Үнэт зүйлгүй хүнд Монгол байтугай дэлхий ч үнэ цэнэгүй

  • 0
  • 97
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

1.

Сулейман хааны гэрээслэл. Намайг бие барсны дараа шарилыг маань эмч нар өргөж яв. Үхэл хийгээд өвчний өмнө дэлхийн хамгийн сайн эмч нар ч хүчгүйддэгийг олон түмэн мэдэг. Бурхан хүртэлх замын туршид алтан зоос шид. Алт эрдэнэс, эд хөрөнгө ардаа үлддэг гэдгийг үзэг. Миний хоёр гарыг ил гаргаж яв. Дэлхийн хамгийн том эзэнт гүрний хамгийн баян хаан хүртэл гар хоосон буцаж байгааг хараг гэж гэрээслэжээ. Сулейман бол түүхэнд хамгийн удаан буюу 620-иод жил оршин тогтсон Османы эзэнт гүрний ид сэргэн мандалтын үед 46 жил хаан суусан хүн.

Энэ цагаас хойш дэлхий ертөнц орвонгоороо эргэв. Сансар огторгуйг эзэгнэхдээ тулж, энгийн иргэдийн анхны аяллыг АНУ-ын иргэн Деннис Тито 2001 онд 60 настайдаа хийжээ. Хорин сая доллар төлж эхлүүлсэн түүний араас одоогоор 6 хүн аялсан, 700 гаруй хүн бүртгүүлэн ээлжээ хүлээж буй ажээ. Марсыг эзэгнэх дэлхийн өрсөлдөөнд монгол залуусаа нэгтгэн зүтгэж буй “Mars-V” төслийн санаачлагч Э.Эрдэнэболд “Эргэж ирэхгүй нөхцөлтэйгөөр Марс руу аялах нээлттэй бүртгэл 2013 онд эхэлсэн. 210 гаруй мянган хүн бүртгүүлсэн. Хоёрдугаар шатны шалгаруулалт хийхэд 107 орны 1100 орчим хүн тэнцээд байгаа юм билээ. Тэгэхээр Марс дээр амьдрах дэлхий нийтийн төлөвлөгөө хэрэгжиж эхлэхэд ойртож байна  гэсэн үг” гэж ярилаа. Мэдээж, хүн үүссэн цагаас, энд жишээлсэн Османы эзэнт гүрнээс Марсыг эзэгнэх хүртэлх хүн төрөлхтөний түүхэнд нэг л юм огт өөрчлөгдсөнгүй. Хүн хураасан, хулгайлсан эд хөрөнгөө авч буцдаггүйг хэн ч өөрчилж чадсангүй. Энэ бол ертөнцийн жам, Бурхны хууль болой. Ирэдүйд Марс руу ч авч явахгүй бололтой юм.

2.

Гэтэл монголчууд бид өнөөдөр улсаараа шахуу зөвхөн мөнгөний төлөө чаддаг чаддагаараа зүтгэнэ. Чадал, боломждоо тааруулан мөнгө-цэцэрхэл-талцал дунд амьдарна. Хөгжлийн алтан гурвалжин гэдэг шиг өнөөдрийн монголчуудын амьдралын гурвалжин нь мөнгө-цэцэрхэл-талцал гурав болжээ. Мөнгө яриагүй, мөнгө шүтээгүй, мөнгөнөөс хамааралгүй хүн ховор. Санасан хэмжээндээ мөнгө олж чадахгүй байгаа нь ядаж л өөрөөсөө илүү мөнгөтэй хэсгээ үзэн ядах үндсэн ажилтай. Цэцэрхэж, хийрхэх нь ч ихэнхдээ бас мөнгөний төлөө.  Мэдэхгүй сэдэв байхгүй. Мэдэж байгаа нь ч бас ховор. Бүх юман дээр цэцэрхэнэ. Хэтрүүлж хийрхэнэ. Ялангуяа монголчуудынхаа  алдаан дээрээ нийтээрээ мэргэд болно.  Бараан мэдээнд их дуртай. Сэтгүүлзүй ч түүнийг нь түүж мэдээлдэг болов. Ерөнхийдөө л монгол хүн муу явбал хамгаас түрүүнд монголчууд л баярладаг болов. Монгол хүнийхээ амжилтад баярлахдаа ч, алдаанд нь харамсахдаа ч ихэнхдээ дүр үзүүлнэ. Уг нь хэдхээн жилийн өмнө зөвхөн улстөрчид л “камерын өмнө ба камергүй үеийн” гэх хоёр амьдралтай байлаа. Одоо Монголын нийгмийн идэвхтэй хэсгийн олонхи нь “сошиалын ба бодит амьдрал”-ын гэх хоёр нүүр, хоёр амьдралтай. Хувь хүнийг өөрөөс нь илүү мэддэг, үйл явдлын учрыг байтугай урьдчилаад мэддэг сошиал орчинтой мөртлөө улс орон яагаад хөгжихгүй, яагаад хамгийн муу хүмүүс нь УИХ-д сонгогдоод байна вэ. Гаргалгаа нь энгийн. Ард түмэн эдийн засгийн өсөлтийг илэрхийлсэн тоог бус, лангуун дээрх талхыг авч иддэгтэй адил л аксиом.  Өөрөөр хэлбэл, улстөрчдийн олонхийн бодит амьдрал, бодит дүр камерын өмнөхөөс өөр шиг хийрхэгчид хийгээд “мэргэд”-ийн бодит амьдрал нь сошиалынх шигээ байдаггүй гэсэн санаа. Тэгээд ч нэг улсын байтгуай, нийт хорвоогийн амьдрал өөрөө хувь хүмүүсийн бодит амьдралын л нэгдэл байдаг.Ийм хиймэл дүр, хоёр нүүрийн цаадахь бодит амьдралын бодит шалтгаан нь ихэнхдээ бас л өнөөх мөнгө, эрх мэдлийн сонирхол байх.  

Ер нь мөнгө монголчуудыг нэгтгэх, Монгол Улсыг, монголчуудыг монголоор нь үлдээж чадах үзэл санаа мөн үү? Монголчууд бид мөнгийг үнэт зүйлээ болгон шүтэж амьдрах хүчирхэг үндэстэн мөн үү? Манай улсын эдийн засаг жижигхэн. Дэлхийн топ-100 компанийн  бараг 100-д нь эрэмбэлэгдэх компанийнхаас ч бага байж магадгүй. Манай эдийн засаг 14 тэрбум доллар байхад Оюутолгойн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто”-гийн зах зээлийн үнэлгээ нь 2019 оны дүнгээр 89 тэрбум долларт хүрчээ. Манай улсын эдийн засгаас зургаа дахин их. Бид улсаараа 14 тэрбум долларын эдийн засагтай байхад “Рио Тинто”-гийн өнгөрсөн оны татварын дараах цэвэр ашиг нь 13.5 тэрбум доллар.  Тэгэхээр мөнгө дангаараа Монголыг Монголоор нь авч үлдэж чадахгүй.  Дэлхийн 200 гаруй улс, долоон тэрбум гаруй хүнтэй монголчууд бид мөнгөөр, эдийн засгаар өрсөлдөн үлдэж барахгүй нь энэ ганц жишээнээс харагдана.

3.

Тэгвэл монголчуудыг, Монгол Улсыг  монголоор нь үлдээх үнэт зүйл, үзэл санаа юу вэ. Үнэт зүйл нь хувь хүмүүсийн ёс суртахуун, үзэл санаа нь монголчуудын бүтээлч эв нэгдэл байх ёстой. Гэтэл ёс суртахуунаар удаан цангавал эх орноосоо ч уйдаж эхэлдэг бололтой юм. Үүнийг илтгэх гунигтай тоо танилцуулъя. Э.Сонинтогос захиралтай Соёл, урлагийн их сургуулийн эрдэмтэн багш нар сүүлийн хоёр гурван жилийн турш монголчуудын үнэт зүйлийг тодорхойлох судалгаа хийжээ. Судалгааны “Та эх орныхоо ирээдүйд итгэлтэй байна уу” гэсэн асуултад 15 хувь нь итгэлгүй, 53 хувь нь тийм ч итгэлтэй биш, 8 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ. Үлдсэн 24 хувь нь л бүрэн итгэлтэй гэж. Судалгаанд оролцогчдын 70 хувь нь 19-49 насныхан. Энэ үеийнхэн, судалгаанд оролоцгчдын 68 хувь нь Монгол Улсынхаа ирдээүйд итгэлгүй, эргэлзэж байна гэж хариулсан байна.  Судалгааг 18 аймаг, 9 дүүргийн 1500 хүний дунд явуулжээ. Энэ бол монголчуудын үнэт зүйл, хандлагын өөрчлөлтийг тодорхойлоход нийт монголчуудаа төлөөлж чадах боломжтой тоо гэдгийг судлаачид хэлэв. Судалгааны хүрээндээ эрдэмтэн судлаачдын олон ч удаагийн уулзалт, эрдэм шинжилгээний бага хурал хийжээ. Нэг удаагийнхад сууж таарав. Лав л Удирдлагын академийн нэгэн багш “Аргачлал нь өөр ч, дүнгийн хувьд бидний хийсэн судалгаатай таарч байна” гэсэн. Оросууд гэхэд 2500 хүний дунд явуулсан судалгаандаа үндэслэж орос хүний, оросуудын үнэт зүйлийг тодорхойлж гаргаж иржээ. Тэд хэд билээ, бид хэд билээ гээд харьцуулбал манай 1500 хүн цөөдөхгүй бололтой юм. Сингапур мөн л ийм тооны иргэдийнхээ судалгаан дээр үндэслэж үнэт зүйлээ тодорхойлжээ. Одоо тэр нь Сингапурын “Цагаан ном” гэж дэлхийд алдартай, иргэдийнх нь амьдралын, амьдрах дүрэм болдог байна. Ердөө тавхан заалттай. Уншихаар, манай улстөрчдийн улиг болтол хэлж, өөрөө эсрэгээр нь хийдэг эрх ашгийг эрэмбийг л сингапурчууд “Ёс суртахууны дүрэм” болгочихсон юм билээ. Манайд бол ховор амьтдын тухай улаан ном байдгаас бус, хүний хөгжлийн тухай ямарч өнгийн ном байхгүй.  СУИС-ийн судалгаанд оролцогчдын дийлэнх нь гэр бүлийг хамгийн үнэт зүйл гэжээ. Гэр бүлийнхээ үнэт зүйлийг гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд гэсэн байна. Санал нэгдэнэ. Тэгвэл монголчуудын бидний нийтийн, монгол хүн бүрийн нэгдмэл үнэт зүйл юу вэ? Монгол эх орон мөн үү? Мөн юм бол яагаад 68 хувь нь эх орныхоо ирээдүйд итгэлгүй байна вэ? Монгол маань тийм ирээдүйгүй болчихсон улс уу? Янз бүрийн шалтгаан, хүн бүрт өөрийн бодол бий байх.  Минийхээр, хүмүүс өөрөө мөнгөгүй учраас эх орныхоо ирээдүйд итгэхгүй байгаа биш байх. Бүгдээрээ адилхан баяжсангүй, Төрийн ордонд цөмөөрөө дарга болж суусангүй, том компанийн захирал болсонгүй гэж бухимдаагүй нь тодорхой. Товчхондоо үнэт зүйлгүй,  ёс суртахуунгүй нийгмээсээ зугтах бодолтой болжээ. Ёс суртахуунгүй, иргэншээгүй олонлогоос залхаж эхэлж гэвэл илүү дөхнө. Улстөрчдийн, нийгмийн том, том зүтгэлтнүүдийн хоёр нүүр нь энгийн иргэдээ ийм сонголт, эргэлзээний өмнө авчирчээ. Авлига, арын хаалга, тэгш бус орон зай, ер нь нийгмийн шударга бус харилцаанаас залхжээ. Өөрөөр хэлбэл, Монголоосоо зугтаагүй, Монголын өнөөдрийн нийгмээс, шууд хэлбэл, улстөрчдөөс болж зугтах бодолтой болсон хэрэг.

 Улсаараа үнэт зүйлгүй, иргэд нь ёс суртахуунгүй яваад хөгжсөн, бас хөлжсөн чухам хэд байдгийг мэдэхгүй. Лав л Мексикийн Ерөнхийлөгчөөс “Хойд Америкийн улсууд хөгжөөд, Өмнөд Америкийнх яагаад хөгжихгүй байна вэ” гэж асуухад “Хойдууд мөрөөдлөө бүтээж амьдардаг. Харин өмнөдүүд бол ердөө л алт ухах гэж цугларсан, одоо ч алт л ухах философитой” гэж хариулсан гэдэг. Үүнийг монголчилж үзвэл монголчууд бидний мөрөөдөл өнөөдөр тодорхойгүй. Хаашаа яваад байгаагаа мэдэхгүй. Лав бусдын адил Марс руу яваагүй гэдгээ мэднэ.  Харин мөнгө олохын тулд эх орноо ухаж амьдарч байгаа нь хэнд ч тодорхой байгаа.

4.

Монголчууд бидний мөрөөдөл юу вэ? Ёс суртахуунтай иргэд, ёс зүйтэй нийгэм бол монголчуудын мөрөөдөл. Үүнийг зөвхөн мөнгө, эсвэл дан ганц боловсролоор бүтээхгүй. Боловсрол чухал бөгөөд эрхэм. Тэгэхдээ нийгмийг удирдах, нийгэмд эерэг үлгэрлэхэд хууль, боловсрол, ёс суртахуун гурвын аль нь илүү нөлөө үзүүлэхийг тооцох ёстой. Жишээ нь, өнөөдөр ард түмэн банкны зээлдээ 30 хувийн хүү төлдөг. Гэтэл жирийн иргэдэд очих ёстой ЖДҮ-гийн зээлийг хувьдаа 3 хувийн хүүтэй аваад өөрийг нь УИХ-д илгээсэн  ард түмэндээ 36 хувийн хүүтэйгээр дамжуулан зээлж байгаа УИХ-ын гишүүний мөнгө хүүлэлтийг боловсролгүй хүний үйлдэл, боловсрол дутсаных гэх үү. Харвардын диплом халааслачихаад худлаа хэлж, хулхидаж явааг боловсрол дутсаных гэх үү. Улстөрчдийн илт худлаа хэлж, үзэл бодол, намаасаа урваж байгаад боловсрол, ёс зүй хоёрын аль нь илүү дутсан гэх вэ. Манай дипломатууд Германд тамхи зөөлөө л гэдэг. Үнэндээ бол тэнд дэлгүүрийнхээс нь хямд үнэтэй тамхийг баргийн герман хүн авдаггүй гэдэг. Хулгайн, хуулийн гадуурхи наймаа гэдгийг мэддэг учраас.  Японд ёс суртахуунгүй хүн орон зайгүй. Мөнгөтэй байлаа ч, үнэт зүйлгүй, ёс суртахуунгүй япон хүнд ажил, албан тушаалын карьергүй. Манайд бол эсрэгээрээ. Мөнгөтэй л бол ёс суртахуун хамаагүй. Мөнгөгүй бол харин орон зайгүй. Үнэт зүйл, ёс суртахуун бол хоосон чанартай, цүнх барих, дарга дагаж долоохоос үнэ цэнэгүй болжээ. Үнэт зүйлтэй нийгэмд ёс суртахууны өмнө мөнгө хүчгүйддэг байхад, манайд харин мөнгөний өмнө хууль хүртэл хүчгүйдэх жишээтэй.

Монголчууд Герман, Японых шиг ийм л ёс суртахуунтай иргэд бүхий ёс зүйтэй нийгмийг л хүсдэг. Тэнд иргэд нь сайхан амьдрах, хангалуун амьдрах хоёроо ялгаж эрэмбэлж чаддаг. Манайд эсрэгээрээ. Улстөрчид гэхэд баян болох, баялаг бүтээх хоёроо ялгахгүйгээр бизнесийнхэнтэйгээ барьцаж өрсөлдөж амьдардаг. Улстөрчид өөрт нь л ашиг гарахаар байвал ТҮЦ-ний ширхгийн худалдаанаас эхлээд “Эрдэнэт”-ийн 49 хувийн арилжаа хүртэлх бүх юманд орно.  Жишээ нь, энэ УИХ-ын бүрэн эрх “Эрдэнэт”-ийн 49 хувийг шийдэх амлалтаар эхэлсэн, одоо бүрэн эрхийн хугацаа нь мөн л “Эрдэнэт”-ийн 49 хувийг шийднэ гэснээр дуусах гэж байна. Уг арилжаанд хууль, санхүүгийн ямар зөрчил маргаан байгааг сайн мэдэхгүй. Хоёрын зэрэг үнэн ил байна. Нэгд, татварын дүн, Орос руу двидент хуваахгүй байгааг харвал “Эрдэнэт”-ийн 49 хувь Монголдоо ороод ирсэн нь үнэн байна. Хоёрт, “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын компани, монгол хүн авсан нь монголчуудын дунд асуудал үүсэх шалтаг шалтгаан ч болж гэж хардаж болохоор дөрвөн жил сунжирч хэрэлдэв.

5.

Амар тайван амьдрал бүхий ёс зүйтэй нийгмийг дан ганц хуулиар ч бүтээхгүй. “Эрдэнийн эрх субаашид”-д “Энэ ертөнцөд муу юм хэдий олон ч муу хүнээс илүү аюул үгүй” гэжээ. Муу хүн гэдэг нь ёс суртахуунгүй хүн. Тэгэхээр ёс суртахуун бол хүн байх, хүний нийгэмд зөв амьдрах л дүрэм.  Хууль хүний үйлдлийг хязгаарладаг бол ёс суртахуун хүний оюун санааг, тархийг удирддаг. Мэдээж, ёс суртахуунтай хүн санхүүгийн хувьд учиргүй баян болохгүй. Гэхдээ ёс суртахуунтай хүн хууль хийгээд мөнгөтэй хүнээс ч илүүтэй, хүчтэйгээр нийгэмдээ зөв үлгэрлэдэг нь “хууль”. Тэгэхээр хуулийн хууль нь ёс суртахуун юм. Тэгэхээр Монголын нийгэм, монголчуудын олонхи нь өнөөдөр хуулийг удирдах “тархи”-гүй, хаашаа явж байгаагаа заах GPS-гүй яваа. Хаашаа явж байгаагаа мэдэхгүй хүн ирээдүйдээ итгэлтэй байх боломжгүй учраас л судалгаанд оролцогчдын 68 хувь нь тэгж хариулсан байх. Иймд улстөрчид, төрийнхөн үнэт зүйлгүй нийгэм бүтээж, ёс зүйгүй болгосон иргэдээсээ эх оронч байхыг шаардах эрхгүй. Учир нь үнэт зүйлгүй хүн /ард түмэн/-д  Монгол байтугай, дэлхий ч үнэ цэнэгүй.

Уг нь монголчууд бид  “Бор гэртээ богд” гэж эх оронтой хүн бүтэн байдаг, өөрийн нутгаас олоогүй жаргалыг хүний нутгаас олно гэж байхгүй гэсэн л ардын философитой ард түмэн шүү дээ.

Г.Отгонбаяр

Эх сурвалж: itoim.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх