Бөгс

  • 0
  • 108
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Монгол хөх тэнгэрийг хазаарласан Солонгос бөгс

Жиргээн дээр нэг залуу “Одбаярыг ирэхэд нь өндгөөр шидэе” гэсэн санал гаргалаа. Жигтэйхэн дэмжмээр санагдав. Бас бусад хүмүүсийг ч дэмжиж түрхрээсэй гэж бодлоо.

Асуудал өндгөндөө биш, Одбаяртаа ч биш, бөгсөндөө ч биш юм. Кореан эйр ч үүнд хамаагүй. Гагцхүү монгол даргын “энэ бөгсийг базнуу байнуу миний дур” гэсэн бодол тээж яваа тэр толгой. Эрүүл ч бай согтуу ч бай тэр толгой өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн даргын биен дээр тунтганаж явна. 

Эхлээд аймар зүйл хэлэе

Хүн бүрийн дотор “Монголын онгоцны үйлчлэгч охин байсан бол яана!” гэдэг айдас хургасан. Нээрээ аймшигтай байгаа биз? Тэр монгол бөгс базсан бол өдийд базуулсан охин нь янхан болж, асуусан хүн нь бараг л шоронд орж байгаа. Энэ бол тэрбум хувийн баталгаатай. Үүнийг монгол хүн болгон мэдэж, ярьж байна. 

Тэгээд бусад дарга нар нь түүнийгээ яаж өмөөрч байгааг хараач. Энэ бол өөрсдөө бөгс баздаг, бөгс базах нь зүгээр нэг зүйл гэж гайхуулцгаагаад байгаа хэрэг. Бид яагаад ийм улсад амьдарч байна вэ? 

Тэд (дарга нар) хэн юм бэ? 

Бид хэн (сонгогчид) юм бэ?

Төрийн албан хаагч

Төр ч гэнүү юу ч гэнүү, дураараа л нэрлэе. Ямартай ч иргэнийхээ эрх ашгийг хамгаалах л үндсэн үүрэгтэй юмдаг. Иргэн нь ч эргээд далбаа соёмбоо дээдлэхээс эхлээд дарга нарынхаа үйл ажилд итгэж байвал тэр улс тайван сайхан хөгждөг байх. Дарга нарынхаа үйл ажилд шүү, тэхээс тэр даргын ажиллаж байгаа Ерөнхийлөгчийн институт, парламент гэдэг бүтцийн байх эсэхэд эргэлзэхийг хэлээгүй байна. Жишээлбэл, Х.Баттулга бол Ерөнхийлөгч гэдэг ажил хийж байгаа л нэг иргэн. Өөрөөр хэлбэл ард бидэндээ тусалж үйлчлэхээр сайн дураараа тэр ажилд өргөдөл өгөн орчихоод байгаа хүн юм. Та бид өөрснөө тэр ажилд аваагүй юу яагаав. Гэх мэтээр сонгогдож, томилогдох замаар үй олон иргэд “төр”-д ажилладаг. Энд нэг чухал зарчим бий нь, төр бол “мөнх”, тэд бол түр билээ. 

Коммунист төрийн буулганд орж явсан далан жил бидэнд бий. Нүдэн дээрээ гурван эр болгоныхоо нэгийг цаазлуулж, дараа нь нутаг заагдаж, үсний урт, өмдний шуумгаа сантиметрээр хэмжүүлсэн. “Улсын алба тасалбал уу! Сайхан мэдээрэй!” гэсэнэрхүү текст хуучны кинонууд дээр их байдаг. Амьдрал дээр ч тийм байв. Улсын алба залгуулж, улсын нэрийн өмнөөс яваа хүнийг сөрөх хэнбугай ч байхгүй. Гаслаа л зугтана, нуугдана, хүндэлж зулгуйдна, тэр битгий хэл эхнэрээ ч өгнө. Нөгөө талаас улсын алба залгуулагч нь “намайг хэн хэлэхэв” гэж даналзсан хүн. Энэ л зүйл генийн түвшинд шингэж, өнөөдрийн бидэнд ч амь бөхтэй оршсоор байна. Тэрэн дээр минь дарга нар харин ёстой амь бөхтэй жаалсаар байгаа даа. Солонгос хүүхний бөгсөн дээр л хальтирч унах байж. 

Ай тэнгэрийн амьтад. Улсынх нь байж байгаагаас бол төрийн алба нь дампуудуу, алба хаагчид нь ялзарсан нь тодорхой харагддаг. Эрхбиш ил хэлэхгүй болохоос “төр гэдэг чинь би байна” гэж агсрах үй түмэн асман хулгайчууд “төр”-өөр дүүрэн. Мэдээж хананы цаана агсарч суугаа. Агсан согтуугаа тавьж л яваа. Үргэлж өөрт нь тэмүүлж, таарсан газраа гутлыг нь үнсэж царайчлах иргэд тэднийг ийм болгосон юм. Хэн нь ч хэнийгээ гуйхгүй хууль гэж бий уг нь. Гэвч тэр нь биелдэггүй нь сайхан. Хэзээ ч.

Даргыг далдруулна

Үүнээс дампуу зүйл гэж байнуу даа. Биднээс ажилсаг, биднээс илүү юм үзэж нүд тайлсан, илүү ёс зүйтэй хүмүүс биднийг удирдах ёстой гэж би үргэлж бичдэг. Биднийг биднээс долоон дор, үхэр мал шиг адгууснууд зайдалж байна, ардчиллыг сөнөөж байна гэж бичдэг. Гэтэл захын гэмт хэрэгтэн, рецедив, шантаажчин, сэтгэцийн өвчтөн, сургууль соёл ч гүй улсууд ард түмэн гэдэг морины нуруун дээр харайж гараад хамт зайдлалцах итгэл асч байна. Энэ итгэл юунаас болж асав? Хамгийн амар хялбараар баяжаад байгаа явдал, ур чадвар шаардахгүй байгаа явдал, мөн “яасан ч яадаг ч гүй юм байна” гэсэн бодол, эцэст нь өөрснийх нь ичгүүргүй зориг нь. Өөр юу ч биш. Тэд энэ төрийн гажуудал, засгийн эвдрэлийг ингэж засна, алдаа нь энд байна, ийм төлөвлөгөө байна гэхийн оронд өөрснөө шууд тэдний эгнээнд очих хүсэлтэй байгаа нь инээдэм. Хамгийн тод чанга дуутай байж чаддаг нь эмгэнэл.

Төрийн албыг “нийтэд үйлчлэх алба” гэж өөрчлөх, дарга гэдэг үгийг “нийтэд үйлчлэгч” гэдэг үгээр солих мөрөөдөл надад байдаг. Төлөвлөгөө ч гэсэн болно. Үг хүчтэй юм шүү. Эндээс иргэд өөрснийхөө хүчийг мэдэж, эрхэндээ итгэж, тэдний үүргийг үргэлж сануулдаг болж эхэлнэ. Ширээний наана цаанаас ярихаас биш шатны дээр доороос ярьдаггүйг ойлгож авцгаана. Дарга болоод далдайдаг юм бол дарга биш болгож далдруулдаг эрчим, долгион эндээс үүснэ. Одбаяр руу шидэх өндөг бол Монгол дарга нарын гаж тогтолцоо руу, монголчуудыг байсгээд дэлхий дээр шараа болгож гутаадаг дарга анги руу шидэж буй өндөг юм. 

Энэ эхлэлийг тавихад цаашаа сонгогчид дуу дуугаа түрэх болно. Дарга хийх нь гайхамшигтай хувь заяа огтхон ч биш, харин лайтай, амьдралаа үрсэн зориулсан ажил болсны дараа бид хөгжлийнхөө замд орсон байх болно.

Өндөг заавал шидэх

Өнөөдөр “солонгосууд монголын үндсэн хуулийн цэцсийн даргыг гутааж байна”, “монгол төрийг хүндэлсэнгүй” гэсэн өнцгүүд мэр сэр явж байна. Уучлаарай Одбаяр гуайд өнөөдөр Монгол улсын хууль, ёс журам, шударга ёсыг толгойлох эрх үлдээгүй. Солонгосууд манай Цэцийн даргыг гутаагаад байгаа бол даруй түүийг цэцийн дарга биш болго. Өөр шийдэл байхгүй.

Мэдээж тэр хүн, хүүхдийн аав, хүний хань. Гэхдээ миний хувьд тэр дарга, ард түмнийхээ эрхийг хамгаалагч Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллагын хамгийн цэцэн хүн нь. Өөрөөр хэлбэл Чингис хааны байгуулсан Монгол гэдэг төрийн хамгийн ухаантай, шударга хүн нь. Гэвч Монгол улсын тэргүүн хуульч Монголоосоо гараад жинхэнэ хуультай нүүр тулж “согтуу байсан тул санахгүй байна” гэж хэлж гөлөг боллоо. Монгол улс гөлөг боллоо. 

Үндсэн хуулийн цэцийн даргаа өмөөрцгөөе гэсэн үгийг ойлгох ухаан хайрла. Тэрний оронд бид үндсэн хуульт улс орныг минь уландаа гишгэж дэлхийд харуулсан тэр даргаас нэр төрөө аврах ёстой юм бишүү. Тэрээр ирмэгцээ баатрын дүрээр эх орондоо бууна, эргээд ажилдаа томилогдно, үргэлжлүүлээд хэний ч хамаагүй бөгсийг базна гэж бодож байгаа байх. Учир нь үргэлж тийм л байдаг. Гаслантай улс орон.

Цэцийн дээр хөх тэнгэр л бий гэж шидэж биширдэг улс бид. Харин солонгосчууд “та нар тэнгэртэй бол бид нар хуультай” гэж Монголын хуулийн тэргүүнд хэллээ. Монголчуудад хэллээ, Монголын төрд хэллээ. Хэлсэн нь солонгосууд л болохоос үнэндээ эрүүл тогтолцоотой дэлхий ертөнц бидэнд хатуухан хэллээ. 

Даргын ажил алба хашиж буй үнэхээр ажил хийдэг, санаа олдог, хэрэгжүүлдэг, нийгэм тогтолцоондоо санаа тавьж явдаг олон л мундаг хүмүүс байгаа. Тэд энэ нийтлэлтэй санал нэг байгаа байх гэж бодож байна. Тэд өдөр тутам дэргэдээсээ ялхайсан, янцагласан, ажлаас нь улдан чангаасан төрийн албаны хожуулуудыг харж байгаа угаасаа. 

Эх сурвалж: baabar.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх