Оросын нүүрсний орон зай тэлсээр

  • 0
  • 127
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Орос улс нүүрсний нийлүүлэлтээ огцом нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа нь бусад экспортлогч орнуудын хувьд нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ. Хямд үнийн болон логистикийн давуу талуудаа ашиглан Орос улс 2035 он гэхэд дэлхийн хамгийн том нүүрс экспортлогч болох төлөвтэй байна. Ийм дүгнэлтийг Австралийн “Сидней Морнинг Херальд” болон Польшийн “Gazeta Wyborcza” сонины тоймчид хийжээ.

The Sydney Morning Herald: Оросууд нүүрсний зах зээлээс Австралийг шахаж байна

Далайгаар нүүрс тээвэрлэн дэлхийн зах зээлд борлуулах тал дээр Орос улс Индонез, Австралийн дараа орох гуравдахь том нийлүүлэгч болжээ. Оросууд газарзүйн байрлалын давуу талаа ашиглан Атлантын далай ба Номхон далайн бүс нутгийн улс орнууд руу чиглэсэн нүүрсний экспортоо нэмэгдүүлэх зорилго тавиад байна. 

Энэ долоо хоногт Лиссабонд болсон World Coal Leaders буюу Нүүрсний салбарт тэргүүлэгч орнуудын бага хуралд оролцсон Орос улсын төлөөлөгчид ирээдүйг ихэд өөдрөгөөр төсөөлөн харж байлаа.  

Европ ба Алс Дорнодын зах зээлийн тодорхой хэсгийг өөрийн болгох тал дээр тэд яагаад өөдрөг шийдэмгий байсны учрыг ойлгоход хэцүү биш ээ.

Эхлээд Европыг аваад үзье. Оросын экспортлогчид Балтийн тэнгис, Хар тэнгисээр болон төмөр замаар нүүрсээ нийлүүлэх боломжтой байгаа нь баруун хойд ба Газар Дундын тэнгисийн зах зээлүүдэд нэвтрэхэд эдийн засгийн хувьд илүү ашигтай тусна. Хэдийгээр Европын нүүрсний /ДЦС-ад ашигладаг/ зах зээлийн багтаамж хумигдаж байгаа боловч Орос улс энэ бүс нутаг руу хамгийн хямд үнээр нүүрс нийлүүлэгч гэсэн бай суурийг нэгэнт олоод авчихжээ.

Орост нэг тонн нүүрс олборлох өөрийн өртөг 7-11 доллар байдаг бол түүнийг Балтийн тэнгисийн бүс нутаг руу тээвэрлэх зардал нь 24 долл/тн болдог. Үүн дээр боомтын төлбөр болох 10 долларыг нэмж тооцвоос оросууд эрчим хүчний нүүрсээ франко-борт нөхцлөөр нэг тонныг нь 41-45 доллароор борлуулах боломжтой.

Колумб, АНУ, ӨАБНУ-тай харьцуулахад нүүрсийг далайгаар тээвэрлэх зардал нь Оросын хувьд харьцангуй бага байдаг учраас тус улсын нүүрс олборлогчид илүү тааламжтай үнийг худалдан авагчдад санал болгож, өрсөлдөгчдийнхөө байр суурийг сулруулж чадна. 

Түүнчлэн 2020 оны 1 дүгээр сараас түлш шатахууны салбарт тавих шинэ дүрэм журам /IMO 2020/ хэрэгжиж эхэлснээр далайгаар тээвэрлэх өртөг нэмэгдэх бөгөөд энэ нь оросуудын хувьд тээвэрлэлтийн зай богино байдаг давуу талыг нь улам бататгаж өгнө.  

Хүхрийн агууламж багатай түлш шатахуунд шилжих нь юунд хүргэх вэ гэдэг нь одоохондоо тодорхойгүй байгаа боловч энэ нь ямартаа ч тээврийн зардлыг өсгөх нь тодорхой. Учир нь, хүхрийн хий шүүгч төхөөрөмжийг суурилуулах, хөлөг онгоцуудыг илүү цэвэр дизель түлшинд шилжүүлэх зэрэг нь өртөг зардал өндөртэй билээ.

Оросоос Европ руу далайгаар тээвэрлэн импортолсон нүүрсний хэмжээ энэ оны эхний 9 сарын хугацаанд 31,9 сая тонн болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад /32,9 сая тонн/ яльгүй бага байгаа юм. Гэхдээ энэхүү бага зэргийн бууралтыг Оросын өрсөлдөгчдийн нийлүүлэлт эрс буурсантай харьцуулах нь зүйтэй. Жишээлбэл, АНУ-ын нүүрсний экспорт 23,9 сая тн-оос 21,5 сая тн, Колумбийн экспорт 29,8 саяас 20,9 сая хүртлээ буурсан байна.

Оросоос Алс Дорнодын бүс нутаг руу чиглэсэн экспорт нэмэгдэж, тодруулбал, Азийн орнууд руу далайгаар тээвэрлэн хүргэсэн нүүрсний хэмжээ энэ оны эхний 9 сард 71,2 сая тн-д хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14 хувиар өссөн үзүүлэлт юм.  Тухайлбал, Хятадад экспортолсон нүүрсний хэмжээ 16,1 саяас 20,5 сая тн болж өссөн бол Японд 10,4 сая тн-ыг /өнгөрсөн онд 9,1 сая тн/ нийлүүлжээ.

Хэдийгээр Индонез улсаас Азийн орнуудад нийлүүлсэн нүүрсний хэмжээ энэ оны эхний 9 сарын хугацаанд 9,9 хувиар, Австралийн экспорт 4,4 хувиар өссөн боловч Орос улс экспортын өсөлтийн хурдаар илт давамгайлж байна. Ер нь бол, Индонезийнхоос илүү чанартай нүүрс олборлодог Оросоос Австралийн экспортлогчид болгоомжлоход хүрэх нь.

Оросын олборлогчид Алс Дорнод руу нүүрсээ тээвэрлэхдээ тонн тутамд 28 доллар төлдөг, үүний сацуу “Восточный” боомтоос гол худалдан авагчид болох Хятад, Японд хүрэхэд ердөө 2-хон хоногийн хугацаа хэрэгтэй. Гэтэл Австралийн нийлүүлэгчид үүнд 14 хоног зарцуулж байна.  

Алс Дорнод руу хийж буй экспортоо Орос улс нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хамгийн том экспортлогч болох “Carbo One” компани 2020 онд “Восточный” боомтын хүчин чадлыг 29 сая тонноос 40 сая тоннд хүргэхээр төлөвлөж байгаа юм.  Олборлолтын өртөг бага, төрөөс татаас авдаг төмөр замын сүлжээ, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа болон далайгаар тээвэрлэх өртөг бага зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалан Азид нийлүүлж буй Оросын нүүрс нь Австралийнхаас илүү өрсөлдөх чадвартай болж байна.

/

Австралийн Ньюкасл боомт 

Гэтэл Ньюкасл боомт дахь нүүрсний долоо хоногийн дундаж үнэ 65,69 доллар байгаагаас харвал Австралийн олборлогчид асуудалтай тулгарч мэдэх нь. Үнэ ийм байгаа нөхцөлд Оросын нүүрсийг худалдан авах нь илүү ашигтай бөгөөд Австралийн нүүрс олборлогчид нийлүүлэлтээ өсгөхөөс аргагүйд хүрнэ.

Gazeta Wyborcza: Оросууд “нүүрсний тэлэлт” хийхээр бэлтгэж байна

Энэ оны 9 дүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нүүрс олборлогч бүс нутгуудын захирагч нартай уулзах үеэр Эрчим хүчний сайд Александр Новак хэлэхдээ “засгийн газраас нүүрс олборлолтын салбарыг 2035 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх шинэ стратегийн бодлогыг батлахаар төлөвлөж байгаа тухай” мэдээлсэн байна.

Төсөлд тусгаснаар, жилд олборлох нүүрсний хэмжээг 440 сая тн-оос 550 сая тн, улмаар 670 сая тн-д хүргэх аж. Эрчим хүчний сайд ихэд өөдрөг таамаглал дэвшүүлж байгаагийн учир нь, сүүлийн жилүүдэд Орос улс олборлолтоо жилд 20 орчим сая тн-оор нэмэгдүүлж байгаатай холбоотой.

Путиний хэлснээр, өнгөрсөн онд Оросын нүүрсний хэрэглээ 180 сая тн байсан бол экспортод 210 сая тн-ыг гаргажээ. Нүүрсний зах зээлээ тэлэх бодлогыг хэрэгжүүлснээр 2035 он гэхэд ОХУ дэлхийн нүүрсний зах зээл дэх хамгийн том экспортлогч болох боломжтой аж. 

Оросууд дулааны цахилгаан станцууддаа /ДЦС/ нүүрс түлдэг учраас байгалийн хийгээ дотоодын зах зээлийнхээс хэд дахин илүү үнээр гадаадад борлуулдаг. Үүний зэрэгцээ нүүрсний хэрэглээ юуны түрүүнд Ази тивд өсч буй боломжийг Орос улс ашиглахаар төлөвлөжээ.

Тус улсын Эрчим хүчний яамны мэдээлэлд дурдсанаар, дэлхийн зах зээл дэх нүүрсний арилжаанд Оросын эзлэх хэмжээ 14 хувьтай байгаа бөгөөд эл үзүүлэлтээр Австрали, Индонез хоёрын дараа орж байгаа юм. Польш улс гэхэд өнгөрсөн онд Оросоос 13,5 сая нүүрс худалдан авсан байна.   

Оросын шинжээчдийн таамаглаж байгаагаар, Азийн орнуудын хөгжил түргэсэхийн хэрээр тус тивд нүүрсний эрэлт хэрэгцээ цаашид өссөөр байх аж. 15 жилийн дараа гэхэд нийт эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний эзлэх хувь хэмжээ багасах хэдий ч бодит хэмжээгээрээ одоогийнхоос нэмэгдэнэ.

Путин хэлэхдээ “дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзлээс үүдэн нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд эрсдэл учирч болзошгүй” гэдгийг онцлон тэмдэглэлээ. Оросын гол өрсөлдөгчид болох Австрали болон Индонез нь логистикийн илүү сайн бүтэцтэй болохыг тэрбээр дурдаад “төлөвлөгөөг боловсруулахдаа энэ бүхнийг харгалзан үзэх ёстой” гэдгийг сануулсан байна.

Сайд А.Новак үүний хариуд хэлэхдээ, Эрчим хүчний яам нүүрсний экспортын дэд бүтцийг хөгжүүлэх талаарх төлөвлөгөөг боловсруулахдаа Оросын төмөр замууд /РЖД/ НХН-тэй үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулна гэдгийг онцоллоо. Юуны өмнө Байгал-Амарын болон Транс Сибирийн төмөр замын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлснээр 2025 он гэхэд Азийн орнуудад нийлүүлж буй нүүрсний хэмжээг жилд 195 сая тн-д хүргэхээр төлөвлөж байгаа аж.   

Б.Адъяахүү

Эх сурвалжууд: https://inosmi.ru/economic/20191024/246101147.html

https://inosmi.ru/economic/20190826/245698980.html

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх