МАН-АН-ын үнэн төрх ба ээлжит популизм...

  • 0
  • 110
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Өнөөдөр Монгол төрийн толгойд сандайлж суугаа МАН-ынхан өөрсдийнхөө гол үзэл баримтлал, онол үзэл суртлаа Социалист чиг баримжаатай улстөрийн нам хэмээн тодорхойлдог. Тэгвэл Монгол Улсын газрын хөрсөн доорхи алт, зэс, нүүрс, жонш, төмрийн хүдэр, төрөл бүрийн үнэт метал, тэдгээрийг зарж борлуулаад төрийн дансанд орох ёстой хөрөнгө санхүүд эзэн суухаар 30 шахам жил дайсагналцаж яваа АН-ынхан өөрсдийн үзэл баримтлалаа Либериал Ардчилсан хэмээн Монголчуудын оюун санаагаар тоглосоор өнөөдрийг хүрсэн билээ. Гэтэл өөрсдийн гол үзэл суртал, чиг баримжаагаа эсрэг тэсрэгээр тодорхойлдог дээрх хоёр нам үндсэндээ ирэх 2020 оны улстөрийн сонгуулийн өмнө өөр өөрсдийн өнгө төрхөөр популизмыг өдөөн дэвэргэж, Монгол Улсыг дэлхийн банк, санхүүгийн “Саарал жагсаалт” руу түлхэн унагалаа.

Ингэснээр манай улсыг зүглэх байсан гадны хөрөнгө оруулалтуудын олонхи нь таг зогсох, дотоодын Арилжааны банкууд зээлийн хүүгээ огцом нэмэгдүүлэх, Монголчуудын амжиргааны түвшин буюу хэрэглээний үнэ огцом нэмэгдэж, өнгөрсөн сард 9 хувьтай байсан инфляцийн түвшин 2020 он гараад 10 хувийг даваад явчих нь тодорхой болов уу. Энэ бүх гай зовлонг Монголчуудад тулган хүлээлгэх нь тодорхой болчихсон МАНАН-гийн гол зэвсэг болох хоосон амлалт, хууран мэхлэдэг арга хэрэгсэл нь болох улстөрийн популизмын талаар бага зэрэг танилцуулъя. Ер нь бол Монгол Улсын төр засгийн толгойд ээлжлэн сандайлж суугаа МАНАН-гийн популизмыг танихын тулд шинж тэмдгүүдийг нь мэдэх шаардлагатай.

Чухамдаа МАНАН-г таних гол үзүүлэлт нь хэзээ ч үл гүйцэлдэх, огт биелэгдэхээргүй амлалт, мөнгө санхүү дээр дөрөөлөх, тухайн үеийн эрх баригчдын эсрэг ард иргэдийн эсэргүүцэл, сэтгэл хөөрлийг өөртөө ашигтайгаар эргүүлэхийг оролдох, үзэл санаа нь цэгцтэй бус, өөрөөр хэлбэл сийрэг төвтэй, яг юуг зорьж, юуг бүтээн босгох нь тодорхойгүй байх зэрэг юм. Гол нь л хий хоосон амлалт өгөх, тухайн үед ядуурал, мөнгөгүйн зовлонд унасан ард иргэдэд бэлэн мөнгө тараах зэрэг нь л өнөөдрийн МАНАН-гийн гол популизм хэмээн тодорхойлоход үнэнд хамгийн ойр болно. Тэгээд ч өнөөдрийн Монголын нийгэмд нүүрлэсэн популизмын таатай хөрс суурийн нэг гол хүчин зүйл нь ажилгүйдал, ядуурал, түүнээс улбаалсан ард иргэдийн бухимдал мөн.

Хамгийн гол нь ажилгүйдэл, ядуурал нь өнөөдрийн МАНАН-гийн гол зэвсэг, 2020 оны улстөрийн сонгуульд нөөцөлж байгаа суурь хөрс нь юм. Мөн түүнчлэн өнөөдөр ид хүчээ аваад байгаа “Сайжруулсан түлш, түүний уршгаар цаг бусаар угаартаж, хордож амиа алдсан ард иргэд” болон эдийн засгийн хямрал, “Төрд нүүрлэсэн авлига хээл хахуулийн тогтолцоог ор үндэсгүй устгаж алга болгоно” гэсэн МАНАН-гийн хоосон амлалт зэрэг болно. Өнөөдрийн МАНАН-гийн гол гай зовлон нь Монгол төрийн бүх л алба нь авилга, хээл хахууль, мөнгөөр хэмжигдэж, намын гишүүнчлэлээр хязгаарлагддаг болсонд л байгаа билээ. Нөгөөтэйгүүр Монгол залуучуудын нэлээд хэсэг нь ажилгүйдэл, ядууралд хүлэгдэж, боловсролын түвшин нь дордож эхэлсэн нь МАНАН-гийн популизм Монгол даяар хий үзэгдэл мэт маш хурдан түгэн дэлгэрэх бас нэгэн шалтаг шалгаан болж байна.

Тиймдээ ч МАНАН-гийн гол зэвсэг болох популизмын бодит аюулыг Монголчууд хөгшин залуугүй мэдэх, мэдэхгүй нь хамаагүй болж, бараг л толгойтой бүхэн нь хошууран сонирхож, популизмаар нь амьсгалдаг болсон нь өнөөдрийн хамгийн ноцтой эмгэнэл юм. Ер нь хамгийн гол нь өнөөдрийн МАНАН бүлэглэлийн 2020 оны улстөрийн сонгуулийг угтсан гол зэвсэг, уриа лоозон нь болсон популизмыг ялгах эсэх нь нийгмийн хүрээний асуудал бөгөөд, соён гэгээрлийн зорилтот бодлого хэрэгжүүлэх шаардлага урган гарч байна.

Өнөөдөр МАНАН-чууд “Иргэн бүрт 20 хүртэлх сая төгрөгийн ямар ч хүүгүй зээл олгоно, Орон сууцанд зайлшгүй орох шаардлагатай 50 мянган айлыг 2020 оны сонгуулиас өмнө орон сууцаар бүрэн хангана, Цалингийн доод хэмжээг 900 мянган төгрөгт хүргэж ажилгүйдэл ядуурлыг үндсээр нь устгана, НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг 10-15 хувьд хүргэнэ” хэмээн урьд өмнөхөөсөө ч шал худлаа, “Үлгэрийн хоосон амлалт” амлалт буюу огт биелэх нөхцөлгүй популизм хийж байгааг Монголчуудын нэлээд хэсэг нь итгэн үнэмшиж, хошууран дагалдаж байгаа нь үндэсний эмгэнэл мөн.

Нөгөө талаас өнөөдрийн Монголын нийгэмд хаа сайгүй нийгмийн аливаа эмзэг асуудал байгаа нь өөрөө үзэгдэл талаасаа ч, ойлголт талаасаа ч төвөгтэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа нь маргашгүй үнэн боловч хамгийн гол нь ард иргэд маань өөрсдөө МАНАН-гийн популизмд хэтэрхий автаж байгаа нь тэдгээрээс ч илүү аюултай, хожмын асар их хор хөнөөлтэй юм. Өнөөдөр МАНАНгийн популизм хөдөө орон нутгийг ч алгасалгүй маш хор хөнөөлтэйгээр тархаж байгаагаас үүдэн улс төрийн болоод бусад салбарын нэр хүндтэй хүмүүстэй ямар нэгэн маргаан үүсгэх, бүр дийлдэхгүй санагдвал хий хоосноор очиж наалдах, өндрөө авсан асуудлуудад хошуу дүрэх гэх мэтээр илэрсээр байгаа нь тодорхой ажиглагдаж байна.

Эцэст нь дүгнэхэд өнөөдөр Монголын төрийг сандайлж суугаад бид бүхнийг харанхуй ангал руу түлхэн унагаж байгаа МАНАН-гийн 2020 оны УИХ-ын сонгууль угтсан ямар ч биелэх боломжгүй, хий хоосон амлалт, ядуурал, завхрал тийш хөтлөх ээлжит популизмын эсрэг ард нийтээрээ эвлэлдэн нэгдэж нэг хүн шиг зориглон тэмцэх, дуу хоолойгоо нэгтгэхээс өөр аврал байхгүйг Монгол Улсын иргэн бүр зайлшгүй мэдрэх, эх орноо аврахаар зориглон боссон улстөрийн ШИНЭ намыг тойрон хүрээлэхийг уриалж байна.

Д.Энхтүвшин

Эх сурвалж: mongolcom.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх