-Саарал жагсаалтын “Их буучид” минь сүүлчийн хоёр Ерөнхийлөгчөө барьцаалаад, МАНАН–мафийн 345 ноцтой хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгочихоод байгаа Улсын Дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн удирдлагын хэдэн хуягласан хувалзнууд “овоо хараанд” чинь орохгүй байна гэж үү-
Монгол Улс саарал жагсаалтад орчихлоо. Улс үндэстнийхээ төлөө санаа зовсон шудрага эх орончид эрдэмтэн мэргэд, нийт ард түмэн санаа зовинож, зарим нь өөрсдөө өрөнд уначихсан юм шиг хүнд байдалд оржээ.
Тэгтэл! Тэгтэл хэн чанга хашгирч, хэн баярлаж, хэн инээж тавлаж байгааг манайхан сайн харж байгаа. Битүүхэндээ саарал, хар жагсаалтыг мөрөөдөж, гадна дотныхонтой сүлбэлдээд явж байсан хүмүүс өнөөдөр бах тав нь ханаж, буруутныг эрж хайх нэрийдлээр, өшөө хонзонгоо тайлж байх юм. У.Хүрэлсүхийн засгийн газар буруутай л гэнэ. Хууль зүй дотоод хэргийн яам буруутай л гэнэ. Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, арилжааны банкууд, адаг сүүлд нь “халамж их хүртсэн” бид ч буруутай бололтой. Улсын их хурлын дарга Г.Занданшатар “үлгэр жишээ үзүүлэн” Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга хоёроо огцруулж, хариуцлага тооцох юм боллоо. Өнөөх, түрүүчийн засгийн газрын үед тохоон томилогдсон Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Ганц би биш, Засгийн газар буруутай” хэмээн барьцаж томорлоо. Түүнд буруутай зүйл бий л байх. Хамгийн наад зах нь УИХ–ын гишүүн Ц.Гарамжавын 10 тэрбумын өрийг Монголбанкнаас төлчихсөн хуйвалдааныг одоо хүртэл шийдүүлээгүй л байгаа шүү дээ. Гэхдээ Н.Баяртсайханы буруутай үйлдлүүд бол Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалын “нүгэл”-ийн дэргэд бол хумсны толио шиг юм л даа. Шүүх прокурорынхон Н.Золжаргалд хилийн хориг тавилгүй оргуулчихаад хойноос нь шалгаж байгаа ч гэх шиг жүжиг тоглож байгаа. Уул нь шударга хуульчидтай улс оронд бол ийм оргодлууддаа дээд хэмжээний ял оноогоод интерполын шугамаар аваад ирдэг юм билээ. Манайхан ч…
Харин Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн халагдах өргөдлөө өгч, хариуцлага хүлээхэд бэлэн гэсэн байна билээ. Шударга сайн эмэгтэй, хариуцлага алдлаа ч гэсэн, хэн нэгэнтэй барьцдаггүй, дутагдлаа хүлээж, дуулгавартай загнадаг ийм эмэгтэйчүүдийг уучлаасай, урам өгч ажиллуулаасай гэж би бодож байгаа.
Хууль зүй, дотоод хэргийн яам, сайд Ц.Нямдорж руу “гал нээж” байна. Өш хонзон гэж нэг айхавтар зүйл байх юм даа. Ажиглаад байхад Ц.Нямдоржоор түрүү нь “бодио хөтлүүлсэн” одоо түүнээс үхтлээ айж байгаа хэдэн хүн л “Огцруул, хал, хариуцлага тооц” гэж хашгиралдаад байгаа. Сайхан шалтаг гарч л дээ. Үүн дээр нь дөрөөлж Ц.Нямдоржийг дарж авахгүй бол, энэ хэрэгсэхгүй болгочихсон олон ноцтой гэмт хэрэг чинь дахин шалгагдах гээд байдаг, С.Зоригийн хэргийг захиалагч, алуурчид илрэх гээд байдаг, ЖДҮ–г зохион байгуулсан жинхэнэ эзэд ялтны ширээнд суух гээд байдаг, өөрсдийг нь өмгөөлж хамгаалж байдаг хууль шүүхийхнийг зайлуулж хэрэгтний ширээнд суулгах гээд байдаг… Ингээд л өнөөх муу Нямдорж руу мөн ч олон дайралт хийлээ дээ. Тэр тоодоггүй юм. “Жингэрүүд хуцаж л байг, жингийн цуваа явдгаараа явж л байна” гэсэн байдлаар ханддаг л даа. Миний яриад, бичээд байгаа зүйлд итгэдэггүй ганц нэг хүн байвал саяхан гарсан “Энэ амьдралд нэг арьсан дотор нэг нүүртэй байж байгаад дуусчихвал сайхан” гэдэг сонирхолтой номыг уншаад үзчихвэл зүгээр юмсан. Сэтгүүлч Б.Ганчимэгтэй Ц.Нямдоржийн удаа дараа ярилцсан ярилцлагаар энэ ном бүтсэн байгаа. Ц.Нямдорж гэдэг хуульч ямар ээдрээ түвэгтэй замыг туулж, Монголын парламентыг, Хууль зүй дотоод хэргийн яамыг удирдах болсон тухай танилцах болно. Тэрчлэн, Монгол төрийн толгойд байсан олон хүний хэн нь хэн бэ гэдгийг хөдөлшгүй баримтаар, он цаг хугацаатай нь гаргаж тавьсан байгаа. Энэ номыг юун түрүү О.Баасанхүү, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Л.Гүндалай … нэр уншвал зүгээр л юмсан.
“Их бууч”-дын онилж байгаа нэг хүн бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Энэ хүн хэр зэрэг санхүүч вэ, хэр зэрэг дайчин зохион байгуулагч вэ гэдгийг монголчууд мэднэ дээ. Ядмаг, дорой сайд гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Гэхдээ нэг л зүйлийг эрхэм “буучид” маань анхаарлаасаа салгаж болохгүй байх. Ч.Хүрэлбаатараас өмнө энэ хүний энгэрийн товчинд ч хүрэхгүй хүмүүс Сангийн яамыг удирдаж, “Санхүүгийн сэнхүү” гэтлээ хэлэгдэж байсныг бүү мартаарай. Монголын сан хөрөнгийн “авдар”-ыг дүүргэе гэхээсээ дүүгүүрийн чулуу шиг шидэлж, цацалж байсан хүмүүсээс болон, эцэст нь саарал жагсаалтад хүрлээ гэж би боддог. Гол нь улсын төсөв! Ард түмнээ арай хэтэрхий ялгаварласан. Сангийн сайд нь өөрийнхөө аймагт хуваарилсан төсөв нь 6-7 аймгийн төсөвтэй тэнцэж байх жишээтэй. Сонгуулийн жилийн энэ төсвийг хүмүүс “Улсын төсөв биш, Увсын төсөв гээд нэрлэчихсэн байна. Улаан цайм ийм луйвар хийж болохгүй л дээ.
Гэхдээ, эрхэм “их буучид” минь гол байгаа онохгүй байна. Монгол Улсыг саарал жагсаалтад оруулаад цаашдаа хар жагсаалтад оруулахаар санаархаж байгаа гол буруутан чинь, сүүлчийн Ерөнхийлөгчөө барьцаалчихаад “сүйрлийн харанга” дэлдэж байгаа хүмүүс: Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн цөөн хэдэн хүн юм шүү. Эсэргүүцэх хүн байвал надтай гар бариад, ширээний хоёр талд суусан ч болно. Би 100 баримт дэлгэж чадна.
Би гол буруутныг нэрлэе. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч асан Ц.Зориг, Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга асан Н.Лүндэндорж Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц… гэхчлэн хүмүүс энэ саарал жагсаалт гэдэг юм руу Монгол Улсаа чихчихсэн нь туйлын үнэн. Н.Лүндэндорж саяхан зайлуулагдлаа.
Би ганцхан баримт авъя. Авлигатай тэмцэх газар, тагнуул, цагдаагийнхны амь насаараа дэнчин тавин байж илрүүлээд, мөрдөж мөшгөөд хөдөлшгүй болгож прокурорт шилжүүлсэн 345 хэргийг энэ мафийн бүлэглэл чинь хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгочихсон байгаа. Энэ олон зуун хэргийн 80-90 хувь нь дарга сайд нар, тэдний гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүсийн хэрэг байна. Хөөн хэлэлцэх хугацааг дуусгахын тулд энэ шүүх прокурорынхон яаж мартагнуулдаг, яаж хоорондоо шидэлцэж цаг хугацааг өнгөрүүлдгийг олон түмэн мэдэж байгаа. Зарим хэрэг нь эдний хооронд алга болоод сураг тасарсан гэсэн. Ингэж зориудаар хэрэгсэхгүй болгосон ноцтой хэргүүдээс улсад 2.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж албан ёсоор мэдээлсэн байна билээ. Миний бодлоор бол энэ тоо зөвхөн нэг хэргийнх нь байх. Эдний, улсад учируулсан хор хохирол 2.5 тэрбум ам. доллар юмуу, хэдэн их наядаар хэмжигдэх байх гэж олон түмэн ярьдаг л даа. Энэ хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон 345 хэрэг дотор чинь Монголыг саарал жагсаалтад оруулсан гол гэмт хэргүүд: Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, эх үүсвэрээ тогтоож чаддаггүй асар их валют, монгол мөнгө, хүний наймаа, хар тамхи, хил дамнасан залилангийн хэргүүд бүгд байгаа. Тэр хэргүүдийн МАНАН- мафитай холбоотой нь бараг бүгдийг хэрэгсэхгүй болгочихсон. Харин энэ мафийн сүлжээний гадна байгаа хүмүүсийг бол шоронд суулгаж байгаа. Хамгийн ноцтой нь төр улсаа саарал жагсаалтад оруулсан гол буруутан Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан “Сахал” Д.Эрдэнэбилэг нарын гол гэмтнүүдэд хилийн хориг тавилгүй зориуд оргуулчихсан. Ер нь МАНАН-мафийн бүлэглэлийнхнийг оргуулах үйл ажиллагаа байнга үргэлжилж байгаа нь нууц биш. Хамгийн сүүлд л гэхэд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хилийн хоригийг нь цуцлаад гадаад руу гаргачихлаа. Түрүү, эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн дотор гол буруутан залуу С.Төмөрбат гэгч байсан гэдэг. Тэрээр эрхийг нь түдгэлзүүлэнгүүт АНУ руу гэр бүлийнхээ хамт оргочихсон.
Манай Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ руу дээд хэмжээний айлчлал хийхдээ Улсын Ерөнхий прокурорыг дагуулаад явна билээ. Олон түмэн үүнийг хоёр янзаар хүлээж авсан. Нэг хэсэг нь, Х.Баттулга маань, Ерөнхий прокурортойгоо очиж оргосон шүүгчээ авчрах гэж явлаа гэдэг. Нөгөө хэсэг нь, төрийн тэргүүн маань оргосон шүүгчийнхээ хойноос Ерөнхий прокурортойгоо очиж тэндхийн харъяат болгоод хэрэгт холбогдсон 17 шүүгчийн дотроос сугалж авч үлдэв үү гэж ярьсан. Тэрхүү явдлаас хойш хоног хугацаа их л өнгөрлөө. Оргодол шүүгчийг барьж ирсэнгүй. Харин өнөөх 17 шүүгчийн зургаагийнх нь хэргийг прокурорт яллуулахаар шилжүүлж байх юм.
Шүүх прокурорын мафийн ард Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байгаа гэдгийг ард түмэн дуу дуугаа авалцан хэлсээр, ярьсаар л байгаа. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга маань Улсын Дээд шүүхийн иргэний танхимын голдуухан 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлсэн бол дахиад Ц.Зориг тэргүүтэй хэдэн шүүгчийн эрхийг түдгэлзүүлэхээр Шүүхийн Ерөнхий зөвлөлд хандсан. Өнөөх Н.Лүндэндоржийнхоо эрх ямбыг хэвээр байгаа үед нь хандаж байгаа нь энэ. Н.Лүндэндоржийг хичнээн сар дарав даа. Түдгэлзүүлэлгүй, шалгалгүй, ял нялзаалгүй яваад өгсөн. Гэхдээ энэ зүгээр л жүжиг байхгүй юу. Шинээр томилогдсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга , Э.Батбаяр гэж хүн Ц.Зориг тэргүүтнүүдэд ямраар хандах, “хэний хүн бэ” гэдгээ одоо л харуулна.
…Ер нь ийм болохоор Монгол төрийн нуруун дээр энэ “хуягласан хувалзууд” чинь амь бөхтэй шигдээд байгаа юм. Энэ МАНАН-мафийн тогтолцоог нүцгэн цээжээрээ хамгаалаад авч үлдэхийн тулд Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний тамгын газрын дарга З.Энхболд, шүүх прокурорын хэдэн удирдлагатайгаа хамсаад байна гэж хардах үндэслэл бас бий.
…Өнөөдөр “хуягласан хувалзууд” Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нэрээр төр засгийг үймүүлээд ханалгүй УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулахаар армийн генералын мөрдөс нөмөрсөн хүнийг туг болгон өргөөд явцгааж байна. Та нар генерал Б.Баярмагнай гэж хүний, сонины хоёр нүүр дамжсан ярилцлагыг уншсан байх. Тэр хүн Ерөнхийлөгч Х.Баттулгын “Улсын их хурал тар” гэдэг үгийг тоть шиг давтсан , төрийн тэргүүнтэй уулздагаа ярьсан байна билээ. УИХ, Засгийн газрын хэдэн шударга залуучуудыг “Миеэгомбын Энхболдын араас хутга шаасан” гэхчлэн буруутгаж МАНАН-мафийн толгойлогчдыг өмөөрч ая тал зассаныг олон түмэн уншаа байх. “Хутга шаасан” хүн нь тэр залуучууд лав биш.
Эхлээд парламентаа тарааж, Засгийн газраа огцруулчихвал, энэ Ерөнхийлөгч маань “эв нэгдлийн илэрхийлэгч байх уу, эвдэн бусниулагч байх уу” гэдгийг ард түмэн чинь олж хараагүй, итгэхэд бэрх байна шүү дээ. Үүнээс болж улс орон, ард түмэнд маань ямар аюул нүүрлэхийг хэн ч урьдчилж таахын аргагүй. Тэгтэл генерал мөрдөстэй хүн гарч ирээд “Тэмцэнэ”, “Парламентыг тараана” гэж хашгираад байгаа нь нэг л итгэл муутай байна. Сошиалаар Б.Баярмагнайг “Ерөнхийлөгчийн хүн” гэж бичээд байгааг ч үнэмшихээс өөр аргагүй болчихлоо.
…Монгол Улс энэ л чигээрээ байх юм бол саарал жагсаалт байтугай хар жагсаалтад хичнээн жил тарчлахыг бүү мэд.
Тэгвэл яах юм бэ гэж та нар надаас асууна даа. Ердөө гуравхан арга зам бий.
1,“Хуягласан хувалзууд”-ын оронд шүүх прокурорынхонд аль ч талаараа барьцаалагдахгүй “зөв хүн” гарч ирэн шүүх хуулийн байгууллагын удирлагад олон жил сууж, дутагдлыг бугшуулсан хүмүүсийг халж өөрчлөн ялтны ширээнд суулгаснаар шудрага тогтолцоо бий болон хар, саарал жагсаалтуудыг үүрд орхих арга зам бий.
2,Хууль шүүхийн байгууллагууд удирдлагаа зоригтой өөрчлөн, Ц.Зориг, М.Энх-амгалан, Б.Хурц… нарын нөлөөллөөс бүрэн ангижруулж чадвал Монголд мөнгө угаах, терроризмтэй тэмцэх гол хэргүүдийг арилгаж болно.
3,Ерөнхийлөгч нь барьцаалагддаггүй, хууль шүүхийнхэн нь барьцаалдаггүй, шудрага ёс тогтсон цагт энэ их “хар мөнгөний” урсгал, терроризмыг санхүүжүүлэхэд зориулагдаж байгаа хөрөнгө мөнгө, оффшор бүсэд нуусан олон тэрбум валютыг илрүүлж улсын сангаа аривжуулах, ард иргэдээ баян тансаг амьдруулах үүд хаалга нээгдэнэ.
Өнөөдөр, сүүлчийн хоёр Ерөнхийлөгч нь барьцаалагдчихаад, хууль шүүхийнхэн нь, Монголыг саарал жагсаалтад оруулчихаад хар жагсаалт руу хөтөлж байгаа гол гэмт этгээдүүдээ суллахыг нь суллаад, оргохыг нь оргуулаад, хэргийг нь хэрэгсэхгүй болгоод байхад, бид саарал жагсаалтаас ингэж гарна, тэгэж гарна гэж үлгэр ярьж суугаад яахав дээ?! Саарал жагсаалтын “их буучид” минь байгаа онож буудмаар л байна.
Галсангийн Жамьян
Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч