Б.Пүрэвдорж: Ц.Нямдорж сайдад хариуцлага тооцох ёстой

  • 0
  • 144
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн байр суурийг хүргэж байна.
-АН-ын зөвлөлөөс ирэх оны төсөвт дүгнэлт хийжээ.  Ямар байр суурьтай байгаа вэ?
-Ирэх оны төсвийг хэт өөдрөгөөр төсөөлсөн. Эрх баригчид мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд хэтэрхий хөөсөрсөн, улс төрийн зорилго агуулсан, төрийн бодлого алдагдсан ийм төсөв оруулж иржээ.  Тухайлбал, Орлогын татвараас олох орлогын өсөлт 37.1, Нийгмийн даатгалын шимтгэлээс олох орлогын өсөлт 41.6 хувь, Гаалийн татвараас олох орлогын өсөлт 11.7 хувь, Онцгой албан татварынх 13.8 хувь, Хөрөнгийн орлогын өсөлтийн хэмжээ 19.3 хувьтай байхаар төлөвлөжээ. Үүн дотор хамгийн их анхаарал татаж байгаа нь орлогын татвараас олох орлогын өсөлт 37.1 хувь байгаа. Энэ төсөөллийг хийхдээ экспортын нийт орлогыг уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтад хэт өөдрөгөөр хандсан байна. 2020 онд түүхэндээ байгаагүйгээр 42 сая тонн нүүрс экспортлох нь урьд хожид байгаагүй тоо. Орлогыг хийсвэрээр өсгөж, зардлыг мөн л хийсвэр төсөөлсөн нь сонгуульд зориулсан төсөв болсныг илтгэнэ.
-Тэгэхээр АН-ын зүгээс ямар бодлого барих вэ?
-Ашиггүй хөрөнгө оруулалтуудыг хасч тооцох хэрэгтэй. Гишүүдийнхээ тойргийг услахын тулд төсвийн алдагдлыг хоёр наяд байхаар төсөвлөсөн.  Төсвийн нийт зарлагын хэмжээний ихэнх хувийг хөрөнгийн зардалд зориулахаар байна. Төсвийн зарлага огцом өссөн нь төрийн түүхэнд байгаагүй үзэгдэл. 2015 оны төсвийн зарлагыг ирэх оны төсвийн зарлагатай харьцуулахад хоёр дахин их тоо харагдаж байна. Зарлага хяналтаа алдсан байна гэсэн үг.
-Ерөнхийдөө Засгийн газрын өрийн асуудал нэлээд анхаарал татаж байна. Энэ төсөвт ямар байдлаар орж ирсэн байгаа бол? 
-Засгийн газрын өр болон Монгол Улсын өр талийсан. 2016 онд 24 тэрбум ам.долларын өртэй хүлээлгэж өгсөн. Өнөөдөр 30 тэрбум ам.долларт хүрсэн. Иргэн бүр 25 сая төгрөгийн өртэй болсон гэсэн үг. Энэ их өр тавьчихаад хийж, бүтээн ажил МАН-д алга. Засгийн газрын нийт өр 2.4 тэрбум ам.доллараар өссөн. Энэ бол 2012-2016 онд АН-ын авсан бүх зээлтэй тэнцэж байна.
Жишээ нь, энэ мөнгөөр 3000 км зам тавьсныг бүгд мэднэ. Гэтэл баруун аймгууд руу тавьсан замаас  200 км гаруй зам үлдсэний 130 км замыг одоо хүртэл тавиагүй байна. Ирэх жилүүдэд 2.9 тэрбум ам.долларын өр төлнө. Эдийн засаг өсөлттэй байгаа энэ үед хөрөнгө мөнгөө хэмнэж байгаад гадаад өр төлбөрүүдийг төлөх ёстой. Харамсалтай нь, хөрөнгө мөнгөө маш үр ашиггүй зарцуулж байна. Үүний нэг жишээ нь нэг аймагт 235 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг  тавьж байна. Хэнтийн аймгийн Бэрх гэдэг ганц тосгонд 27 тэрбум төгрөг төсөвлөсөн нь зарим аймгаас хоёр дахин өндөр дүнтэй байна. Орлого талаа маш хариуцлагагүй тооцсон. Зэсийн үнэ буугаад эхэллээ. Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ мөчлөгтэй байдаг. Одоо унадаг мөчлөг нь эхэлсэн.
-Үндсэн хуулийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийхээр зэхэж байна.  Энэ асуудалд зөвлөл байр суурьтай байгаа вэ?
-Энэ долоо хоногт УИХ түр завсарлаж, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх ажилдаа орж байх шиг байна. Энэ хугацаанд зөвшилцлийн ажлын хэсэг ажиллана. Хоёрдугаар хэлэлцүүлэггүйгээр гуравдугаар хэлэлцүүлэгт ороход ҮХЦ дээр очих маргаан үүснэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт зарчмын зөв байр суурин дээр байх ёстой. Одоо зарчмын гурван байр сууриа бид хэлж байна. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, сонгуулийн тогтолцоог холимог хэлбэртэй болгох, Ерөнхий сайд танхимаа өөрсдөө байгуулах боломж бүрдүүлэх гурван саналыг АН тавьж байгаа. Тийм учраас АН энэ долоо хоногт зөвшилцөлд оролцож, асуудлаа хамтарч шийдэхийн төлөө явна.
-“Саарал жагсаалт”-д орсноор Монголбанк, СЗХ-ны удирдлагуудад хариуцлага тооцно гэдгийг мэдэгдсэн. Хариуцлагын асуудал нь хэр бодитой вэ?
-Терроризм, үй олноор хөнөөх зэвсэгтэй холбоотой, санхүүгийн мэргэжлийн хуульд өөрчлөлт оруулах, хяналтын байгууллага байгуулах зэрэг “Саарал жагсаалт”-д орсонтой холбоотой асуудалд орсон. “60 тэрбум”-ын нөлөөгөөр очсон, хэлний мэдлэггүй хүмүүс ФАТФ дээр очоод ажлаа тайлагнаж чадаагүй. Өнөөдөр МАН Засгийн газарт хариуцлага тооцож чадахгүй байгаа. “Саарал жагсаалт”-д орсонтой холбогдуулан Ц.Нямдоржид хариуцлага тооцох ёстой.
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх