ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан гол буруутнаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг нэрлэж, огцруулах асуудлыг өчигдөр хэлэлцэн, дэмжлээ.
Гэхдээ Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхлэхээс өмнө СЗХ-ны дарга С.Даваасүрэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Улмаар өөрийнх нь асуудлыг хэлэлцэх Байнгын хорооны хуралдаанд тэр ирсэнгүй. Харин төв банкны ерөнхийлөгчийг огцруулах тухай УИХ-ын дарга Г.Занданшатарын тайлбар анхаарал татаж байлаа. "Н.Баяртсайханыг муу ажилласан тухай ярьж байгаа юм биш. Монгол Улсын нийт эрх ашгийн үүднээс гадаад болон дотооддоо итгэл хүлээхүйц зохистой хүлээлт бий болгох орчин нөхцөлийг бүрдүүлэх, бодитой шийдэмгий арга хэмжээ авч байна гэдгээ FATF-д харуулахын тулд ийм арга хэмжээ авахаас аргагүй болж байна”. Өөрөөр хэлбэл, Монгол Улс FATF байгууллагаас өгсөн зөвлөмжийг биелүүлж байгаа мэт харагдахын тулд зарим хүнд хариуцлага тооцож байна гэсэнтэй утга нэг үгийг эрхэм спикер хэлсэн юм. Эдийн засгийн байнгын хорооны гишүүд хариуцсан ажлаа энэ хоёр хүнээс ч хангалтгүй хийсэн Засгийн газарт ямар хариуцлага тооцохыг тодруулж байлаа. Тэр тусмаа Монголын төрийн өндөр дээд албан тушаалтнууд БНАСАУ-тай зэвсэг техникийн наймаа хийсэн хэргийг шийдээгүй, дэлхий нийтийн өмнө терроризмын үйл ажиллагааг дэмжсэн, Хойд Солонгосын иргэдийг хөдөлмөр эрхлүүлэхгүй байх олон улсын хоригийг зөрчсөн, тэднийг нутаг буцаагаагүй, Монгол Улсыг төлөөлөн гадаадын оронд суугаа Элчин сайдын яамны ажилтнууд хар тамхи, янжуур зэрэг хориотой бараа зөөвөрлөсөн гэх мэт таагүй асуудлуудад нэр холбогдсон албан тушаалтнуудыг шууд удирдлагаар хангадаг сайд Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар нарт ямар хариуцлага тооцохыг тодруулж байв. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан "Өндөр дээд хэмжээний шийдвэр Их 7-гийн уулзалт дээр гарч байна гэдгийг та нар бодоорой. Тэгэхээр энэ бол улс орны хэмжээний тогтолцооны асуудал юм. Монгол Улс юунаас болж саарал жагсаалтад оров, юу болоод өнгөрөв гэдгийг Ажлын хэсэг гаргаж, судлах хэрэгтэй. Би хариуцлага хүлээхээс зугтахгүй. Гэхдээ ярих ёстой зүйлийнхээ арван хувийг л энд ярьж байна. Ярья гэвэл олон юм байна. Монгол Улсын гадаад харилцаа, хөрөнгө оруулагчдад хандаж байгаа эрх баригчдын хандлага, эдийн засгийн тогтолцоо... гэх мэт. Саарал жагсаалт бол ганц байгууллагын асуудал биш. Энэ бол тогтолцооны асуудал”хэмээв. Ингээд санал хураахад гишүүдийн олонх нь Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчөөс огцруулахыг дэмжсэн юм.
Б.Энхжаргал
ЗГМ