Казах иргэд ба монгол хэл, бодлого

  • 0
  • 106
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Баян-Өлгийн казах иргэдийн хувьд монгол хэл ер нь л хэрэглээнээс гарч байгаа нь бодит байдал. Аймагт очсон хүмүүс ч ярих юм билээ, дэлгүүр зах дээр нь монголоор ярихад огт сонсоогүй ойлгоогүй дүр эсгэдэг, ёстой утгагүй газар болж байна гээд. Ийм байлгах бодлогыг 90 оноос хойш хэрэгжүүлж байгаа юм чинь иргэд ийм бололгүй яахав. Үндэстнийхээ онцлогийг хадгалах хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байгаа нь зөв боловч аливаа эерэг зүйл хэмжээнээсээ хэтэрвэл зохист тэнцэл нь алдраад сөрөг шинж нь давамгайлаад ирдэгийг бид даанч сайн мэднэ шүү дээ. Ийм байдалд үндэстний бахархал гэгч зүйл үндэстний хоцрогдол болж эхэлнэ.

Үүний гол шалтгаан нь монгол хэлний орчин үүсгэхгүй байгаатай холбоотой. Аймгийн 4 жилийн буухиат удирдлагууд бодлоготойгоор хийж байгаа ажил.

Баян-Өлгий аймаг бол Монгол улсын доторх засаг захиргааны нэгж. Энэ бол бодит байдал. Тиймээс аймгийн удирдлага нь иргэдийнхээ нийгмийн эрх ашиг, хэрэгцээнд тулгуурласан эрүүл саруул бодитой бодлого баримтлах, хэрэгжүүлэх ёстой, иргэдээ бодож л байгаа бол.

Хүүхэд багачуул сургуулиа төгсөөд олонх нь Монголдоо ажиллаж амьдарна. Аймагтаа л насан турш суухгүй нь мэдээж. Монгол хэлний хэрэгцээ үүснэ, мэдэц шаардлагатай болно. Гэтэл хүүхэд багачуул нь монголоор ганц өгүүлбэр зөв хэлж бичиж мэдэхгүй байх нь үндэстний эмгэнэл.

Иргэдээ монгол хэлээс хэдийчинээ их холдуулна, Монгол нийгэмд амьдрах ажиллах боломжий нь төдийчинээ хааж байна гэдгийг удирдлага нь ойлгоосой. Энэ улсын иргэн нь байж хэлий нь мэдэхгүйгээр улс нийгэмдээ яаж байр суурьтай, ажил албатай болох юм бол?

Баян-Өлгийн хувьд монгол хэлний сургалт, бодлогыг эрүүл ухаанаар бодож боловсруулахгүй бол болохгүй. Үүнд, дараах байдлыг харгалзах ёстой.

Баян-Өлгийн казах иргэдийн эх хэлний хувьд, хэдэн арван жилийн туршид боловсрон бүрэлдсэн онцлог шинж бий. Үгийн хэрэглээнд нь казакжсан монгол үгс бий. Бүр тухайлан хэлбэл, монгол казах хэлний харилцан нөлөөлөл бүхий онцлог шинжит, үгийн сант хэл бүрэлдсэн болов уу гэж бодож байна. Ийм шинжид тулгуурласан, аажмаар хөгжүүлсэн монгол хэлний сургалт байх ёстой юм шүү. Тэгвэл хүүхдүүдэд харьцангуй дөхөм байна.

Орчуулгын сайн зохиол бүтээл бүхий унших бичиг хэрэгтэй. Б.Бааст гуай, Б.Монголхүү гуай гээд өмнөх үеийн зохиолчдын нөр хөдөлмөрөөр Монголын казак зохиолчдын олон бүтээл монгол хэлнээ орчуулагдсан. Тэдгээрийг оновчтой сонгон оруулж, орчуулгыг зэрэгцүүлэн харж болохоор хэлбэртэй хэвлэх зэргээр бодууштай зүйл бишгүй бий.

Хэтэрхий онолдсон, академик агуулга, хэлбэртэй сургалт байж болохгүй. Монгол сургуулиудад зааж байгаа монгол хэлний хичээлээс огт өөр агуулга хэлбэртэй байх ёстой шүү. Хэдхэн жилийн дараа монгол бичиг бас албан ёсоор нийгмийн хэрэглээ болно. Хууль нь гарчихсан, бэлтгэл ажил өрнөж буйг та бүхэн мэднэ. Казах хүүхэд залуус маань яана даа. Монгол хэл ч үгүй, кирил бичиг ч үгүй, монгол бичиг ч үгүй. Тэр үед ёстой л боловсролын хямрал биш, бүр гамшиг болох вий. Одооноос хичээгтүн.

Баян-Өлгийн бага дунд сургуулийн монгол хэлний хичээлийн хөтөлбөр агуулга ямар байх талаар зөвлөгөө өгч туслаж болно шүү.

Хэл бичгийн ухааны доктор Ч.Чимэгбаатар

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх