Хятад иргэдтэй холбогдуулан үүрэн холбооны оператор компаниудыг шалгана

  • 0
  • 113
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Хятад иргэдтэй холбогдуулан үүрэн холбооны оператор компаниудыг шалгана

 

Хуулийн байгууллагынхан өчигдөр шөнө Монголд байсан 750 гаруй Хятад иргэнийг илрүүлэв. Хятад иргэд 10 мянга гаруй гар утас, 1000 гаруй өндөр үзүүлэлттэй компьютерээр "зэвсэглэсэн” байж. Мөн тэднийг толгойлж байсан гурван хятад, нэг монгол иргэнийг "Шангри-Ла” зочид буудлаас баривчилжээ. "Кентавр”, "Ориентал”, "Юнион бюлдинг”, "Амар” зочид буудлуудад байсан хятад иргэд мөрийтэй тоглоомоор мөнгө угааж байсан гэх мэдээллийг хууль хяналтын байгууллагын удирдлагууд өгч байна. Ямартай ч хуулийн байгууллагууд дээрх хэрэгтэй холбоотойгоор их хэмжээний мөнгөний эх үүсвэр, гарал үүслийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд санхүүгийн луйвар, залилан, хувийн мэдээлэл хулгайлсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн бололтой.  

Хамгийн ноцтой нь хятад иргэдийн ихэнх нь буюу 500 гаруй нь жуулчлалын визээр орж ирсэн бөгөөд манай улс жуулчдыг татах нэрийдлээр визний нөхцлөө хөнгөвчилснийг ийнхүү овжин ашигласан бололтой.

Олон тооны Хятад иргэдтэй холбоотой тусгай ажиллагааны мэдээллийг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар сонссон юм. Дээрх үйл явдлыг тойрсон Элчин сайдын яам болон албаны хүмүүсийн байр суурийг хүргэе. 

ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэл: Нэг монгол, дөрвөн хятад иргэнийг хорьсон 

-Хятад иргэдтэй холбоотой асуудлыг одоогийн байдлаар мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой гэж үзэж байгаа. Мөнгө угаах нь тоглоом ч байж болно. Бусад хэлбэрээр ч байж болно. Үүнд манай байгууллагын болон цагдаагийн байгууллага хамтарсан шалгалт явуулж байгаа. Зохион байгуулж байгаа хүмүүсийг хорьсон. Бусдыг нь байрлаж байсан таван зочид буудалд нь байлгаж байгаа. Хятадын талаас дөрөв, манай талаас нэг иргэнийг саатуулан шалгаж байгаа.  Наймдугаар сараас хойш жуулчлалын визээр 20-30-аараа цуварч орж ирсэн. Тэдгээр иргэд жуулчлалын визээр орж ирсэн ч ажил хийж байсан. Тиймээс бид албадан гаргах бүрэн эрхтэй.

 ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав: Үүрэн холбооны оператор компаниудыг шалгана 

-Хятад иргэд аяллын визээр орж ирсэн. Мөрийтэй, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах гэж орж ирсэн байж магадгүй гэж үзэж байгаа. Хэргийг хуулийн дагуу мөрдөн шалгана.  Цагдаагийн үйл ажиллагаа тусдаа явахгүй. Хэрэг дээр цагдаагийн байгууллагын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс ажиллаж байна. Үүрэн холбооны зарим нэг оператор компаниудыг шалгана.  

Зочид буудлуудад ч хариуцлага ярина. "Кентавр”, "Ориентал”, "Юнион бюлдинг”, "Амар” гэсэн зочид буудлууд бий. Иргэдийг нутаг буцаана. Цаашдаа хяналт шалгалт үргэлжилж нэмж илрүүлэх ажиллагааг явуулна.

БНХАУ-ын ЭСЯ: Монголын хуулийн байгууллагуудтай хамтран ажиллана 

БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яам мэдэгдэлд "2019 оны аравдугаар сарын 30-ны өдөр манай элчин сайдын яаманд Монголын цагдаагийн байгууллагаас Хятад улсын харьяат иргэд Монгол Улсад цахим гэмт хэрэгт холбогдсон талаар мэдэгдсэн. Монгол Улсын цагдаагийн байгууллага эл хэрэгт хуулийн дагуу зохих арга хэмжээг авч байгаа ба одоогийн байдлаар мөрдөн байцаалт, мэдүүлэг авах шатандаа явагдаж байна. Хятад, Монгол хоёр тал хууль сахиулах, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааны арга замууд нь нээлттэй байгаа ба талууд энэ хэрэг дээр нягт хамтран ажиллаж байна.

Уг хэрэг хуулийн дагуу шийдэгдэнэ гэдэгт найдаж байна. БНХАУ-аас Монгол Улсад суух элчин сайдын яам уг хэрэгт цаашид анхаарлаа хандуулсаар байх бөгөөд Монголын талын холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллах болно.

Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга Д.Түвшинтөр: Хонконгийн иргэн байгаагүй 

-Тагнуул, цагдаагийн байгууллагын шалгалтад манай Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын улсын байцаагч нар хамтран паспорт бичиг баримтын шалгалт  хийсэн. Өнөө өглөө /өчигдөр/ авсан мэдээллээр 600 гаруй иргэний паспортыг шалгахад 500 гаруй нь жуулчин ангиллын, 100 гаруй нь бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визтэй ирсэн БНХАУ-ын иргэн болох нь тогтоогдсон. Олон нийтийн дунд Хонконг иргэд гэсэн мэдээлэл тархаад байсан. Тэгвэл Хонконг паспорттай Хонконг иргэд байхгүй бүгд БНХАУ-ын иргэд байна. Дийлэнх нь Хөх хот дахь Ерөнхий консулын газраас авсан жуулчин ангиллын визтэй, зарим нь Эрээн хотын Ерөнхий консулын газраас авсан жуулчин, бизнес ангиллын визтэй иргэд байна. Одоогоор бид аль аль газраас, ямар компанийн урилгаар ирсэн тоог нэгтгэж байна.

Эдгээр иргэд 30 хоногийн визтэй ирсэн учир манай байгууллагаас урьдчилж зөвшөөрөл авч, ямар нэгэн бүртгэл хийлгэдэггүй. Харин 30-аас дээш хоногоор ирэх гадаадын иргэн манай байгууллагаас виз, визийн зөвшөөрөл авч, хилээр нэвтэрсэн өдрөөс хойш долоо хоногийн дотор бүртгүүлэх хуультай. 

Хятад иргэн Монгол руу жуулчлахад урилга, зөвшөөрөл шаардахыг болиулжээ

Гадаадын иргэн харьяатын газрын мэдээлснээр Монголд байсан хятад иргэдийн паспортыг шалгахад 500 гаруй нь жуулчлалын, 100 гаруй нь бизнес ангиллын визээр орж иржээ. Тэгвэл Монголд зорчих 30 хүртэлх хоногийн жуулчлалын визийн зөвшөөрлийг Ерөнхий консул, дипломат төлөөлөгчийн газар олгодог бол бизнес ангиллынхыг Гадаад харилцааны яамаар дамжуулдаг юм байна.

Гэтэл манай улсад мөрийтэй тоглоом ажиллуулж байсан хятад иргэдийн 500 нь жуулчлалын 30 хоногийн визээр орж ирсэн байна. Ийм нөхцлөөр орж ирэхэд өмнө нь Гадаад харилцааны яаманд хандаж тухайн иргэнийг судалж байж виз олгодог байсан бол 2018 оны долдугаар сарын 1-нээс жуулчлалын журмаар л бол урилга, зөвшөөрөл шаардахгүйгээр консулын газрууд шууд олгодог болжээ. Ингэж хөнгөвчилсөн нь монгол руу ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилготой гэдгийг албаны эх сурвалж хэллээ.

https://paparatsi.mn/pcr

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх