Засгийн газар өнгөрсөн хоёр жилд 7.5 их наяд төгрөгийн өр барагдуулсан гэдгээ тодотгож байгаа. Зээл барагдуулсан оргил үе 2018 онд Сангийн сайд нэг сарын турш цаг тутамд нэг тэрбум төгрөгийн өр барагдууллаа хэмээн онцолсон нь ч бий. Итгэхэд бэрх ч энэ тоо баримтыг мэргэжлийн яам нь гаргасан учраас өнгөрсөн хугацаанд "Ардын” тодотголтой Засгийн газрын төлж барагдуулсан өр төлбөрийн дүнг задлан шинжлээд үзье. Ингэснээр Монгол Улсын өр буурав уу, эсрэгээрээ өсөв үү гэдэгт хариулт өгөх гэж оролдъё.
Одоогийн эрх баригчид 2016 онд Ардчилсан намаас 22.2 их наяд өр өвлөж авсан байдаг. Тэгвэл 2017 оны эцэст 22.7 их наяд төгрөг байсан Засгийн газрын өр өнгөрсөн жилийн төгсгөлд 22.4 их наяд төгрөг болж буурсан. Харин энэ оны эхний хагасын байдлаар 22.7 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Хэдийгээр хэмжээний хувьд өссөн ч эдийн засагт үзүүлэх нөлөөлөл харьцангуй тогтворжсон болохыг ДНБ-тэй харьцуулан үзэхэд гарна. Засгийн газрын өр 2017 онд ДНБ-ий 72.5 хувьтай тэнцэж байсан бол өнгөрсөн хоёрдугаар улиралд 54.4 хувь болж дарамт нь буурчээ. Үүнд, эдийн засаг өсөлт хурдацтай сэргэсэн нөлөөлсөн. Нөгөө талаар ам.долларын ханшийн өссөн, ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд зээл авсан, өмнө нь олон улсын зах зээл дээр гаргасан бондуудаа шинээр сэлгэн эдийн засагтаа амь тариа хийсэн нь мөнгөн дүн өсөхөд нөлөөлөв. Монгол Улс "Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр’’-т 2017 онд орсон бөгөөд энэ хүрээнд гадаад зээлдэгчдээс гурван жилийн хугацаанд 5.5 тэрбум ам.долларын зээлийг үе шаттайгаар авч эхэлсэн юм. Мөн 2017 оны гуравдугаар сард Хөгжлийн банкны 5.75 хувийн хүүтэй 580 сая ам.долларын бондыг 8.75 хувийн хүүтэй "Хуралдай” бондоор орлуулан төлж дуусгасан. Үүнээс хэдхэн сарын дараа 5.625 хувийн хүүтэй 800 сая ам.долларын "Гэрэгэ” бондоор 500 сая ам.долларын "Чингис” бондын 74.5 хувь буюу 372.8 сая ам.доллар, нэг тэрбум юанийн "Дим сам” бондын 9.5 хувийг буцаан худалдаж авсан юм. Өөрөөр хэлбэл, өмнөхөөсөө өндөр өртөг төлж өрөө барагдуулсан нь Засгийн газрын өрийн хэмжээ өсөхөд нөлөөлжээ. Нийтдээ гадаад үнэт цаасны үйлчилгээний төлбөрт 2016-2018 онд 1.2 тэрбум ам.доллар буюу 2.8 их наяд төгрөг төлсөн болохыг Үндэсний аудитын газар баталгаажуулсан.
Засгийн газрын өрийн эдийн засагт үзүүлэх дарамт буурахад Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжаа болон концессыг зогсоосон зэрэг нь голлон нөлөөлсөн байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд үүссэн үнэт цаас, концессын төлбөртэйгөө ноцолдсон хэвээр байгаа. Тухайлбал, арилжаа банкууд дахь үнэт цаасны арилжааг зогсоож, 370.5 тэрбум төгрөгийн үнэт цаасыг хугацаанаас өмнө буцаан худалдан авчээ. Засгийн газрын үнэт цаасны арилжаагаа 2017 оны аравдугаар сараас зогсоосон бөгөөд үнэт цаасны үлдэгдэл 4.6 их наяд төгрөгөөс 1.5 их наяд төгрөгт хүртэл буурсан. 2015 оны байдлаар дотоод үнэт цаасны үлдэгдэл 3.3 их наяд төгрөг байсан бол ердөө ганцхан жилийн дотор буюу 2016 онд 5.4 их наяд төгрөгт хүрч огцом нэмэгдсэн байдаг. Үүний шалтгаан нь Засгийн газар төсвийн алдагдлаа санхүүжүүлэхэд зориулж хоёр их наяд төгрөг, Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор нэг их наяд тэрбум төгрөг, "Сайн хөтөлбөр”-ийг санхүүжүүлэхэд зориулж 596 тэрбум төгрөг, Хүний хөгжил сангийн алдагдлыг санхүүжүүлэхэд 239.9 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаалсантай холбоотой аж. Засгийн газар өнгөрсөн хугацаанд зөвхөн дотоод үнэт цаасны үйлчилгээний төлбөрт 2016-2018 онд нийт 9.9 их наяд төгрөг төлсөн байна. Түүнчлэн 2016 онд 3.5 их наяд төгрөгт хүрэх байсан концессын гэрээг 2019 оны эхний хагас жилийн байдлаар 1.1 их наяд төгрөг болгон бууруулжээ.
Монгол Улс ирэх онд 959 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн төлбөрт төлнө. Харин 2021-2024 онд түүхэндээ байгаагүй их хэмжээний гадаад өрийн эргэн төлөлт хийх хүлээлттэй байгаа. Засгийн газар 2021 оноос эхлэн 2.9 тэрбум ам.долларын өр төлж эхэлнэ. Сангийн яамны тооцооллоор өрийн үйлчилгээний төлбөр 2020 онд төсвийн орлогын 19, 2021 онд 29.2, 2022 онд 38.4 хувьд хүрч, 2019 онтой харьцуулахад төсөвт үзүүлэх дарамт хоёр дахин нэмэгдэхээр байгаа юм. Тодруулбал, 2021 онд "Мазаалай” бондын төлбөрт 500 сая ам.долларыг 10.875 хувийн хүүгийн хамт шилжүүлэх учиртай. Түүнчлэн 2022 онд "Чингис” бонд нэг тэрбум сая ам.долларыг 5.125 хувийн хүүтэйгээр, 2023 онд "Гэрэгэ” бондыг 800 сая ам.долларыг 5.625 хувийн хүүтэйгээр, 2024 онд "Хуралдай” бонд 600 сая ам.долларыг 8.75 хувийн хүүтэйгээр төлөх нь төсөвт ирэх том ачаалал. Үүн дээр аж ахуйн нэгжүүд, арилжааны банкууд, Засгийн газар, төв банкны өрийг нийлүүлбэл, Монгол Улс 2020-2024 онд 13.5 тэрбум ам.долларын гадаад өрийг эргэн төлөх учиртай. Энэ нь гадаад валютын одоогийн нөөцөөс 3.6 дахин өндөр дүн. Иймд гадаад өрийн эргэн төлөлтийг өндөр хүүтэй бондоор дахин санхүүжүүлэх магадлал өндөр байгаа юм. Эсвэл валютын нөөцөө шавхах эрсдэлтэй. Төв банк гадаад валютын албан нөөцөө сүүлийн хоёр жилд дөрөв дахин өсгөөд байгаа ч ирээдүйд учирч болзошгүй эрсдэлийг хаах хэмжээний нөөц биш гэдгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үзэл баримтлалд тусгасан байдаг. Үзэл баримтлалд зааснаар Монгол Улсын валютын нөөц нэг жилийн импорттой тэнцэх хэмжээнд хүргэх учиртай. Энэ мэтээр үргэлжилбэл, өнгөрсөн жилүүдэд улсаа хорлосон удирдагчдын баасыг хамсан өдрүүд үргэлжлэхээр байна даа. Мөн энд Засгийн гарын өр 2020 онд 22 их наяд, 2021 онд 22.9 их наяд, 2022 онд 23.8 их наяд төгрөг болж өсөх тооцоо гарсан. Хэдий тооны хувьд өсч буй мэт боловч ДНБ-ий хэмжээтэй харьцуулахад 2020 онд Засгийн газрын өр 49.9 хувьд хүрнэ гэдгийг Сангийн яамнаас танилцуулсныг энд онцлох хэрэгтэй.
Хөндлөнгийн судалгааны байгууллагуудын зүгээс ирэх оны төсвийн алдагдлыг дахин нэмэгдүүлсэн нь гадаад өрийн дарамтад орох эрсдэлийг үүсгэж болзошгүй талаар анхааруулж байгаа. Улмаар гаднаас авсан зээлийн өртөг нэмэгдэх эрсдэлтэй. 2021 оноос төлөгдөх өр төлбөрт одооноос бэлдэж, эргэн төлөлтийн эх үүсвэрийг дотоод зах зээлдээ сөргөөр нөлөө багатайгаар шийдвэрлэх шаардлагатай аж. Дээр нь ирэх онд Засгийн газрын учирч болзошгүй өр төлбөрөөр доорх таван баталгааг нэрлэсэн байна.
1.3асгийн газраас 2013 онд баталгаа гаргаж, Хөгжлийн банк 10 жилийн хугацаатай, жилийн 1.52 хувийн хүүтэй, 30.0 тэрбум иенийн "Самурай” бондыг арилжаалсан. Гэрээний дагуу эргэн төлөгдөх хугацаа 2023 он бөгөөд 2019 онд 456 сая иенийн хүүгийн төлбөр төлөгдөнө.
2.БНХАУ-ЫН Хөгжлийн банк, Монгол Улсын Хөгжлийн банк хооронд байгуулсан 162 сая ам.долларын зээлийн гэрээнд Засгийн газар 2014 онд баталгаа гаргасан. Зээлийн хугацаа найман жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа гурван жил, 2017-2022 онд төлөх хуваарьтай. 2019 онд 27 сая ам.долларын үндсэн төлбөр, 6.2 сая ам.долларын хүү төлнө.
3.Засгийн газар 2013 онд МИАТ компани "Боинг 767-300ER” агаарын хөлгийг худалдаж авахад зориулан 121.4 сая ам.долларын баталлаа гаргасан. Тухайлбал, АНУ-ын "Экспорт-Импорт” банкнаас 77.4 сая ам.долларын 10 жилийн хугацаатай зээл, "ING CAPITAL LLC” банкнаас 5-7 жилийн хугацаатай 43.9 сая ам.долларын зээл авсан. Гэрээнд заасан хуваарийн дагуу 2019 онд 11.6 сая ам.долларын үндсэн төлбөр, 1.1 сая ам.долларын хүү төлнө.
4."Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааны эрсдэлийн болон санхүүгийн нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор 42 сая ам.долларын санхүүжилттэй төслийн зээлийн 85 хувьд буюу АХБ-ны 15 жилийн хугацаатай 35 сая ам.долларын хөнгөлөлттэй, техник туслалцааны зээлд Засгийн газрын баталгаа гаргасан.
5."Худалдаа хөгжлийн банк”-ны олон улсын зах зээлд арилжаалсан 9.375 хувийн хүүтэйгээр таван жилийн хугацаатай гаргасан 500 сая ам.долларын бондод Засгийн газар 2015 онд баталгаа гаргасан. Хуваарийн дагуу 2019 онд 23.4 сая ам.долларын хүү төлнө.