“Оюутолгойн ТУЗ-д байдаг Монголын талын гурав муу ажиллаж байна”

  • 0
  • 109
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах” тухай тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Ш.Раднаасэд, Л.Болд нарын гишүүд ийм утгатай үгийг хэлсэн юм. Ш.Раднаасэд “Оюутолгой компанийн ТУЗ-д Монголын талаас гурван хүн ажилладаг. Энэ хүмүүс маш муу ажиллаж байгаа. Тэдний идэвхтэй байр суурь ажиглагдахгүй байна. Би энэ төслөөс хувь хүртэх бус сүүлдээ өрөнд орж байна. 34 хувийг эзэмшдэгийнхээ төлөө өрөнд орж болох уу” гэж ярьж байв.

“Оюутолгой” төсөл хэрэгжээд 10 жил болж буй. Өчигдөр УИХ-ын чуулганаар Монголын талын эрх ашгийг хангуулах тухай тогтоолын төслийг баталсан учраас Засгийн газар, “Оюутолгой” компани хоёр хэлэлцээрийн ширээнд сууж таарах биз. Дубайн гэрээнд нэмэлт өөрчлөлт орох байх. Манай эдийн засагт өндөр чухал байр суурьтай энэ ордын ашиглалттай холбоотой асуудал үргэлж талцал хуваагдал, улстөржилт дагуулсаар ирсэн. Гэвч, энд дурдах гэсэн хамгийн гол санаа нь дэлхийн хэмжээний том төсөлд Монголын талын эрх ашгийг хамгаалж, ард түмэнд ногдсон 34 хувийг харж хандахаар сууж буй гурван хүний байр суурь бүдгэрчихээд байгааг хэлэх гэсэн юм.  

Оюутолгойн ТУЗ дэх Монголын талын гурваас Н.Багабанди гэхэд 2010 оноос хойш бүтэн 10 жил боллоо. Нөгөө хоёр гишүүн нь солигддог, харин Н.Багабанди гуай тороод үлддэг. Монголын эрх ашгийг хамгаална гэж ажилласныхаа төлөө арван жилийн турш хэдэн зуун мянган доллараар цалинжиж байгаа ч яг авч буй цалин шигээ Монголын эрх ашгийг хамгаалсан уу, яаж хамгаалсан бэ гэдэг асуулт цагийн эрхээр ургаж гарч ирж байна. Оюу толгойг жирийн малчнаасаа авахуулаад жигтэй хачин улстөржилтөө хүртэл нийгмийн давхаргууд бүгд сонирхдог, хардаг. Харин монголчуудын ашиг сонирхлын төлөө энэ гурван эрхэм ямар үүрэг хүлээж ажилладаг юм бэ гэдгийг зах зухаас нь одоо сонсож дуулмаар санагдана.

Эрхбиш монголчууд Ерөнхийлөгч асан Н.Багабандийгаа мэдэхтэйгээ болов уу. Харин хоёр дахь гишүүн нь Ц.Түмэнцогт. “Эрдэнэс монгол” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2018 оны зургаадугаар сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. Өмнө нь “Эрдэнэс Монгол” компанийн захирал, Эрчим хүчний сайдын зөвлөх, Эрчим хүч зохицуулалтын комиссын бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Жилийн өмнө ТУЗ-ийн гишүүн Б.Мөнхбаатарын оронд Монголбанкны Д.Энхжаргал томилогдсон. Дахиад өөрчлөлт хийж, Д.Энхжаргалын оронд Цэрэнгийн Сүхбаатар гэдэг хүн очжээ. Ц.Сүхбаатар гэдэг хүн ТУЗ-д орсон гэдгийг өчигдөр УИХ-ын чуулган дээр бүгдээрээ мэдэх жишээтэй. Ийм гурван хүн Оюутолгойн ТУЗ-д Монголын ашиг сонирхлыг харж манаад сууж байдаг аж. Тэдний сарын цалин бохироороо 100 мянган ам.доллар хүрдэг гэж Да.Ганболд гуай мэдээлж байсан. Үнэхээр Монгол Улсыг төлөөлж, хөрөнгө оруулагч талтай халуун нүүрээр тулж суудаг энэ гурван хүний байр суурь ийм дор орж бүдгэрчихэв үү. 

ЭХ СУРВАЛЖ: ХОТ.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх