Эдийн засгаа солонгоруулна гэсэн амлалт хаана замхарчихав аа

  • 0
  • 116
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Ноолуураар дэлхийд гаръя

Ерөнхий сайд өнгөрөгч амралтын өдрүүдэд орон нутагт ажилласан. Тэрбээр Сүхбаатар, Дорнод аймагт ажиллахдаа хөдөөний иргэддээ хэд хэдэн гоё төлөвлөгөө ярьсны нэг нь Хүнсний бүтээгдэхүүнээ зуун хувь дотоодоосоо хангадаг болно” гэх үг байв. Яагаад ч юм энэ сайхан төсөөлөлд нь баярлаж, сэтгэл хөдөлсөнгүй ээ.

Хэтэрхий тодорхой бус ийм гоё зорилгыг сүүлийн арван жил бид сонссон, тэд ярьсан. Иргэдийн амьдралд бодит өгөөжөө өгдөггүй иймэрхүү янзтай, гоё санаанууд хэрэгжсэн бол өдийд Монгол Улсын эдийн засаг солонгорчихсон, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжөөд аж ахуйн нэгж, компани болтлоо томорчихсон, иргэд татварын таатай орчинд ажиллах хүчээ зузаатгахыг урьтал болгочихсон байх байлаа.

Гэтэл яг арван жилийн өмнө л эдийн засгийн орчинд бий болгох боломжтой гэж ярьдаг байсан санаанууд өдгөө дахиад л орон нутгийн иргэдийн чихийг алт болтол хөвөрч явна. Яг ийм хуучирсан хөтөлбөр сонсох бүрт газрын тосны хаан гэгддэг Венесуэлийн мөхөл нүдэнд харагдах шиг болоод нэг л ёозгүй.

Учир нь манай бодлого яригчдын улс төр болоод улсын эдийн засгийн орчинд үүсгэж буй дарамт, ачаалал, бодлогын уялдаагүйн завхрал Венесуэлийн сүйрлийг эрхгүй санагдуулдаг. Нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд тэргүүлж, хөгжлийн манлайд явсан “Халтар царайт-ын улсад өдгөө иргэд нь хогноос өмхийрч муудсан мах олж идвэл хоногийн хоолтойд өөрсдийгөө тооцож явна.

Инфляцын түвшин нь нэг саяд хүрсэн гэх мэдээлэл дэлхийн анхаарлын төвд байгаа. 1998 оноос эхлэлтэй дарангуйллын улс төр гээчийг тухайн үеийнх нь Ерөнхийлөгч Уго Чавес бий болгосон нь өнөөдрийн элгээрээ мөлхсөн, хамгийн ядуу Венесуэлийг бий болгосон юм.

Уго Чавес шинэ Үндсэн хууль баталж, нийгмийн бүхий л давхаргыг улс төрд оролцуулна гэж байв. Үндсэн хуулийг өөрчилсний үр дүнд үндэсний цөөнхүүд парламентад суудалтай болж, эмэгтэй сайд нар Засгийн газрын бүрэлдэхүүнд орж, тэгш эрхийг жинхэнэ утгаар нь бий болгосон. Харамсалтай нь, Ерөнхийлөгчид маш их хэмжээний эрх мэдэл төвлөрч, аажмаар ардчилал нь авторитар дэглэм рүү шилжиж, популизм дээд оргилдоо хүрсэн байдаг.

Улс төр, нийгмийн бүхий л бүлгийг өөрийн талд урвуулж, эрх ашгаар нь атгаж эхэлсэн. Уго Чавес эдийн засгийнхаа гол нуруу болсон газрын тосны ашгийг зөвхөн өөрийн улс төрийн кампанит ажилд зарцуулсан зэрэг булхай нь өнөөгийн хөрснөөс арчигдаж буй Венесуэлийг бүтээж орхисон.

Тэгвэл яг ийм ирээдүй биднийг тосож байхыг ч үгүйсгэх аргагүй ээ. Энэ бол муу ёр биш, муу бодлоготой байгаа учраас ийн зовнихоос өөр аргагүй байгаа юм. Тухайлбал, бидэнд дөчин жилийн байтугай дөрвөн жилийн төлөвлөгөө алга. Төлөвлөгөөгүй зарцуулалт ямагт үр ашиггүй зарлага болон замхардаг. Бид дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ болон бусад эрдэс баялгийн үнэ савлахад л сөхөрч унахад бэлэн амьдарцгааж байгаа юм.

Тодруулбал, 2010 оноос эхэлж ярьсан эдийн засгаа солонгоруулах бодлого өнөөдрийг хүртэл хэрэгжээгүйгээр үл барам хэрхэн, ямар арга замаар саалийн үнээгээ олшруулах нэг ч төлөвлөгөө алга.

Удахгүй бид дахиад л шинэ парламентаа бүрдүүлэх сонголт хийнэ. Усны шувууд буцдаг гэдэг шиг УИХ-ын гишүүд ирж л байдаг, буцаж л байдаг зарчим хэдий болтол үргэлжлэх вэ. Хаана хаанаа хариуцлагагуйн балагтай нөхөд өдгөө иргэдийн нуруун дээр хэрхэн ачаа үүрүүлэх вэ, ямар байдлаар татаас авч болох вэ гэдэгт гашилцгааж байна.

Гэтэл төсвийн орлогыг хормойгоо нөхөх байдлаар цаашид хэдэн жил бүрдүүлэх вэ гэдэгт тайлбар хэрэгтэй байна.

ШИЙДЭЛ ЯРИХ ШИЛЭН БОДЛОГО ХЭРЭГТЭЙ

Нэг хэсэг гарц шийдэл хайсан эдийн засгийн гоё гоё хөтөлбөр хэрэгжиж байв. Гэтэл яагаад ч юм өнгөрсөн дөрвөн жилд бид идэш тэжээлээ хэрхэн бэлтгэх, өр зээлээ яажшуухан давах тухайгаа ер ярьсангүй 2020 оны сонгуулийн жилтэйгээ золгох нь. Ажиг ярихаасаа албан тушаал хэлэлцдэг болов. Хөгжлийн замаа тодорхой болгоё гэхээсээ урьтаж хөнжлийн асуудал хурц сөхөгддөг боллоо. Дэмжлэг, туслалцаа ярихаасаа өмнө хэнийг, хаанаас нь татан унагах вэ гэдгээ ярилцдаг гишүүдтэй Засгийн газар бүрдэв.

Эдийн засгаа солонгоруулах, үйлдвэржсэн орон болгох ёстойг гишүүн сэтэртэй болгон амаа чилтэл ярьдаг ч яаж олон талаар мөнгөтэй болох тухай юу ч тайлбарладаггүй ээ. Уул уурхайгаас хамааралтай бид алт, зэсийнх нь үнэ дэлхийн зах зээлд уначихаар дагаад хямардаг бүр эдийн засаг нь элгээрээ хэвтчихнэ.

Энэ бүхнээс хамтдаа гарна аа гэж хэдэн жил ярив. Элдвийн гоё нэртэй, гоё уриатай хурал чуулганыг тоолох ч юм биш. Хөрөнгө оруулагчдын чуулган хэчнээн ч жил хуралдав. Харин үр дүнд нь хөрөнгө оруулалт нэмэгдсэнгүй. Эсрэгээрээ дайжив. Алтыг нь аваад авдрыг нь орхих өнгөт төлөвлөгөө боловсруулаад завшив. Үе үеэрээ сайд байсан нөхөд шоронгоос ч хамаагүй ном бичив.

Нийтээрээ түүнийг нь дооглон уншиж нийгмээрээ бахархав. Ийм нөхцөлд иргэдийн орлого хэд байх нь хэнд ч хамаагүй бөгөөд эдийн засаг солонгорно уу, шороотойгоо хутгалдана уу ер сонин биш аж.

Гэтэл бидэнд солонго татуулан өөдлөх өчнөөн боломж байгаагийн ганцхан жишээ нь ноолуур гэдгийг дэлхийн томоохон шинжээчид зөвлөсөн байдаг. Тэгэхээр бид эхлээд өөрт байгаа боломжоосоо солонгын өнгийг зурж эхлэх хэрэгтэй байна. Шийдэл ярих шилэн бодлого тэргүүн эгнээнд цагаан алт буюу ноолуурыг нэрлэж байна. Үүнийгээ боловсруулъя. Монгол ноолуурын гайхамшгийг дэлхийд танилцуулъя. 

Өнгөрсөн онд манай улс 390 гаруй сая ам.долларыг ноолуурын экспортоос  олсон гэх мэдээллийг МҮХАҮТ-аас өгч байна. Үүнийг 2017 онтой харьцуулахад ноолуурын экспорт 21.2 хувиар өсжээ. Энэ бол өнөөх бидний хүссэн итгэл. Солонго ингэж татдаг юм.

Үүнийг дотор нь задалбал, самнасан ноолуурын экспорт 8.45, бэлэн бүтээгдэхүүний экспорт 8.5 хувиар тус тус нэмэгджээ. Харин угаасан ноолуурын экспорт бага зэрэг буурсан байгаа юм.

Малчин өрх бүрээс цуглуулаад авчих боломжтой хамгийн элбэг бүтээгдэхүүн болох ноолуурын өнгөрсөн оны судалгааг олж үзэв. Бид 2018 онд 13 мянган тонн ноолуур угаасан бол 6,220 тонн угаасан ноолуурын хялгасыг ялгаж, 4,350 тонн самнасан ноолуур үйлдвэрлэх, 1,870 тонныг самнах, 1,680 тонн ээрмэл, 2.8 сая ширхэг сүлжмэл, 2000 метр нэхмэл эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай байгаа аж.

Тэгэхээр бид үүнээс юу харж болох вэ. Цагаан алтаа дээрх хэмжээнд боловсруулах боломж бидэнд байна. Гагцхүү хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүгээгдэхүүний борлуулалтын зах зээлийг тэлэх бодлого үгүйлэгдэж байна.

БИД НООЛУУРЫН ЭКСПОРТООС 390 САЯ АМ.ДОЛЛАР ОЛЖЭЭ

Бид азтай. Учир нь хэн нэгэн хөршүүдтэйгээ бид хэзээ ч эдийн засгийн хориг тавиултлаа муудалцдаггүй. Гэтэл их гүрнүүдийн эрх ашиг аль нэг газар хөндөгдөхөд л экспортын олон талт хоригтой тулгардаг. Тухайлбал, АНУ-аас БНХАУ-ын оёмол, сүлжмэл бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулсан нь өнөөх хоёр улсын эдийн засгийн дайнтай холбоотой хязгаарлалт.

Гэтэл эсрэгээрээ АНУ нь Монгол Улсын оёмол, сүлжмэл бараа бүтээгдэхүүний татварыг тэглэх боломжтойгоо хэлсэн байдаг. Хэрвээ энэ гарцыг бид ашиглаад эхэлбэл, Монголын ноолуурыг дэлхийн зах зээлд таниулах, экспортыг нэмэгдүүлэх маш том боломж юм.

2018 оны байдлаар ноолуурын салбарын экспортоос орж ирсэн 390 сая гаруй ам.долларыг хэд дахин нугалах ч боломжтой гарц АНУ болсон. Ноолуураас орж ирсэн орлогыг бусад салбартай харьцуулсан байдлаар уншигч танд мэдээлэл өгье. Бид 2018 онд махны экспортоос 160 сая ам.доллар босгосон бол ноолуураас 390.2 сая ам.доллар, чулуун нүүрснээс 2786 сая ам.доллар, зэсийн баяжмалаас 2012 сая ам.доллар олжээ.

Эдийн засгаа солонгоруулж болох Монголын ноолуурын салбарт гадны хөрөнгө оруулагчдыг татан оруулж. хамтарсан үйлдвэрүүдийг төрөөс дэмжих бодлого баримтлах шаардлагатайг дурдах нь зүйтэй болов уу.

М.Мөнхтунгалаг

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх