Монголд албан тушаалтнууд хэрэгт орооцолдохоор оноодог ялын “дээд хэмжээ” нь ажлаас чөлөөлөх

  • 0
  • 93
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Монгол Улсаас анх удаа агаарт хүүхний өгзөг базаж үзсэн “амжилт”-аараа эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд шившиг болгосон Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр эх орондоо өчигдөр орой ирсэн.  Түүнийг Солонгосын хууль, хяналтын байгууллагынхан 7 сая воноор торгосон сурагтай. Нэгэнт хэргээ хүлээгээд, согтуу байсан учир юу хийснээ санахгүй байгаагаа өчсөн түүнийг хууль, журамтай улс хуулийнхаа дагуу шийтгэлээ. Харин Монголд түүнийг яаж шийтгэх вэ гэдэг нь сонирхол татна. Эхнээсээ улстөрчид нь түүнийг өмөөрөөд эхэллээ.  Хууль зүйн сайд нь хүртэл хүнлэг хандах хэрэгтэй, давхар давхар хохироож болохгүй гэх мэтээр өмөөрсөн.

Түүнийг ирэхэд нь яаж шийтгэх нь сонирхол татаж байна гэхээр яасан гэж хариуцлага тооцох билээ гэж олон хүн асуух байх. Намынх нь нөхөд түүнийг өмөөрч байгаа өнгө аяс нь ч гэсэн тийм байгаа. Солонгостоо л асуудлаа шийднэ биз, Монголд ямар ч хэрэг үйлдээгүй гэж яриад эхэлсэн.  Тэр Монгол Улсын нэр хүндийг шившиг болгосон маш том хэргийг үйлдчихлээ.  Шийтгэл онооход хангалттай шалтгаан. Мөн Үндсэн хуулийн Цэцийн дарга давхар давхар хохироод байгаа юм алга. Өөрөө онгоцны үйлчлэгчийн өгзөгт хүрч дөвчигнөснийхөө төлөө хэдэн төгрөгийн торгууль төллөө. Үүнийг хохирол гэж үзэх  үү.  Эсрэгээрээ Монгол Улс хохирсон.

Тиймээс Цэцийн даргад “дээд хэмжээ” онооё.  Гайхаад хэрэггүй ээ, Монголд албан тушаалтнууд хэрэгт орооцолдохоор оноодог ялын дээд хэмжээ нь ажлаас халах.  Оффшор дансанд мөнгөө мартсан ч, улсынхаа сангаас сайд, дарга нар нь хумсалсан ч, дипломатууд нь хар тамхи зөөж, хэрэг төвөгт орооцолдсон ч ажлаас нь халаад өнгөрдөг. Эсвэл арай нэг ухамсартай нь “давхар дээл”-ийнхээ нэгийг тайлаад л өнгөрнө.  Тийм жишээ олон бий. Зах зухаас нь сануулъя.

/

-2013 онд Сангийн сайд асан С.Баярцогт оффшор дансанд сая ам.доллартай гэсэн мэдээлэл гарч, олныг шуугиулсан. Мань эр өөрөө мөнгөө мартчихсан байсан гэсэн утгатай мэдэгдэл хийж байлаа. Тэр үед С.Баярцогт УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга байсан. УИХ-ын дэд даргынхаа албан тушаалыг өгөөд өнгөрсөн.

-ЖДҮХС-гаас 1.4 тэрбум төгрөг гаргаж авсан УИХ-ын гишүүн Д.Батзориг ХХААХҮ-ийн сайдын албаа өгч, “давхар дээл”-ээ тайлаад өнгөрсөн.

-УИХ-ын гишүүн Я.Содбаатар ЖДҮХС-гаас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан асуудалд холбогдсон. Түүний эхнэрийн байгуулсан компани энэхүү зээлийг авсан гэх. Тэрбээр ЗТХ-ийн сайдын албан тушаалаа өгсөн.

-Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн “Нүүдэлчин агро фирм ХХК-даа 950 сая төгрөгийн зээл авсан. Түүнийг мөн л дэд сайдынх нь ажлаас чөлөөлсөн.  

- ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор нь ЖДҮХС-аас өөрийн “Хос Эрхэс” компанид 500 сая төгрөгийн зээл авсан. Түүнийг ажлаас нь чөлөөлсөн.

- Үндэсний аудитын газрын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан албан тушаалтны нэг. Өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн.

 -Бүгд найрамдах Лаос улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх А.Батсайханг ГХЯ-аас ажлаас нь халах шийдвэр гаргасан. Тэрбээр 2003-2007 онд Польш Улсад суугаа Монголын ЭСЯ-нд түр хамаарагчаар ажиллаж байх үедээ ОХУ-аас их хэмжээний янжуур тамхийг хууль бусаар Европын холбооны улс орнууд руу дипломат дугаартай автомашин ашиглан тээвэрлэсэн хэмээн сэжиглэгдэж, Польшийн цагдаад эрэн сурвалжлагдаж эхэлсэн. Улмаар 2011 онд Польш руу орох гэж байдаа баривчлагдаж, тэндхийн шоронд гурван сар суусан гэх намтартай.

-Дипломат албаны машинаар тамхи зөөсөн гэгдэх Х.Даваадоржийг Гадаад харилцааны яамны Европын газрын зөвлөхийн албан тушаалаас халсан. Монголын дипломат Х.Даваадоржийг 2019 оны зургадугаар сарын 29-ны өдөр Польш Улсын цагдаагийн газраас эрэн сурвалжилж эхэлсэн гэдгээ албан ёсоор зарласан бөгөөд эрэн сурвалжлах болсон шалтгаан нь “бичиг баримт хуурамчаар үйлдэн ашиглахыг завдсан, татвараас зайлсхийх гэмт хэргийг зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлдсэн” хэмээн буруутгасан. Харин манайхан ажлаас халаад л өнгөрсөн. 

Энэ мэтээр цааш нь дурьдаад байвал маш урт дараалал үүснэ. Манай зарим УИХ-ын гишүүн тайлах “давхар дээл” байхгүй. Ганц байгаа албан тушаалаасаа түдгэлзвэл “нүцгэрэх” учраас тас гүрийж, “ЖДҮ авсан, төлчихнө. Маргааш төлчихье тэр мөнгийг чинь” гэж гүрийсэн. Манай Цэцийн дарга арай ч ингэхгүй байлгүй. Өөрийн хүсэлтээ ажлаа өгөх байлгүй дээ. Өгөхгүй гэж гүрийвэл эрх баригчид “дээд хэмжээ” оноох байлгүй дээ.

Н.Пунцагболд  

Эх сурвалж: zaluu.com

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх