Мөрийтэй тоглосон гэх асуудалд УИХ-ын гишүүд тайлбар хийв

  • 0
  • 108
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

УИХ-ын хоёр гишүүн мөрийтэй тоглож байгаад хуулийн байгууллагынханд баригдсан гэх мэдээлэл долоо хоногийн эхнээс олны анхаарал татаж эхэлсэн. Энэ талаар анх мэдээлсэн өдөр тутмын сонин “М, Х нарын УИХ-ын гишүүд” хэмээн онцолсон байв. Уг мэдээлэлд үндэслэн мөрийтэй тоглож байгаад баригдсан гэх гишүүдийг хэн болох талаар нийгэмд олон таамаг хөвөрсөөр буй. 

Энэ удаагийн парламентад М үсгээр эхэлсэн нэртэй Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг,  Д.Мурат нарын таван гишүүн байгаа бол Х үсгээр эхэлсэн нэртэй Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа хэмээх хоёр гишүүн бий. Эдгээр долоон нэрэн дунд таамаг эргэлдсээр Д.Хаянхярваа, Ц.Мөнх-Оргил нар “тунаад” байгаа. Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 6-нд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн асуудлын талаар мэдээлэл хийхдээ дээрх хоёр гишүүний нэрийг олон нийтэд зарлана гэх яриа хэвлэлийнхний дунд тарсан байв. Гэвч тэрбээр гишүүдийн нэрийг бус Засгийн газрын харьяа агентлагийн хоёр даргыг Төрийн албаны тухай хууль зөрчин мөрийтэй тоглосон учир үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсныг мэдэгдсэн билээ. 

Мөрийтэй тоглосон гэгдээд буй УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Хаянхярваа нараас энэ асуудлыг тодрууллаа. 


Ц.Мөнх-Оргил:
АТГ-ынхныг очиход би найзтайгаа хоёулхнаа байсан, бид мөрийтэй тоглоогүй


-Нэр бүхий хоёр гишүүн мөрийтэй тоглож байгаад АТГ-ынханд баригдсан гэх мэдээлэлд таны нэр холбогдсон. Үнэхээр тийм явдал болсон юм уу?

-Тийм зүйл болоогүй. Юу болсон бэ гэхээр би ажил тарсны дараа найзынхаа ажлын өрөөнд цай уунгаа ойр зуурын юм ярилцаад сууж байсан. Гэтэл гаднаас АТГ-ынхан орж ирээд манай найзыг мэдүүлэг өгөөч гэсэн. Тэр мэдүүлэг өгөхөөр явсан, би ч гэртээ харьсан. Бид хоёроос өөр хүн байгаагүй, тоглоом тоглосон юм болоогүй.    

-Хэн нэг иргэн мөрийтэй тоглосон байвал ямар нэгэн хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалт манайд байдаггүй. Харин төрийн албан хаагч, өндөр албан тушаалтнууд энэ асуудалд холбогдвол ёс зүйн хариуцлагын асуудал яригдах байх? 

-Ялгаж салгах хэрэгтэй. Төрийн албан хаагч, тэр тусмаа өндөр албан тушаалтнууд эх үүсвэрийг нь тайлбарлаж чадахгүй их хэмжээний мөнгөөр гадна дотно казино хэсээд тоглоод байх юм бол энэ нь ёс зүй, сахилга, магадгүй эрүүгийн хариуцлагын асуудал. Мөн ашиг олох зорилгоор хүмүүсийг цуглуулж, тоглосон мөнгөнөөс нь орлого авч байгаа бол тэр нь өөрөө зөвшөөрөлгүй бооцоот тоглоом, мөрийтэй тоглоом тоглуулсан асуудал учраас хууль зөрчинө. Харин найз нөхөд, ах дүү нар хоорондоо цуглаад ахуйн хүрээнд таван гар, покер ч юмуу тоглох юм байдаг. Энд бол хариуцлага тооцох тухай асуудал яригдахгүй. Хэн ч гэсэн найз нөхөдтэйгээ цагаа өнгөрүүлж тоглодог шүү дээ. Би ч гэсэн аав ээж, ах дүү нар, найз нөхөдтэйгээ бага сага хэмжээнд тоглодог. Гэхдээ их хэмжээний мөнгөөр казинод ороод тоглоод явдаггүй. 

Д.Хаянхярваа:
Энэ бол намайг ямар нэгэн байдлаар болж бүтэхгүй юмтай холбох гэсэн л оролдлого


/УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар ярилцахдаа энэхүү асуудлыг тодруулав/

-Энэ асуудал гарсан даруйд та өөрийгөө үүнд холбоогүй болохыг мэдэгдэж, жиргэсэн байсан?

Би өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт байгаагүй. “Хоёр гишүүн баригдсан” гэх мэдээлэл цацагдсанаас хойш хүмүүс жиргээгээр “Та тоглосон юм уу, баригдсан юм уу” гээд асуугаад эхэлсэн. Би хэрэв мөрийтэй тоглосон байгаад АТГ-ынханд баригдсан бол нуугаад байх юм байхгүй. Тэртээ тэргүй хуулийн байгууллагынхан ил зарлахын хооронд нууж, үлгэр зохиогоод яахав дээ. 

Өчигдөр орой Монголд ирсэн. Энэ бол намайг ямар нэгэн байдлаар болж бүтэхгүй юмтай холбочих гэсэн л оролдлого.

Үүнийг мэдээлсэн хэвлэл мэдээллийн байгууллагад намайг мөрийтэй тоглосон гэх баримт нотолгоо байхгүй. АТГ, цагдаагийн байгууллага ч өөрсдөө тийм зүйл болоогүй гээд мэдэгдэл хийчихсэн.  

А.НЯМ-ӨЛЗИЙ, IKON.MN

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх