Хүүхдийн тэтгэмжээ өгдөггүй эцэг, эхэд хилийн хориг тавина

  • 0
  • 102
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцсэн. 

Тус хуулийн төслийн 9-р зүйлд иргэний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тохиолдлуудын талаар тусгасан байна.

Гишүүдийн сонирхон асууж байсан нэг зүйл бол эцэг, эхийн тэтгэмжээ төлөөгүй хүмүүсийг гадаадад зорчуулахгүй байх зохицуулалт юм. Тодруулбал хуулийн төслийн 9.1.4-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлсэн шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрт заасан хугацаагаар гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлнэ гэжээ. 

Тус заалт нь УИХ-аар хэлэлцэгдэж буй Эрүүгийн багц хуулийн хүрээнд өргөн баригдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй уялдаж байгаа талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг хэллээ. 

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн 59.1-т Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ зургаан сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих, цагаачлах эрхийг дараахь үндэслэлээр түдгэлзүүлж болно:

59.1.1.эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн;

59.1.2.хөрөнгөө нуун дарагдуулсан;

 59.1.3.төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй” гэж заажээ. 

Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харвал, Монгол Улсад өрх толгойлсон хүний тоо 2018 оны эцсээр 91,503 байна. Үүний 72,035 нь буюу 78.7 хувь буюу ойролцоогоор 80 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм.

Тэгвэл өрх толгойлж буй хүмүүс нь бэлэвсэрсэн, гэр бүл салсан, анхнаасаа гэр бүл болоогүй гэх мэт янз бүрийн шалтгаантай.  Өөрөөр хэлбэл, 72 мянган ээжийн өнөөдөр хэчнээн нь гэр бүл салсан болон огт гэрлээгүйгээр өрх толгойлж байгаа статистик тодорхойгүй байна. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас авсан мэдээллээр Монгол Улсад 11 мянга гаруй эцэг эсвэл эх шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдэдээ тэтгэмж олгож байна.

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Монгол Улсын Иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжиж Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтжээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх