Д.Одбаяр дарга аа, бид танаас ичиж байна

  • 0
  • 95
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Монгол Улсын хуулийн цаазын тэргүүн, хууль болоод ёс суртахууны дээд байх ёстой эрхэм хүний газарт өөрийнхөө болон Монгол Улсынхаа нэрийг шороотой хутгасан.
Тодруулбал, өнгөрсөн сарын сүүлээр Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр бэлгийн дарамт учруулсан хэргээр БНСУ-ын онгоцны буудал дээр баригдсан байдаг. Тэрбээр Индонез улс руу томилолтоор явж байсан Үндсэн хуулийн Цэцийн дарга гишүүд багтсан томилолтын багийнхан согтуурч онгоцны үйлчлэгч, 20 настай эмэгтэйн өгзгөнд нь хүрсэн асуудал дэгдсэн.  Улмаар Кorean Air компанийнхан Д.Одбаярын үйлдлийн талаар цагдаагийнханд мэдэгдэж,  Инчоны нисэх буудлын хоёрдугаар терминал дээр газардах үед нь баривчилсан тухай мэдээлэл дэлхий нийтэд цацагдсан.
Тухайн үед Өмнөд Солонгос дахь Монгол улсын Элчин сайдын яам дипломатуудын халдашгүй эрхийн талаарх “Дипломат харилцааны тухай конвенц”-ийн дагуу Д.Одбаярыг баривчлах ёсгүй гэж мэдэгдсэн бөгөөд улмаар түүнийг сулласан.
Үйл явцтай зэрэгцэн Үндсэн хуулийн цэцээс эрхэм даргаа хамгаалан мэдэгдэл хүртэл гаргаж байв. Гэвч Д.Одбаяр нь БНСУ-д дахин байцаалт өгч, хэргээ хүлээн зөвшөөрсөн. Улмаар  Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярт БНСУ-ын Инчеон хотын прокурорын байгууллага долоон сая вонын торгох шийтгэл ногдуулсан.
Ийн хүний нутаг, гүний хошууд ичгэвтэр байдлаар Монгол Улсынхаа нэрийг гаргасан Д.Одбаяр дарга Монголдоо өнгөрсөн долоо хоногт газардсан. Олон нийтийн зүгээс түүнийг ирсэн даруйдаа өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгнө гэх хүлээлттэй байв. Гэсэн ч тэр тэгсэнгүй. Бүр суудалдаа үлдэхээр санаархаж, Цэцийн гишүүдийнхээ хөлд сууж эхэлсэн сурагтай. Цэцийн гишүүдийн хурлаар Д.Одбаярыг суудалдаа үлдэх эсэхийг шийдэх ёстой. Гэвч тэрбээр өөрийн хүрээний Цэцийн гишүүдээ дагуулан тов зарласан хурлаас сүүлээ хавчин зугтсан сурагтай.
Одоо бол БНСУ өөрийн хуулийн дагуу буруутай гэж шийтгэл хүлээсэн Д.Одбаяр даргыг эх орондоо очоод хэрхэн хариуцлага хүлээхийг ажиглаж байгаа. Гэтэл бусдад бэлгийн дарамт үзүүлснээ хүлээн зөвшөөрч, торгуулиа хүртэл төлсөн Д.Одбаяр Монголдоо ирээд суудалдаа үлдэх арга саам хайж эхэллээ. Хэтэрхий ёс суртахуунгүй, хууль цааз, Улсын нэр хүндээ юман чинээ тоодоггүй МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН дарга Д.Одбаяр танаас бид ичиж байна.
О.Онон

Эх сурвалж: Olloo.mn

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх