“Шинзо Абэ ард түмнээсээ уучлалт гуйв” гэсэн энэ мэдээлэл өнгөрөгч баасан гарагийн хамгийн онцлох, сонирхолтой мэдээ байв. Их гүрний нэр хүндтэй энэ хүн тэгвэл Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайдынхаа өмнөөс ийнхүү уучлалт гүйсан байв. Японы төдийгүй дэлхийн улс төрд нэр хүндтэй, томоохон байр суурьтай энэ хүн яагаад ард иргэдээсээ уучлал гуйсан гэхээр өөрөө түүнийг энэ албан тушаалд томилсон учраас тийнхүү уучлалт гуйсан аж. Нөгөөтэйгүүр Шинзо Абэгийн энэ үйлдэл төрд шударга ёс ноёлдгийг харуулахын зэрэгцээ авлига хээл хахуулийг газар дээр нь нам дарж байна гэдгийг сануулж буй үйлдэл.
Мөн хааны алба халаатай гэгчээр дараагийн хүн ямагт бэлэн байдаг, үүнийг төрийн залгамж халаа гэдэг юм гэдгийг ч харуулав. Ийм учраас энэ мэдээг дэлхий онцолсон хэрэг. Тэгвэл Монголд Шинзо Абэгийн энэ арга барилыг яагаад хэрэгжүүлж болохгүй гэж. Сэтгэл байвал болно.
Ерөнхийлөгч, ерөнхий сайд, яам тамгын газар, агендлагууд, албад хэлтэс гээд хаана л бол хаана энэ арга барилыг хэрэгжүүлвэл мөн сайхнаа. Гэхдээ манайд жаахан ч гэсэн сэтгэл нь байлаа ч аль нэг мөчөөрөө өгөө аваа, өвөр түрийний “Гинжин хэлхээ” гэх том тойрогт багтчихдаг болохоор даанч боломжгүй. Тэгээд Шинзо Абе шиг шударга үйлдэл гаргасан нэгнийгээ буруутан болгохдоо мастер хүмүүс гэвэл Монголчууд.
Гэхдээ хол явъя гэвэл Шинзо Абэгаас суралц. Эртхэн шиг суралцсан бол ЖДҮ-чдийнхээ учрыг олчихсон, “Саарал жагсаалт” энэ тэрийг сонсоогүй юм шиг явахгүй юу. “Ичээнд нь” гэж нэг кино байдаг даа. Дамбийжаа, Дамбийжаагийн тоодгор энэ тэр гээд л гардаг. Тэр кинонд Дамбийжанцан гэгч хоёр тэмээ хөтлөөд Монголд орж ирсэн байсан үеийн зургаа өвөр дээрээ суугалсан хүүхэндээ харуулаад... “Одоо юу нь муухайдаав” гэдэг. Түүн шиг Япончуудаас суралцахад “Одоо юу нь оройтох вэ”. Ерөнхий сайд аа.
C.Цээл
Эх сурвалж: erennews.mn