Нэг ухарч, хоёр урагшилж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт

  • 0
  • 102
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 
 

Нэг ухарч, хоёр урагшилж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт

 

  • Нэг сайдын алдаа Засгийн газрын хувь заяаг шийдэх учраас хариуцлага нь асар үнэтэй 


Нэгэнт Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээс асуухаа больсон тул УИХ гуравдугаар хэлэлцүүлэгт бэлдэж эхэлсэн. Ирэх сарын 11 гэхэд хоёрдугаар хэлэлцүүлгийн санал хураалтын үр дүнг нэгтгэсэн хувилбарыг ажлын хэсэг бэлэн болгох ёстой. Өнгөрсөн хугацаанд үндсэн хуулийг тойрч өрнөсөн маргаан мэтгэлцээн, улстөржилт ч шувтрах тийшээ хандаж байна. Олон ашиг сонирхол, улстөржилт, ойлголтын зөрүү, улс төр, саад  бэрхшээл дундуур нэг ухарч, хоёр урагшилсаар гуравдугаар хэлэл­цүүлгийн өмнө ирээд буй төслөөс Засгийн газартай холбоотой зохи­цуулалтыг эхлээд онцолъё. Гэхдээ гуравдугаар хэлэлцүүлэг рүү орох төслийн "хар зураг” тодорхой. Парламентын засаглалыг илүү бэхжүүлж, гүйцэтгэх засаглалаа бие даалгах боломжийг олгохоор үндсэн хуулийг өөрчлөх гэсэн зорилго хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа хадгалагдаж үлдсэнийг судлаачид онцолж буй. Юуны түрүүнд төсөлд тусгасан Засгийн газрын бүрэлдэхүүнд Ерөнхий сайдаас гадна дөрвөөс илүүгүй гишүүн давхар дээлтэй байж болох заалтыг онцолж байна. Ингэснээр Ерөнхий сайд болон үндсэн чиг үүргийн яамдын сайд нар УИХ-­аас томилогдоно гэсэн үг. Гэхдээ зөвхөн үндсэн чиг үүргийн гэдэг үгээр үндсэн хуульд суулгачихвал Засгийн газрын бүтцээ батлуулахдаа ийм яамаа нэмчихдэг практик манайд бий. Тиймээс Ерөнхий сайдаас гадна хамгийн ихдээ дөрвөн сайд хэмээн тооны хязгаар тавьсан заалт гуравдугаар хэлэлцүүлэг рүү орж байна. Ийм сайд нар УИХ-­д байх нь парламент, Засгийн газар хоорондын үндсэн бодлогын ойлголцол дээр чухал үүрэг гүйцэтгэдэг гэж парламентын засаглалтай орнууд үнэлдэг байна. Мөн олонх болсон нам, эвслээс нэр дэвшүүлсэн, эсвэл эвслийн Засгийн газарт багтаж буй намууд зөвшилцөн нэр  дэвшүүлж буй хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч уих­д тав хоногийн дотор оруулна. Харин Ерөнхий сайд өөрийн кабинетын бүтэц, бүрэлдэхүүнийг Ерөнхий­лөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлэх ёстой. 

АН-ын тавьсан гурван шаардлагын нэг нь Ерөнхий сайд өөрөө кабинетаа бүрдүүлэх юм

Хэрэв энэ асуудлаар Засгийн газрын тэргүүн Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадахгүй бол өөрөө  УИХ-д өргөн мэдүүлэх эрхтэй. Гэхдээ Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулж харин томилж, чөлөөлөх, огцруулах эрхийг өөрөө эдлэхийг тусгасан анхны хувилбар өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл сайд нарыг томилж, чөлөөлөх эрхийг одооных шиг УИХ-­д үлдээх шийдвэрийг олонхын бүлгийн гишүүд гаргаж, дэмжсэн. Үүнийг УИХ-ын хийсэн нэг ухралт ч гэж дүгнэж болно. Хэрэв сайд нарыг томилж чө­лөөлдөг эрхийг УИХ-аас "ху­рааж”, Ерөнхий сайдад олгосон бол Засгийн газрын тэргүүн биечлэн хариуцлага хүлээдэг болно гэж үзэж байв. Өөрөөр хэлбэл, нэг сайдын алдаа бүхэл бүтэн Засгийн газрын хувь заяаг шийдэх учраас хариуцлага нь асар үнэтэй гэсэн үг. Энэ бол хариуцлагатай байх хамгийн том хөшүүрэг. Ерөнхий сайд хариуц­лагагүй нэгнээр танхимынхаа хувь заяагаа тоглуулахгүйн тулд томилгоогоо ч зөв хийнэ хэмээн харж, анх төслийг боловсруулахдаа сайдуудыг томилж, чөлөөлөх эрхийг кабинетын тэргүүнд олгохоор тусгаснаасаа одоо ухраад байна. Ерөнхий сайдыг огцруулах тухай заалт ч тодорхой болсон. Улсын их хурлын гишүүдийн дөрөвний нэг буюу 19­-өөс дээш гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал улсын их хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхэлнэ. Улмаар арав хоногийн дотор шийдвэрлэнэ.  Улсын их хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай улсын их хурлын тогтоол батлагдсанд тооцох бөгөөд шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилохоор тусгаад байна. Нэгэнт Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно. Гэхдээ ердийн олонх буюу хуралдаанд оролцсон гишүүдийн "50+1” нь Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэнээр Засгийн газар огцруулдаг одоогийн байдлыг халж, Засгийн газрын тогтвортой байдлыг хамгаална гэсэн үг.Түүнээс гадна Ерөнхий сайд өөрт нь итгэл үзүүлэхийг хүсэх зохицуулалтыг үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулж буй нь шинэ зүйл. Тэгэхдээ Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг уих­д оруулах юм. Энэ тохиолдолд улсын их хурал гурав хоногийн дараа хэлэл­цэж эхлэн, мөн арав хоногийн дотор гишүүдийн олонхын са­налаар шийдвэрлэнэ. Хэрэв УИХ тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно. Гэхдээ уих төслийг энэ хэвээр нь баталчихгүй л болов уу. Үндсэн хууль гэдэг нийгмийн гэрээ. Тиймээс парламентад суудалтай намууд ядаж зөвшил­цөлд хүрэх ёстой. Харин ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсны дараа Ардчилсан нам зөвшилцлийн ширээний ард буцаж суухдаа болзол тавьсны эхнийх нь Ерөнхийлөгчийг парламентаас сонгох. Мөн сонгуулийн холимог тогтол цоо, Ерөнхий сайд каби­нетаа өөрөө томилох эрхийг олгох тухай заалтууд юм. Эдгээр заалтыг үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оруулсан тохиолдолд гуравдугаар хэлэл­цүүлэгт оролцоно гэдгээ тус зөв­лөлийн дарга Д.Эрдэнэбат хэлсэн билээ. 

 

Б.Энхжаргал
 
Засгийн газрын мэдээ
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх