Дональд Трампын хилийн ханыг мексикчүүд $100-ын үнэтэй багажаар нүхэлж эхэлжээ

  • 0
  • 107
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Мексикээс хууль бус цагаачид, мансууруулах бодис нэвтрүүлэхгүйн тулд хил дээрээ хана хэрэм босгох санааг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гаргаж, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Тэрээр Сан Диего орчимд эхний 122 км урт ханыг босгоод байгаа бол дараагийн 254 км ханыг босгох ажил эхэлсэн байна. Нийтдээ $10 тэрбумын санхүүжилтийг Трампын засаг захиргаа Пентагоны энэ оны төсвөөс гаргахаар болсон юм. Тэгвэл Трамп “нэвтрэх ямар ч боломжгүй” хэмээн сурталчилж байсан төмөр сараалжин ханыг Мексикийн картелийнхан хэд хэдэн газраар нүхэлсэн тухай хил хамгаалалтын албаныхан хэвлэлд мэдээлжээ. 

Ингэхдээ тэд дурын багажны дэлгүүрээс худалдан авч болох $100-ын үнэтэй, батарейгаар ажилладаг төмрийн хөрөө ашигласан байна. АНУ-ын хил хамгаалалтын газрын дарга асан Рональд Вителло “Сайн хана босголоо гээд картелийнхан Сан Диего орчмоос нүүхгүй. Харин тэд улам инновацлаг болж байна” хэмээн энэ талаар ярьжээ. Бямба гарагт сэтгүүлчид Дональд Трампаас хана хэрмийг гэмт этгээдүүд нэвтэлсэн талаар асуухад “Бид маш бат бэх хана босгосон.

Гэхдээ ямар ч сайн хана байсан хүмүүс ямар нэг аргаар нүхэлж чадна. Нүхлэх амархан ч нөхөх нь бүр амархан. Нөхөж засварлах амархан учраас л бид ийм шийдэл сонгосон юм” гэж хариулжээ. Одоо хилийн харуулууд төмөр ханыг хөрөөдсөн эсэхийг шалгахдаа хөлөөрөө өшиглөж шалгаж байгаа гэнэ. Хэрвээ суларсан байвал араасаа засварчдыг дуудаж, нөхүүлж байгаа ажээ. Гэхдээ ингэж нөхсөн хэсгийн чанар өмнөхөөсөө мууддаг тул картелийнхан буцаж ирээд дахин нүхэлдэг болсон тухай хилийн харуулын албаны хүн The Washington Post сонинд ярьсан байна.     

Р.Төмөр

Эх сурвалж: AFP

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх