Төрийн мөнгөөр тоглосон “Бэрэн”-гийн Б.Мөнхтөрийн ил цагаан луйвар-I

  • 0
  • 128
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Хөгжлийн банкнаас их хэмжээний мөнгө шамшигдуулж, улсын төсөвт хохирол учруулсан Б.Мөнхтөр дахин төрийн мөнгөөр тоглож эхэлсэн гэв үү

Төрийн мөнгөөр тоглосон “Бэрэн”-гийн Б.Мөнхтөрийн ил цагаан луйвар-I

 

"Төртэй хамтран эсвэл төрөөс зээлж төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэх нэрээр төрийн мөнгийг завшигчид сүүлийн жилүүдэд олширсон. Бүр ил цагаанаар төрийн мөнгөөр тоглодог болоод байгаа. Сүүлийн үед амьдрал, бизнес нь өргөжин тэлсэн хүн бүр л төрийн мөнгийг эрх мэдэл албан тушаалтнуудын тусламжтайгаар "идэж”  байна.

Төрийн мөнгө "идэг”-чдийн цуваа уртаас урт үргэлжлэн  өдөр хоногоор улам бүр цар хүрээгээ тэлж  байна. Тэдний нэг нь "Бэрэн” группын захирал Бэрэнбаралын Мөнхтөр гэдгийг бидэнд олдсон баримтууд, хууль хяналтын байгууллагын нэр бүхий албаны эх сурвалжуудын өгсөн мэдээлэл  баталж байна.  "Бэрэн” группийг ашигт малтмалын ашиглалт, хайгуул болон гадаад худалдаа, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2007 оны хоёрдугаар сарын 14-нд байгуулсан байдаг. Архангайн Түвшрүүлэх, Өлзийт, Булганы Орхонд нийт 1133 га газарт ашиглалтын таван лицензтэй "Бэрэн групп” ХХК нь төмөр, базальт, хүдэр олборлодог. Өдгөө тус групп нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн импортлон дотоод зах зээлд худалдан борлуулахын зэрэгцээ хүнсний үйлдвэрлэл, ноос ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуй, уул уурхай, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 13 охин компанитай. Эдгээр компанидаа төрөөс авч болох бүх төрлийн зээл, санхүүжилтийг татдаг бөгөөд энэ дунд нь хуудуутай зүйл олон байгааг баримтаар хүргэе.

 Баримт №1 Хөгжлийн банкийг "хулхидсан нь”

"Бэрэн групп” компани Хөгжийн банкны бондны санхүүжилтээс нийтдээ 102.4 тэрбум төгрөгийг төслийн орлогоос эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлсэн байдаг. Гэвч уг зээл өдгөөг хүртэл эргэн төлөгдөөгүй байгаагаар барахгүй энэхүү зээлийг хууль ёсны дагуу аваагүй гэх мэдээлэл гарсаар байгаа билээ. Тухайлбал, Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг "Бэрэн групп” рүү хууль бусаар шилжүүлэх шийдвэр гаргуулан, Э.Бат-Үүлийн хүү Чулуудайн эзэмшдэг "Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр "Бэрэн групп”-д худалдах замаар төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг хууль хяналтын байгууллагад өнөөдрийг хүртэл шалгагдаж буй. Тодруулбал, Б.Мөнхтөр нь "Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор "ОССК” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Гантулгыг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийлгэхээр албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2014 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр түүний охин Г.Номингийн Худалдаа хөгжлийн банкны 4950..... дугаартай ам.долларын дансаар дамжуулан түүнд 12.360 ам.доллар буюу 21.070,092 төгрөгийг хахуульд өгсөн гэмт хэрэгт шалгагдаж буй. Энэ бол "Бэрэн” группийн Хөгжлийн банкнаас улс төрийн танил тал, албан тушаал ашиглан зээл авахын тулд хийсэн хууль бус ажиллагааны ганцхан жишээ. Үүнээс гадна Хөгжлийн банктай холбоотой олон хууль үйлдлүүд дарагдаж байна. Тэдгээр баримтыг олон нийтэд ил гаргавал "Бэрэн” группийн эрх ашгийг хамгаалдаг гэмт хэргийн сүлжээ бүхий томоохон бүлэглэлийн асуудал яригдаж эхлэх юм билээ. Хэн  хэнийг эрх мэдэл албан тушаалаа ашиглаж дарамталж байсан гэдгээс эхлээд ноцтой баримт бүхий утасны үзүүр хөвөрнө. 
Баримт №2 Гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр олон өрхийг гудамжинд гаргасан нь

"Бэрэн” групп Э.Бат-Үүлийг Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхад нийслэлийн дахин төлөвлөлтийн томоохон гэж болох хэд хэдэн төслийг охин компаниудаараа дамжуулан хариуцсан. Өөрөөр хэлбэл, Э.Бат-Үүл нийслэлийг удирдаж байхад бүх зүйл нь ногоон гэрлээр шийдэгдэж, ёстой л өөрсдийнхөө нөлөө,  эрх мэдэлд аархаж, хэн ч бидэнд юу ч хэлж чадахгүй гэсэн шиг дураараа авирлаж байсан юм билээ.  Тэдний энэ аархал эгэл жирийн иргэдийн амьдралд хүнд тусч байна. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт олон айлын газрыг чөлөөлүүлчихээд өнөөдрийг хүртэл барьж буй орон сууц нь ашиглалтад бүрэн ороогүй, оршин суугчдын зарим нь ах дүү, хамаатан садангийндаа хоног төөрүүлж, олонх нь түрээсийн байр хэсэж явна гэх. Тус компани зөвхөн гэр хорооллын дахин төлөвлөлтөөр гэхэд гурван том төсөл хариуцсан байдаг. 

Баримт №3 Төсөвт тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан "Хангай” хотхоны хуудуутай наймаа

Төсөвт тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулчихаад 9.6 сая төгрөгөөр торгуулах шүүхийн шийдвэр "гаргуулсан” УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ өдгөө саатуулагдан шалгагдаж буй. Сонгино хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин үржүүлсэнтэй тэнцэх мөнгөн дүнгээр торгохоор болсон шийдвэр гаргасан билээ. УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийг Засгийн газраас хэрэгжүүлсэн "Бэрэн групп” ХХК-ийн барьсан "Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр буруутган шүүсэн юм. Энэхүү асуудалд "Бэрэн” группийн удирдлагуудыг оролцоотой хэмээн хууль хяналтын байгууллагаас мөн шалгаж байгаа. 

Баримт №4 Ган, ширэмний үйлдвэрийн тухай үлгэр

"Бэрэн групп”-ын охин компани "Бэрэн металл” ХХК Эрдэнэт хотод жилдээ 35 мянган тонн ширэм гаргах хүчин чадалтай домен зуух бүхий ширэм хайлах үйлдвэр ашиглалтад оруулсан тухай мэдээлэл цацагдсан цаг саяхан. 
Уг үйлдвэрийг 70 сая ам.долларын хөрөнгөөр барьсан бөгөөд үүний 22.7 сая ам.долларыг Хөгжлийн банкны бондын хөрөнгөөс гаргуулсан байдаг. Гэвч эх сурвалж "Бодит байдал дээр дээрх төсөв уг үйлдвэрт зориулагдаагүй. Ширэмний үйлдвэр гэж одоо байхгүй. Цаасан дээр тайлан гаргаж чадах ч тэд жинхэнэ ширэм үйлдвэрлэдэггүй” гэж байлаа.  "Бэрэн групп” нь зөвхөн барилгын арматурын үйлдвэрийн төслөөр гэхэд 32 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас салгаж чадсан байдаг. 
Танил тал, улс төрийн нөлөөгөөр улсаас төрөөс мөнгө босгож чаддаг тус групп өдгөө мөн арматурын үйлдвэр ашиглалтад оруулна хэмээж яваа сурагтай. Тодруулбал, тус үйлдвэр арматурын үйлдвэрээ ашиглалтад оруулахад шаардлагатай хөрөнгийг төртэй хамтрах нэрээр босгохоор хөөцөлдөж явааг эх сурвалж мэдээлж байгаа. 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх