Боолын хөдөлмөр ашигладаг есөн салбар

  • 0
  • 89
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

1865 оноос боолчлолыг халж, дэлхий ертөнц энэ аймшигт мөлжлөгийг дахин хэзээ ч гаргаагүй гэж түүхэнд бичээтэй бий. Гэхдээ өнөөгийн ертөнцөд ч боолын хөдөлмөр оршсоор байгаа бөгөөд өнгөрсөнд байснаас ч их хүн боолчлолд өртөж байгаа гэх. Шинжээчдийн тооцоолсноор дэлхий даяар 40 сая хүн боолын хөдөлмөр эрхэлдэг бөгөөд эдийн засгийн есөн салбарт боолын хөдөлмөрийг илүүтэй ашигладаг аж. Эдгээр салбаруудын талаар Вести мэдээлснийг хүргэж байна. 

Далайн  бүтээгдэхүүн 

width=660

Хөгжингүй орнуудын хүмүүс далайн бүтээгдэхүүнд ихээхэн дурладаг ч энэ амттаныг бэлтгэхийн тулд олон мянган хүн боолчлолд өртөж байдаг талаар тэр бүр мэдэхгүй. 

Далайн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэхийн хэрээр боолын хөдөлмөр ашиглалтыг нэмэгдүүлдэг бөгөөд энэ салбарт боолчлогддог хүмүүс задгай тэнгист маш хүнд, аюултай нөхцөлд ажилладаг байна. 

Зөвхөн загас агнуур төдийгүй олон хүн далайн бүтээгдэхүүн боловсруулах салбарт цалингүй, албадан хөдөлмөр эрхэлдэг гэнэ. 

Хар тамхи 

width=660

Хар тамхи бол хууль бус салбар учраас хууль бус боолын хөдөлмөр ашигладаг нь зүй ёсных мэт. Эдийн засгийн шинжээчдийн тооцоолсноор энэ салбарт 10-13 мянган хүн боолын хөдөлмөр эрхэлдгийн дээр Хятад, Вьетнам зэрэг орнуудаас хүүхдүүдийг авчран, албадан хөдөлмөр эрхлүүлэх нь олонтаа. 

Хувцас үйлдвэрлэл 

width=660

Хувцас болон аксессуар үйлдвэрлэл бол боолын хөдөлмөр ихээхэн ашигладаг гол салбаруудын нэг гэнэ. Тэр дундаа дэлхий даяар нийлүүлэгдэх хувцаснуудыг үйлдвэрлэдэг Ази, Африкийн орнуудад байрлах үйлдвэрт олон мянган боол аль болох их хувцас өдөрт үйлдвэрлэхийн төлөө олон цагаар нойр хоолгүй ажилладаг аж. 

Их 20-ийн орнууд гэхэд л боолын хөдөлмөр эрхэлдэг эрсдэлтэй бүсд хамаарах орнуудаас 127,7 тэрбум ам.долларын үнийн дүнтэй хувцас импортлон авдаг байна. 

Боолууд асар их хувцас үйлдвэрлэснийхээ төлөө маш бага цалин авдаг, заримдаа огт цалингүй ажиллахын дээр аюултай, хүнд нөхцөлд цаг наргүй ажилладаг гэнэ. Тэдэнд үүнээс өөр сонголт байхгүй тул ийм хөдөлмөрийг тэвчихээс аргагүй байдаг талаар шинжээчид онцолжээ. 

Энэ салбарын өөр нэгэн асуудал нь эрэлтээс илүүдсэн үйлдвэрлэл бөгөөд Ellen MacArthur Foundation сангийн тооцоолсноор жилд 53 сая тонн хувцас үйлдвэрлэгддэг бол үүнээс 70 орчим хувь нь хог дээр хаягддаг гэнэ. Илүүдсэн хэрэглээ илүүдэл үйлдвэрлэлийг бий болгох бөгөөд энэ нь эргээд боолын хөдөлмөрийг улам нэмэгдүүлж байгаа юм. 

Гал түймэр унтраах 

/

АНУ үндсэн хуулийнхаа 13 дахь нэмэлтээр боолчлолоос татгалзсан ч хоригдлуудын хөдөлмөрийг албадан ашиглахыг зөвшөөрсөн заалтыг хэвээр авч үлдсэн байна. 

Ингэснээр холбооны эсвэл орон нутгийн эрх баригчид хоригдлуудыг өөрсдийнх нь хүсэл зоригоос үл хамааран албадан ажиллуулах эрхтэй гэсэн үг. Энэ өөрчлөлтийг 150 гаруй жил ашиглаж байгаа бөгөөд үүний дагуу хоригдлуудад маш багахан хөлс өгөн тэдний хөдөлмөрийг ашигладаг аж. 

Ихэнх хоригдлууд хууль зөрчснийхөө төлөө ийм шийтгэл амсаж байгаагаа ухамсарлан, боолын хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрдөг гэнэ. Хамгийн сүүлд гэхэдл Калифорнийн гал түймрийг унтраахад олон хоригдлыг ашиглажээ. 

Батарей үйлдвэрлэл 

/

Батарейг зөвхөн гар утас төдийгүй цахилгаан машинд ч ашигладаг бөгөөд эдгээрийг үйлдвэрлэхэд мөн л боолын хөдөлмөр ашигладаг гэнэ. Батарейн эрэлт нэмэгдэхийн хэрээр боолын хөдөлмөрийн хэрэгцээ нэмэгдэж байгаа гэнэ. 

Тодруулбал, энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд литий, кобальт олборлох шаардлагатай бөгөөд чухамхүү эдгээр салбарт хүмүүсийг төдийгүй хүүхдүүдийг ч боолчлох нь олонтаа байдаг аж. 

Зөвхөн Ардчилсан Конго улсад гэхэд л орд газрууд дээр 40 мянга орчим хүүхэд боолчлогдож, тэдэнд маш бага хэмжээний хөлс өгдөг, заримдаа огт цалингүй ажиллуулан, хүний эрх зөрчигдөхийн дээр асар хүнд нөхцлийн улмаас олон хүүхэд амиа алддаг гэнэ. 

Орд газрууд дээр зургаан наснаас дээш настай хүүхдүүдийг ажиллуулах бөгөөд аюулгүй байдлыг хангах ямар ч хэрэгсэлгүй ажиллуулж, тэд нэн хортой тоосонцор дунд өдөржин ажилладаг. 

Алмаз олборлолт 

Дэлхийн хамгийн борлуулалттай үнэт чулуу бол очир эрдэнэ буюу алмаз. Тиймдээ ч энэ чулууг олборлох салбарт боолын хөдөлмөр ихээхэн түгжээ. 

Сөргөлдөөнтэй бүс нутгаас олборлох буй чулуунуудыг “цуст” алмаз хэмээн нэрийдэх нь бий. Тэр дундаа Ангол, Кот д’Ивуар, Сьерра-Леоне, Либери, Гвиней, Гвиней-Бисау зэрэг улсуудад сүүлийн жилүүдэд цус асгаруулсан иргэний дайн өрнөж байгаа тул ийнхүү нэрлэх болжээ. Эдгээр орнуудад хүмүүсийг барьцаалан, алмаз олборлох уурхайд хүчээр боолын хөдөлмөр эрхлүүлдэг аж. Тэдгээрээс ихэнх нь хүүхдүүд байдаг гэнэ. 

Кофе 

Олон хүн өглөөг амттай, шинэхэн кофегүйгээр төсөөлөхөд бэрх байдаг. Гэвч бидний өглөө бүр уудаг кофены үрийг ямар нөхцөлд хураадгийг тэр бүр төсөөлдөггүй. Кофены хэрэгцээ өсөн нэмэгдэхийн хэрээр энэ салбарт хямд, боолын хөдөлмөр ашиглах нь улам нэмэгдэж байгаа гэнэ. 

Тэр дундаа Өмнөд Америкийн кофены талбайд боолууд олноор хөдөлмөр эрхэлдэг гэнэ. Тухайлбал 2018 оны есдүгээр сард Бразилийн нутаг дэвсгэрээс Starbucks сүлжээний кофены суулгацын талбай олдсон бөгөөд өмнө нь энд “боолын хөдөлмөр ашигладаггүй” гэж үздэг байсан ч 15 хүн боолын хөдөлмөр эрхэлж байгаа нь тогтоогджээ. Мөн кофены талбайд хүүхдүүдийн хөдөлмөр ашиглах нь ч олонтаа. 

Алт олборлолт 

width=660

Эртнээс л алт нэн чухал металлд тооцогдсоор ирсэн бөгөөд өдгөө ч асар их үнэ цэнэтэй хэвээр байна. Үүний зэрэгцээ алт олборлолтын салбар дахь боолын хөдөлмөр дэлхий дахины асуудал хэвээр байгаа юм. 

Өнөөдөр хөгжиж буй орнуудад болон хамгийн ядуу буурай орнуудад боолын хөдөлмөрийг алт олборлолтын салбарт ашиглаж байгаа бөгөөд наад захын аюулгүй байдлыг хангаагүй нэн хүнд нөхцөлд хүмүүс ажилласаар л байна. Мөн л хүүхдийн хөдөлмөр мөлждөг салбаруудын нэг нь алт олборлолт юм. 

Африк, Өмнөд Америк, Азийн орнуудад боолын хөдөлмөр ашигладаг орд газрууд байх бөгөөд асар бага цалинтайгаар эсвэл бүр цалингүйгээр ажилладаг хүмүүсийн тоо жилээс жилд өссөөр байгаа гэнэ. 

Шоколад 

Дэлхий дахины хамгийн дуртай амттануудын нэг нь шоколад. Харамсалтай нь мөн л хүмүүсийн дурладаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн тулд хүмүүс, тэр дундаа хүүхдүүд боолчлогддог. 

Тэр дундаа Бразил, Камерун, Гана, Гвиней, Сьерра-Леоне, Кот д\'Ивуар,  Нигери зэрэг улсуудад боолын хөдөлмөр түгээмэл гэнэ. Шинжээчдийн судалснаар, гагцхүү Нигери болон Кот д’Ивуарын нутаг дэвсгэр дээр 2,3 сая хүүхэд кофены түүхий эдийг бэлтгэх тариалангийн талбай дээр хөлсгүй ажилладаг гэнэ. 

Африк дахь тариалангийн талбай дээр ажилладаг хүмүүсийн өдрийн дундаж цалин нь хоёр доллар бөгөөд зарим нь ямар ч хөлс мөнгөгүй, албадан хөдөлмөр эрхэлдэг аж. 

Г.Бямбасүрэн
Эх сурвалж: shuud.mn 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх