Энгийн галт тэрэгнээс ялгаагүй
Тусгай галт тэргээр гагцхүү Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нар л зорчих эрхтэй. Өөр бусад сайд нар, олигархиуд ч энэ галт тэргэнд хичнээн мөнгө төлсөн ч суух эрхгүй. Галт тэрэг Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар болон Оросын Төмөр замын хамтарсан мэдэлд байдаг аж.
Галт тэрэгний бүрэлдэхүүнд Медведевийн хувийн вагоноос гадна өөр хэд хэдэн вагон багтана.
Медведев вагон-ресторанд зөвлөгөөн, хурлаа хийдэг. Энд голд нь том урт ширээ байрлуулсан байх бол ханыг сийлбэртэй модон хавтангаар бүржээ. Тусгай үүргийн онгоцонд албан тушаалтнуудад гангар шаазантай цай өгдөг бол тусгай галт тэргэнд яг л бусад зорчигчдод үйлчилдэг шиг суурьтай шилэн аяганд цай хийж өгдөг байна.
Тусгай галт тэргэнд ажлын өрөө, гал тогоо, угаалгын өрөө, ор гээд Ерөнхий сайдыг тав тухтай зорчих бүхий л нөхцлийг бүрдүүлсэн байдаг гэнэ.
Ажлын хэсэгт бичгийн ширээ, түүний хажууд Оросын төрийн далбаа байх бөгөөд хаалгануудад ямар ч алтадсан бариул, цоож байдаггүй аж.
Төрийн өндөрлөгүүд зорчин яваа вагоны аюулгүй байдлын журмын дагуу хуяглагдсан байх ёстой гэнэ.
Төрийн өндөрлөгүүд тусгай буудлаас хөдөлдөг
Москва хотын төвд Засгийн газрын төмөр замын буудал бий. Энэ буудлаас ЗХУ дараа нь Оросын төрийн өндөрлөгүүд албан ажлаар морддог бөгөөд дээд зэргийн хамгаалалттай байдаг аж. Энэ тусгай төмөр замын буудлыг 1974 онд Леонид Брежневийн тушаалаар байгуулжээ.
Тусгай вагонууд аялалд гараагүй үед энд зогсдог эсэхийг хэн ч мэдэхгүй, нууцын зэрэглэлд хамаардаг. Мөн төрийн өндөрлөгүүд тусгай галт тэргийг ашиглан аялах нь олонтаа бөгөөд энэ талаар харин нийтэд огт мэдээлдэггүй гэнэ.
Дашрамд дуулгахад, үргэлж галт тэргээр зорчдог дэлхийн цорын ганц удирдагч бол Ким Жон Ун. Хуягласан галт тэрэгний бүрэлдэхүүнийг тэрбээр эцгээсээ өвлөн авсан. Энэ оны дөрөвдүгээр сард хуягласан галт тэргээрээ Оросын Владивостокт ирж байв.
Тухайн үед ягаан өнгийн буйдантай галт тэрэгний зураг дэлхий даяар тархаж байлаа. Галт тэрэгний бүрэлдэхүүнд Ким Жон Уны лимузиныг тээвэрлэдэг тусгай вагон бий. Ким Жон Ун галт тэргээрээ нийтдээ 334 мянган км аялсан гэх бөгөөд тэдгээрээс 64 мянган км замыг гадаад улс орон руу аялах үедээ туулжээ.