Авлигын хэргийн улмаас 12 их наяд төгрөгийн хохирол учирчээ

  • 0
  • 112
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Авлигатай тэмцэх газраас сар тутмын ээлжит хэвлэлийн хурлаа 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хийв. Хэвлэлийн хуралд тус газрын Олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү оролцож, цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Албан тушаалтнуудыг хянуулахаар иргэдийг идэвхжүүлж байна

Дэлхийн улс орнуудын жишигээс харахад авлигатай тэмцэх үйл ажиллагааг бодитой үр дүнтэй хэрэгжүүлэхэд иргэд, олон нийтийн хяналт маш чухал ач холбогдолтой. Төрийн албан хаагчдад хяналт тавих иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт тавих боломжийг нээж өгөх, чадавхжуулах зорилгоор авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг иргэн төвтэй зохион байгуулж байна. Энэ хүрээнд:

  • 2019 оны 10 дугаар сарын 16-наас 6 чиглэлд хуваагдан 21 аймагт Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд ажиллалаа.

  • Авлигатай тэмцэх газар, Нээлттэй нийгэм форум зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр “Гэр, иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төв” ТББ санаачлан хөрөнгө, орлогын мэдүүлэг, худалдан авах ажиллагаа, улсын бүртгэл, уул уурхайн лиценз, сонгууль гэсэн категори бүхий 197085 байгууллага, аж ахуйн нэгж, 489494 хувь хүн, 17026 тендер, 73189 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг, 3356 уул уурхайн лиценз, 16 визуал дата, бүх сонгуулийн мэдээллийг агуулсан төрийн таван байгууллагын нээлттэй, цахим мэдээллийг нэг хайлтын системд орууллаа. www.opendatalab.mn хайлтын систем нь анхдагч эх сурвалжийн мэдээллийг засваргүй, ашиглахад хялбар, хүртээмжтэй байдлаар нэгтгэснээрээ онцлог юм.

  • Иргэдээс авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авах 110 тусгай дугаарыг ажиллуулж эхэллээ. Өмнө нь 1800-1969 дугаарын утас нь энгийн утасны тарифаар ярьдаг байсан бол 110 тусгай дугаар нь үнэ төлбөргүй юм.

Оны эхний 10 сард 326 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав

2019 оны эхний 10 сарын байдлаар 326 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХАСХОМ/-ийг шалгаж, хуульд заасан зөрчилтэй мэдүүлсэн 35 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Хариуцлага тооцуулсан байдлыг авч үзвэл: 4 албан тушаалтанд сануулах, 21 албан тушаалтанд албан тушаалын цалин бууруулах, 2 албан тушаалтанд албан тушаал бууруулах, 8 албан тушаалтанд ажлаас халах хариуцлага тус тус оногдуулсан байна.

Албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 631 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна. Өргөдөл, гомдлын мөрөөр албан тушаалтны буруутай үйл ажиллагааг илрүүлж, зөрчил гаргасан 37 албан тушаалтанд хариуцлага тооцуулж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчил арилгуулах, тухайн зөрчил үүсэх, эсхүл олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх нөхцөл байдлыг үүсгэж байгаа нөхцөлийн талаар анхааруулсан зөвлөмж бүхий 46 албан бичиг хүргүүлсэн. Хариуцлага тооцуулсан байдлыг авч үзвэл: 7 албан тушаалтанд сануулах, 23 албан тушаалтанд албан тушаалын цалин бууруулах, 4 албан тушаалтанд албан тушаал бууруулах, 3 албан тушаалтанд ажлаас халах хариуцлага тус тус оногдуулсан байна.

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 7727 этгээдийн ХАСУМ-ийг хүлээн авснаас 7570 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлэв. Үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдлыг тогтоож 634 мэдүүлэгт анхааруулга бичиж, хууль, журамд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр 303 мэдүүлгийг буцаан хүргүүлж, 26 нэр дэвшигчийг тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсон талаарх дүгнэлтийг холбогдох байгууллагад хүргүүлсэн байна.

1316 үйлдэлтэй, 433 холбогдогчтой, 1115 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад байна

2019 оны эхний 10 сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 698 гомдол, мэдээлэл шалгасан. Хүлээн авч шалгасан 698 гомдол, мэдээллээс 370 гомдол, мэдээлэл буюу 53.0 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 285 гомдол, мэдээлэл буюу 40.8 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 27 гомдол, мэдээлэл буюу 3.9 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай тус тус прокурорт шилжүүлж, шийдвэрлэлт 97.9 хувьтай байна.

Эхний 10 сарын байдлаар 1316 үйлдэлтэй, 433 холбогдогчтой, 1115 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Нийт шалгасан хэргийн 125 буюу 11.2 хувийг шүүхэд шилжүүлэх саналтай, 460 буюу 41.5 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай, 64 буюу 5.7 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 21 хэргийг нэгтгэн шалгаж, 3 хэргийг түдгэлзүүлж, одоо 442 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 389 хэрэг, мөрдөн байцаалтын 53 хэрэг байна. Шүүхээр 42 хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийг Эрүүгийн хуулийн зүйл хэсгээр ангилбал:

  • Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг-586 буюу 44.5 хувь,

  • Хахууль авах гэмт хэрэг-144 буюу 10.9 хувь,

  • Хахууль өгөх гэмт хэрэг-146 буюу 11.1 хувь,

  • Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг-21 буюу 1.6 хувь,

  • Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг-38 буюу 2.9 хувь,

  • Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг-8 буюу 0.6 хувь,

  • Мөнгө угаах гэмт хэрэг 15 буюу 1.1 хувь, 

  • Хөрөнгө завших гэмт хэрэг-49 буюу 3.7 хувь,

  • Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг-45 буюу 3.4 хувь

  • Бусад хэрэг 264 буюу 20.1 хувийг тус тус эзэлж байна.

Хэрэгт холбогдон шалгагдсан этгээдийн 47 буюу 10.9 хувийг төрийн улс төрийн, 83 буюу 19.2 хувийг төрийн захиргааны, 105 буюу 24.3 хувийг төрийн тусгай, 35 буюу 8.1 хувийг төрийн үйлчилгээний, 51 буюу 11.8 хувийг төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтан, 112 буюу 25.9 хувийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн албан тушаалтан, иргэн эзэлж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 7.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

Энэ хугацаанд гэмт хэргийн улмаас 12,078,285,989,959 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 7,627,356,525 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 136,869,098,344 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.

Учирсан хохирлыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 36.4 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 1.4 дахин, хохирол нөхөн төлүүлэлт 14.8 дахин  нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үүнийг авлигын гэмт хэрэг ихээр нэмэгдээд байгаа гэж тайлбарлах нь буруу. Харин хэд хэдэн хэргийг шалгах явцад тогтоосон хохирлын хэмжээ их байгаа. Тухайлбал, нийт хохирлын дийлэнх хувь нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэрэг, Жаст компанийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийн хүрээнд тогтоогдсон хохирол гэдгийг зөвөөр ойлгох хэрэгтэй.

Зөвхөн 10 дугаар сард 32 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

АТГ-ын удирдлагууд шинээр томилогдсоны дараа хэрэг шалгах ажлыг эрчимжүүлэх албан даалгавар гаргаж авлигын гэмт хэргүүдийг хурдан хугацаанд шалгаж шийдвэрлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд олны анхаарал татсан, удаан хугацаанд шалгагдсан хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж прокурор, шүүх рүү шилжүүлээд байна. Тухайлбал, Оюу толгойн гэрээтэй холбоотой С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт холбогдох хэрэг, Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэрэг, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарт холбогдох хэрэг, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон ЖДҮХС-гийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэрэг, Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч нарт холбогдох хэрэг, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарт холбогдох хэрэг, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар нарт холбогдох хэрэг гэх мэт хэргүүдийг дурдах боломжтой. Зөвхөн 10 дугаар сард л гэхэд 32 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна.

Түүнчлэн сүүлийн үед шинээр шалгасан хэргүүдийг шуурхай шалгаж, эрх бүхий байгууллагад шилжүүлэв. Та бүхэн мэдэж байгаачлан Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, ЗТХЯ-ны газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг, ДЦС-2 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү нарт холбогдох хэргүүдийг шалгах ажиллагааг 1-2 сарын хугацаанд дуусгаж прокурор, шүүх рүү шилжүүллээ. Мөн төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон хэргийг шалгах явцад хэргийн цар хүрээ, үйлдэл нэмэгдэж байгаа ч мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй, шуурхай явуулж байна.

Хууль бус үйлдлийг 110 дугаарт мэдээлэхийг хүсэв

АТГ нь хуульд заасан ил, далд аргаар авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ ч биелүүлэхийн төлөө манай албан хаагчид цаг наргүй ажиллаж байна. Энэ ажлын бодит үр дүн ч эхнээсээ гарч байгаа. Тиймээс албан тушаал, албаны бүрэн эрхээ аливаа хувийн сонирхлоо гүйцэлдүүлэх арга, хэрэгсэл гэж харж байгаа хүмүүс энэ бодлоосоо татгалзах хэрэгтэй гэдгийг дамжуулж өгөхийг сэтгүүлчдээс хүсэж байна.

АТГ-т ажилладаг, ажиллаж байсан гэх мэтээр байгууллагын нэр барьж, тендерт дэмжлэг хүсэх, шалгагдаж байгаа асуудал дээр өмгөөлөгчөөр туслалцаа үзүүлнэ, хамаарал бүхий этгээдээ ажилд оруулахыг хүссэн тохиолдлыг дотоод хяналтаараа илрүүлэн харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлэн шалгуулж байна. Түүнчлэн төрийн албан хаагчид нэгнийгээ АТГ-аас дуудаж байгаа мэтээр утсаар ярьж ирүүлсэн асуудал ч гарсан. Тиймээс иргэд, олон нийтийн зүгээс авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаарх мэдээллийг шуурхай мэдээлэхээс гадна манай албан хаагч нарын нэр барьсан энэ мэт хууль бус үйлдлийн талаарх мэдээллийг 110 тусгай дугаарт өгч бидэнтэй хамтран ажиллахыг хүсэж байна.

Эх сурвалж: АТГ

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх