ТАНИЛЦ: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгч “шүдгүй арслан” болж, Ерөнхий сайдад “бүх эрх мэдэл” шилжжээ

  • 0
  • 89
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы (2019.11.14) хуралдаанаар Д.Лүндээжанцан нарын 62 гишүүнээс 2019 оны зургадугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж баталсан. Ийнхүү парламентад үнэмлэхүй олонх болсон МАН Үндсэн хуульд хоёр дахь удаагаа өөрчилсөн юм.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад энэ долоо хоногт хүргүүлсэн. Хэрэв Үндсэн хуульд оруулсан, нэмэлт өөрчлөлтөд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавихгүй бол 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн өөрчлөн, батлагдсан Үндсэн хууль Монгол Улсад дагаж мөрдөгдөнө.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр эрс өөрчлөгдөж байгаа зохицуулалтууд бол яах аргагүй Монгол Улсын Ерөнхийлөгчид холбогдох хэсэг юм.

Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, иргэн нэг удаа 6 жилийн хугацаатай сонгогдоно гэж өөрчилсөн нь 2 удаа 4 жилээр сонгогдох зохицуулалт өөрчлөгдсөн гэсэн үг юм. Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдлийг асар ихээр хассан байна.

Тухайлбал Үндсэн хуулийн 1992 оны хувилбараар Монгол Улсын Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болох тухай заасан байсан ба энэ бүрэн эрхийн хүрээнд Ерөнхий прокурор, Авилгатай тэмцэх газар, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Сонгуулийн Ерөнхий хороозэрэг олон байгууллагын томилгоонд Ерөнхийлөгч оролцдог байсныг хязгаарлаж, тухайн асуудлыг Ерөнхий сайдад хариуцуулсан байна.

Тухайлбал, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 3 дугаар зүйлийн 9 дэх заалтаар Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 9 дахь хэсгийг “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж өөрчилжээ.

Харин Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд Ерөнхийлөгч дараах бүрэн эрхийг эдэлнэ гэж заажээ. Үүнд:

  1. Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ;
  2. Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах;
  3. Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно;
  4. Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах;
  5. Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах;
  6. Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах;
  7. Улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах;
  8. Уучлал үзүүлэх;
  9. Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх;
  10. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх;
  11. Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах;
  12. Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно.
  13. Ерөнхийлөгч Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна.
  14. Ерөнхийлөгч Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно.

Дээрх өөрчлөн батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс үзвэл 2020 оны тавдугаар сараас эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн институт дэх томилгооны олон бүрэн эрх Засгийн газарт шилжиж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлснээр “шүдгүй арслан” болжээ.

Эх сурвалж: iSee.mn  

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх