Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Өмнөд Солонгос улс нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа түр хаана

  • 0
  • 108
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Өвлийн улиралд нэмэгддэг агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Өмнөд Солонгос улс нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудынхаа дөрөвний нэгийг түр зогсоохоор болжээ.Арванхоёрдугаар сараас хоёрдугаар сар хүртэл нийт 14 станцын ажиллагааг зогсоох бол гуравдугаар сард хаагдах станцуудын тоог 27 болгон нэмэгдүүлэх болсныг тус улсын эрчим хүчний яам мэдээлсэн байна.

Ийм арга хэмжээ авсны үр дүнд цахилгаан эрчим хүчний хангамж, хүрэлцээ тасалдахгүй гэсэн амлалтыг мөн өгчээ. Өмнөд Солонгосын нүүрсээр ажилладаг 60 цахилгаан станц нь нийт эрчим хүчний 40 хувийг үйлдвэрлэдэг байна.

Гэвч тус улсын хэд хэдэн том хотуудын агаарын бохирдол энэ оны эхээр дээд түвшиндээ хүрсэн юм. Үүнд нүүрс шатаадаг станцуудыг буруутгаж байгаа.

Агаар дахь PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээг бууруулахын тулд өмнө нь автомашины хэрэглээг хязгаарлах, барилгын ажлуудыг зогсоох арга хэмжээ авч байсан ч үр дүн гараагүй юм.

Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд Сөүл хотын агаарын бохирдлын 50-70 хувь нь хөрш Хятадаас гаралтай гэж үздэг. Харин Хятадын тал үүнийг няцааж, Өмнөд Солонгосын дотоодын эх үүсвэрүүд буруутай гэж тайлбарлаж байв.

Энэ удаа нүүрсээр ажилладаг станцуудыг зогсоосноор агаарын бохирдлыг өнгөрсөн оны өвлийн түвшнээс 44 хувь бууруулна гэж тооцоолжээ.

 

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх