Хятадын нүүрсний импорт он дуустал удааширч болзошгүй

  • 0
  • 114
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

2019 оны эхний арван сарын байдлаар Хятад улс 276.24 сая тонн нүүрс импортолсон  нь өмнөх оны мөн үеийнхээс 9.6%-иар нэмэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн онд тус улс нийт 281 сая тонн нүүрс импортолсон хэмжээнд тун ойртсон дүн болохыг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ.

Сарын дүнгээр авч үзвэл, аравдугаар сард 25.68 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11%-иар өссөн ч өмнөх есдүгээр сарынхаас 15%-иар буурлаа. Шалтгаан нь аравдугаар сарын эхээр болсон Хятадын үндэсний баяртай холбоотойгоор импортын эрчим суларсан гэж зах зээл шинжээчид тайлбарлаж байна.

Хятадын хувьд он дуустал нүүрсний импортыг хязгаарлах бодлогоо илүү чангатгаж магадгүй. Учир нь тус улсын Засгийн газар нүүрсний импортыг өнгөрсөн оны түвшинд барих бодлого баримталж байгаа бөгөөд импортын өнөөгийн хэмжээ өнгөрсөн оны түвшинд бараг хүрч буй юм.

Нөгөөтэйгүүр, Хятадын гангийн зах зээлийн төлөв муудаж эхлээд байгааг зах зээл судалгааны “Platts” байгууллага анхаарууллаа. Өвлийн улиралтай холбоотойгоор түүхий эдийн эрэлт буурах таамгаас үүдэн үйлдвэрүүд гарцаа танахаар төлөвлөжээ. 

Хэдийгээр энэ онд агаарын бохирдлын эсрэг хүнд үйлдвэрүүд, тэр дундаа гангийн үйлдвэрийн гарц танах Хятадын Засгийн газрын бодлого тооцоолж байснаас зөөлөн байгаа ч, нөгөө талд эрэлт суларсныг гангийн салбарынхан онцолсон байна.

2020 оны нэгдүгээр сарын 25-нд Хятадын Цагаан сарын баяр тохиохтой холбоотойгоор гангийн үйлдвэрүүдийн түүхий эдийн татан авалт эрчимжиж, эрэлт өсөх магадлалтай юм. Харин тэр болтол Хятадын зах зээлийн байдал төдийлөн сайжрахгүй байх төлөвтэйг шинжээчид тэмдэглэлээ.

Г.ТӨГС

/
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх