээр илэрхийллээ.
Ялгаварлалыг хариуцлагажуулъя нэгдлийн гишүүн Х.Номингэрэл: Тэрээр, Манай улсад дуулиан шуугиан тарьсан асуудлууд өдөр бүр гарч байдаг. Үүнээс болоод заавал эцсийг нь үзэж шийдэрвэрлэх ёстой асуудлууд орхигдох тохиолдол ажиглагддаг. Тиймээс бид дахин хэргийг сөхөж ярьж байна.
Д.Одбаяр гэдэг хүний хувьд нэгдүгээрт бэлгийн дарамт үзүүлсэн, мөн архидан согтуурч, биеэ хянах чадваргүй байснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ер нь бол бэлгийн дарамт болсон эсэхээс үл шалтгаалан Монгол Улсын шүүх байгууллагын хамгийн дээд албан тушаалыг хашиж байгаа энэ хүн олон нийтийн дунд архидан согтуурна гэдэг бол ёс зүйн зөрчил. Гэтэл Цэцийн даргаас чөлөөлөгдөөд гишүүнээрээ үлдэж байгаа нь ард түмнийг хуурч байгаа хэлбэр. Үүнийг бид мартахгүй, цаашдаа ч дуугарсаар байх болно. Бэлгийн дарамтыг Цэцийн дарга хийж болохгүй, Цэцийн гишүүн хийж болдог гэсэн зүйл байхгүй гэв.
Сануулахад, 2015 онд УИХ-аар баталсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад Ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцож, хуульчилсан ч МАН УИХ-д үнэмлэхүй олонхи болсны дараа буюу 2017 онд уг заалтыг хүчингүй болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, ҮХЦ-ийн даргын гаргасан дээрх ёс бус үйлдэл хуулиар хамгаалагдсан гэсэн үг. Цэцийн тухай хуульд зааснаар ҮХЦ-ийн гишүүнийг огцруулах хоёрхон үндэслэл байгаа нь гэмт хэрэг үйлдэж байхад газар дээр нь нотлох баримттайгаар баривчилсан, эсвэл гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүхээр тогтоосон үед л боломжтой юм. Харин өнөөдрийн бий болсон нөхцлийн тухайд Цэцийн гишүүн ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтэй өгөх боломж байна.
Ж.Бат