хөрөнгийн биржийн хувьд 'Эрдэнэс Тавантолгой'-н IPO маш чухал

  • 0
  • 118
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Удаан хугацаанд яригдсан Монгол Улсын төрийн өмчит, нүүрс олборлогч “Эрдэнэс Тавантолгой ХК Хонконгийн хөрөнгийн биржид анхны “IPO”-г гаргах ажил эрчимжиж эхэлнэ гэдгийг ойр ажиллаж буй эх сурвалжууд “Bloomgberg”-т мэдээлжээ. Үүний хүрээнд тус компани хувьцаагаа худалдах бэлтгэл ажлыг хангаж, андеррайтерын ажиллах компанийг сонгон шалгаруулж, хяналт тавих зөвлөх хөлсөлсөн гэж мэдэгджээ. Мөн “IPO” арилжаанд оролцох хүсэлтэй банкнуудтай яриа хэлэлцээ хийж эхэлсэн бөгөөд ирэх онд Хонконгийн хөрөнгийн биржид арилжаалагдах нээлттэй компаниудын жагсаалтад багтах аж.  

Эрдэнэс Тавантолгой ХК нь нээлттэй хувьцаа гаргах замаар Хонконгийн хөрөнгийн биржээс нэг тэрбум ам.долларын хөрөнгө босгох боломжтой.  Энэ бол тус компанийн хувьд Тавантолгойн уурхайг өргөжүүлэх зорилгоор олон улсын хөрөнгийн зах зээлд гарах гэж буй  гурав дахь оролдлого юм. Тэд өмнө нь 2011 болон 2015 онд олон улсын хөрөнгийн биржүүдэд нээлттэй хувьцаа гаргахыг хичээсэн ч амжилттай хэрэгжээгүй. Хамгийн сүүлд 2018 онд Монголын парламент Тавантолгойн уурхайн 30 хувийг зарах төлөвлөгөөг батлаад буй.

Хонконгийн хөрөнгийн бирж дээр он гарснаас хойш  “IPO” гаргаж босгосон хөрөнгө оруулалт  20,4 тэрбум ам.доллар болжээ.   “Bloomberg”-ын мэдээлснээр энэ тоо өнгөрөгч оны мөн үед 32,7 тэрбум ам.доллар байжээ. Арилжааны энэхүү бууралт нь тус бүс нутагт үүсээд буй улс төрийн эмх замбараагүй байдал, бослого үймээнтэй холбоотой талаар санхүүгийн мэргэжилтнүүд дурджээ. Мөн Хонконгийн хөрөнгийн бирж олон жилийн турш “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нээлттэй хувьцааг арилжааны жагсаалтдаа оруулахаар хичээж буй. Учир нь уг компани нь гаднын, тэр дундаа барууны томоохон уул уурхайн компани, хөрөнгө оруулагчдыг олноор татаж чадах маш чухал хэлэлцээр юм.

Монголын төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой ХК”-ийн Өмнөговь дахь Тавантолгойн уурхай зургаан тэрбум тонн гаруй нүүрсний нөөцтэй гэсэн тооцоо бий. Үүний гуравны нэг нь дээд зэргийн хатуу коксожсон нүүрс юм. Монгол Улс нь Тавантолгойн нүүрсийг БНХАУ-д экспортолж эхэлснээсээ хойш буюу 2011 оноос олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох ажлыг эрэлхийлж эхэлсэн байдаг. Өмнө нь тус компани 2012 онд олно улсын хөрөнгийн зах зээлд гурван тэрбум ам.долларын өртөг бүхий хувьцаа арилжаалах төлөвлөгөө хэрэгжүүлсэн боловч амжилттай хэрэгжээгүй. Үүний дараа 2015 онд Хятадын “Shenhua Energy Co” болон Японы “Sumitomo Corp”-ын зэрэг консорциумын зүгээс дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх оролдлого хийсэн боловч тухайн үед Монгол Улсын парламентын шийдвэр хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлийг сайтар нягтлах хэрэгтэй гэж үзсэний дараа замхарсан билээ.

Харин энэ удаагийн Хонконгийн хөрөнгийн биржид “IPO” гаргах асуудал хэлэлцээрийн ширээний ард эхний шатандаа явж байгаа бөгөөд хувьцаа арилжаалж эхлэх хугацаа болон хэмжээ өөрчлөгдөж болзошгүй юм. Учир нь, ирэх жил Монголд улс төрийн сонгууль болох учраас эдийн засаг, санхүүд тогтворгүй байдал үүсэх  эрсдэл бий.  

Эх сурвалж: Bloomberg, Caixinglobal

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх