Саарал жагсаалтын шалтгааныг энгийн үгээр, буруутныг эзэнтэй нь нэрлэхүй

  • 0
  • 105
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Монгол Улс саарал жагсаалтад хоёр дахь удаагаа оров. Саарал ордонд буруутныг хайсан эрэл эхэлжээ. Хайх юмгүй, мэдээж улстөрчид. Сайд Ц.Нямдорж “Энэ асуудлыг улстөржүүлж байна. Хоёр хууль баталчихвал саарал  жагсаалтаас гарчихна” гэж мэдэгдэв. Тайван бай гэх нь холгүйн зэрэгцээ АН-ын үеийн алдаанаас болж саарал жагсаалтад орсон шүү гэдгийг ч хэлэхээ тэр мартсангүй. Үнэхээр хоёр хууль батлаад л гарчих юм бол сааралд орохоосоо өмнө баталчихаж яагаад болсонгүй вэ. УИХ-д цаг байсангүй юу, сонирхол байсангүй юу? Албан тушаалын томилгоо хийх болохоороо яаралтай горимоор шөнөжин хуралддаг манай УИХ-ын гишүүд эс үйлдлээрээ улсаа сааралд оруулахыг дэмжиж, бүр хүлээж байжээ гэдэг нь сайдын үгнээс харагдана. Буруутны тухайд, улстөрчдөө хангалттай шахаж чадаагүй хэвлэл мэдээлэл, хариуцлага нэхэж чадаагүй ард түмэн ч үүнд их, бага хэмжээгээр буруутай.  

Уг нь их энгийн. “FATF” бол мөнгө угаах гэмт хэрэг, терроризм болон үй олноор хөнөөх зэвсгийг санхүүжүүлэх гэсэн гуравхан зүйлийн эсрэг тэмцдэг. Манай улс эдгээр гурван чиглэлд муу ажилласан гэсэн үг. Сая саарал жагсаалтад ороход хамгийн ихээр нөлөөлсөн бусад хүчин зүйлсийг FATF-ын сануулга, зөвлөмжийн хүрээнд жагсаавал:

1. Монгол Улс Мөнгө угаах терроризмтой тэмцэх тухай хуулийг 2007 онд баталсан. Гэвч түүнд холбогдох дүрэм журмыг батлаагүй буюу үүнээс хойш алан хядах үйл ажиллагаатай тэмцдэг дэлхийн чиг хандлагатай уялдаагүй ажиллажээ. Хориг арга хэмжээг хэрэгжүүлэх тогтолцоо хангалттай төвшинд ажиллахгүй байна зэрэг шалтгааныг дурдсан байна. УИХ 2018 оны 4 дүгээр сард Мөнгө угаах, тeрроризмтай тэмцэх үндэсний зөвлөл-ийг хууль баталж байгуулсан ба зөвлөлийг Хууль зүйн сайд ахлахаар хуульчлагдсан. Ц.Нямдорж энэ зөвлөлийг ахлаад нэг жил хагас болж байгаа боловч  үр дүнд хүрэх ажил хийгээгүйг FATF саарал жагсаалтаар санууллаа.

2. 2015 онд баталсан өршөөлийн хуулиар 34 их наяд төгрөгийн хөрөнгө орлого ил болгосон боловч мөнгө угаасан эсэх талаас нь баталгаажуулалт хийгдээгүй. Энэ бол нэг талдаа манай улсын санхүүгийн мэдээллийн ил тод байдал хангалтгүй төвшинд ажиллаж байгааг харуулж буй хэрэг юм. Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргүүдэд олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлсэн байдал хангалтгүй. Тухайлбал, 2017 онд урьдчилсан тайлан хамгаалахад манай улс мөнгө угаахтай холбоотой нэг ч гэмт хэрэг шүүхээр шийдээгүй байжээ.  FATF-ын сануулгын дагуу Монгол Улс болж бүтэхгүй байсан Эрүүгийн хуулиа өөрчилсний дараах  хагас жилд манай хууль хяналтын байгууллагынхан мөнгө угаах чиглэлийн 50 гаруй гэмт хэргийг илрүүлэн шалгасан байна. Тэгсэн хэрнээ бас л шүүхээр шийдээгүй. Учир нь шалгаж тогтоосон нөгөө гэмт хэргүүд нь “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэдгээр шүүх, прокурорын хяналтаас гоожиж, хэрэг биш болов. Үүнийг FATF ял завшилт ба Монгол Улс мөнгө угаасан байж болзошгүй гэмт хэрэгтнүүдээ шүүхээр шийдэх, шийтгэх сонирхолгүй гэж дүгнэв. Гэтэл ял завшуулж байгаа энэ хуулиа засах, өөрчлөх санаачилгыг сүүлийн хоёр жилийн турш нийгмийн сүлжээнийхэн идэвхтэй явуулсан ч, салбарын яам,  Монголын Засгийн газар, УИХ хөдөлж өгөөгүй явсаар FATF-ын өмнө очсон юм. Монгол Улсын хэмжээнд мөнгө угаах асуудалд 2011 оноос хойш 400 гаруй иргэн хуулийн байгууллагад шалгагдсан боловч ял шийтгэл авсан хүн байхгүй. Энэ дунд ЖДҮ, Хөгжлийн банк, Чингис бонд болон Монголбанкны Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хөрөнгө, “Эрдэнэт”-тэй холбоотой том хэргүүд багтаж буй. Хамгийн гол нь Монголын хууль тогтоогчид, ажил хариуцсан албан тушаалтнууд нь хууль бус байж болзошгүй эдгээр үйл ажиллагааны хамсаатан мэтээр зориуд хуулийн хийдэл гаргаж, түүнийгээ засахгүй хоёр жилийн турш нийгмийн сүлжээгээр хэрэлдсэн. Үр дүн нь саарал жагсаалт.

3. Монгол Улс нь үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлсэн гэж олон улсад буруутгагдан хар жагсаалтад орсон цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэгч Хойд Солонгос улстай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ажиллах хүч авч ажиллуулжээ. Хойд Солонгосын тэдгээр ажилчид цалингийнхаа тодорхой хувийг улсдаа өгдөг бөгөөд үүнийг нь цөмийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд ашигладаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсаас Хойд Солонгосын иргэдэд  олгодог цалингийн тодорхой хувь нь цөмийн хөтөлбөрийг хөгжүүлэхэд зориулагддаг гэж FATF үзэв. Үүний  зэрэгцээ УИХ-ын гишүүн Лу.Болд Батлан хамгаалахын сайд байхдаа тус улсад онгоц зарахыг завдсан нь энэ асуудал яригдаж эхлэх нэг шалтгаан болсон талаар ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц мэдэгдэж байв. Мөн 2015 онд тeрроризм буюу Эрүүгийн хуулийн “Зандалчлах” зүйл ангиар яллагдсан нэгнийг суллах зорилгоор тухайн үеийн УИХ-ын зарим гишүүн хүчтэй лоббидож өршөөлд хамруулсан нь Монгол Улс тeррористуудыг өршөөдөг гэх хатуу шүүмжлэлд өртсөн байна.

4.  ОУВС-ын зүгээс Монголбанкинд нэр бүхий арилжааны долоон банкны дүрмийн сангаа нэмэгдүүлсэн 700 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг батлахыг шаардсан. Монголбанкны зүгээс үүний 200 тэрбумыг баталж чадсан ч үлдсэн 500 тэрбумыг батлах ажил гацжээ. Өөрөөр хэлбэл, энэ нь манай банкууд дүрмийн сангаа нэмэгдүүлсэн хөрөнгөө мөнгө угаах замаар босгож ирээгүй гэдгээ ОУВС, FATF-ын өмнө баталж чадаагүй, тэднээс болж саарал жагсаалтад орсон гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлж байгаа. Харин Монголбанк болон арилжааны банкуудын нэгдэл бүхий Монголын банкны холбооноос үгүйсгэж, мэдэгдэл гаргажээ. Үүний зэрэгцээ Монголбанкны Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй 500 тэрбум төгрөгийг баталгаажуулсан бичгийг ОУВС-д хүргүүлсэн мэдээ ч байна. Уг мэдээлэл, “баримт”  FATF-ын гарт очсон. Үүнийг зарим улстөрч Төв банк нь арилжааны банкнуудтайгаа үгсэн хуйвалдлаа гэж хардсан ч Монголбанкны баримт “галт тэрэг” нэгэнт хөдөлсөн хойно холбогдох байгууллагадаа очсон бололтой.

Сангийн сайд  FATF-ын дараагийн хурал гэхэд саарал жагсаалтаас гарна гэжээ. Гэвч судлаачид арай урт хугацаа хэлж байна. Ямартай ч эдийн засаг яаж ч доройтсон ард түмэн, ААН-үүд үүнийг даваад гарахаас өөр сонголтгүй. Нийгмийн талцал, туйлшрал улам бүр гүнзгийрч, баян хоосны ялгаа гаарах болсон энэ цаг үед саарал жагсаалтын хариуцлагыг эзэнгүй орхих, эсвэл яамны, Төв банкны ердийн нэг ядарсан мэргэжилтэн рүү бухаад томчууд нь уснаас хуурай гарахгүй гэдэгт найдъя. Ард түмнийхээ эдийн засгийн хямрал дээр шударга бусын бухимдал нэмбэл пянг нь МАН даахгүй, 2020 оны сонгуулийн өмнө давж гарахгүй л болов уу.

О.Мөнхбат

Эх сурвалж: Itoim.mn

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх