FATF буюу Олон улсын санхүүгийн арга хэмжээ авах байгууллагын зүгээс манай улсыг саарал жагсаалтанд оруулж, бид ямар эрсдэлтэй байгааг, алдаа дутагдлаа олж харах боломжийг дахин бүрдүүлж өглөө. Эдийн засгийн бодлого, эдийн засагчдын буруу гэхээсээ илүүтэй, хуулийн засаглал бүр нурж унаж байгаагаа хуульчид бид өөрсдөө мэдэж байсан ч, гадны улсуудын дүгнэлтээр мэдлэгээ улам баталгаажуулж чадлаа. Юу нөлөөлөв? Энэ асуултанд Монголын иргэн бүр ямар ч түгдрэлгүйгээр хариулж чадна.
....Бодох ч шаардлагагүй....
Тэр нь тэгээд юу вэ?
Улс төрчид, хуулийн байгууллагууд хамтарч хэрэг шийддэг, бүх буруу хуулийн байгууллагад байгаа гэж ойлгодог байсан ард түмэн маань хууль тогтоох байгууллага дээр хуулиа засч, гэмт хэрэгтнүүдийг “өршөөдөг”, албан тушаалын болон мөнгө угаах хэргүүдийг албаар Эрүүгийн хуулиас зувчуулдаг болохыг өдөр бүр таньж мэдсээр байна.
Миний сайн мэдэхээр 2008 онд Эрүүгийн хуулиас албан тушаалын гэмт хэргийн зохицуулалтанд өөрчлөлт оруулж, нисдэг тэрэгний гэх хэрэгт холбогдсон албан тушаалтнууд ялгүй салж байсан юм. УИХ-ын Тамгын газарт анх ажилд ороход хэн буруутай вэ? гэдэг уралдаан явагдаж байсан ба ганц нэг реферэнтэд хариуцлага тооцоод л өнгөрсөн.
Гэтэл ийм хэргүүд их гардаг болохыг мэдээллээс авсаар байна. Эмч гэхээр нүдний эмч зүрхний хагалгаа хийдэггүй шиг, мэдэхгүй олон мэдээлэл байсан нь хуульчдад улам тодорсоор байна.
Саяхнаас хууль зүйн дэд сайд асан, бидний нэрлэдгээр өндөр Б.Энхбаяр дуугарч эхэллээ. Түүний яриаг сонсоод 20 жил “шүтсэн” сайдыгаа, улам бүр таних болсон. Тоочвол түмэн зүйл бичиж болно, хуульчид бид одоогоос 3 жилийн өмнө Цэц, АТГ-д хандаж Ц. Нямдорж сайдыг шалгуулахаар хүсэлт тавьж, эрсдэл хүлээж байсан.
Бидний үеийн хуульчид энэ хүнээр үлгэр дууриал аван, ийм хуульч болох юмсан гэдэг итгэл үнэмшилтэй сурч, түүний удирдлага дор ажиллаж, бараг Ц.Нямдорж судлаач шиг болж байсан учир бага багаар Но-тойг нь, хэт дураараа байдлыг нь мэдсэнээр урам хугарч, гутаж яваа билээ. Энэ бол сайддаа биш, хуулийн засаглалдаа санаа зовсон хуульчийн үг юм шүү.
Товчхон хэлэхэд наад сайдыгаа одоо соль, У.Хүрэлсүх сайдаа. Хийсэн сайн сайхан, зоригоор нь бахархах үе байсан ч одоо будилж, эс мэдэж, хүн доромжилж, худлаа ярьж, хууль засахыг нь харж, ханалаа.
Эхлээд наад хүнээсээ МАН-ын дарга нар, Та нар айдгаа больцгоо. Би та нарын дунд бас ч үгүй заримтай нь, таньтай ч ах дүү гэж явж, олон хүний өмгөөлөгчөөр ажиллаж, зарим өндөр албан тушаалтанд нь албан ёсоор зөвлөж, 2012-2014 онд бол МАН-ын орон тооны хуульч шиг ажиллаж байснаа санан санан, хуулийн гаргалгааг нь хэлснээрээ адайр заримд нь адлуулж яваагаа ч цэгнэн цэгнэн энэ үгсийг бичиж байна. Бүх МАН-ын том дарга нар энэ хүнээс айдаг, эмээдэг, бас хайрладаг шүү дээ. Айх шалтаг, бас хайрлах шалтгаан байдаг л байх. Харин энэ үе чинь айхгүй байна. Үргээх гэж үзээд ч үргэхгүй. Сайн сайд байх үедээ сайн байсан үнэлнэ.
Одоо наад хүнээ Монгол Улсын хуулийн засаглалаас холдуул. Энэ их эргэлзээн дунд хуулийн салбар чинь дууслаа гэж халагласаар, амь тавихыг нь харж тэвчихгүй нь. Тусгаар байдлаа адлуулаад ч болов хамгаална.
Ц.Нямдорж сайд үнэхээр шударга хүн үү? Хууль засдаг, байргүй гээд хамгийн үнэтэй хороололд ямар ч үнэгүйгээр амьдардаг байсан, төрийн нууц задалсан гээд шалгагдаж байгаа, Эрдэнэтийн шүүх хуралд битгий яв гэсэн зэрэг мэдээлэл худлаа юу? Ийм сайд хуулийн засаглал тогтоох уу, ямар сонирхлоор хууль бичих вэ? Юу хүлээж байгаа вэ? Үндэсний Аюулгүй байдлын хэмжээний асуудал яригдаад байхад дүлий дүмбэ байсаар байх уу?
Энэ сэдэв цахим ертөнцийн гурав, дөрөвхөн хоногийн сэдэв биш.
Урдах, урдахаа сайн хийхгүй болохоор саарал жагсаалт руу хууль зассан, авилгачдад өршөөл үзүүлж, мөнгө угаахад боломж олгосон болчихоод байна. Энэ сэдэв ЖДҮ, Эрдэнэт гээд олон сэдвээр задарна. Дүүжлэгдсэн мөчир тань хугарах вий, Ерөнхий сайдаас унахвий гэж бүү ай. Ард түмэн оноогоо өгдгөөрөө өгнө. Харин ч тэр олон, аль хэдийнээ хугарсан мөчрүүдээсээ одоо сал.
Үхлүүт, амьсгаа нь сонсогдохгүй, попроо, бас юмны ардуур ороод алга болчихдогыг биш, үнэнийг хуулийн дагуу олонд хэлчих зүрх зориг бас хай. Тэр өндөр Б.Энхбаяр дажгүй хуульч шүү, ярьсаныг нь дэмжээд үүнийг бичлээ.
Хуульч Б. Гүнбилэг