Өнөөдөр Монгол Улс саарал жагсаалт-д орсон тухай УИХ-ын гишүүн С.Эрдэнэ мэдээлсэн. Тэгвэл уг жагсаалтад орсноор манай улс ямар эрсдэл үүрч болзошгүй талаар танд товчхон мэдээлэл хүргэе.
Монгол Улс 2004 онд Ази, Номхон далайн бүсийн бүлэг буюу APG-ийн гишүүнээр элссэн байдаг. FATF болон APG-ийн гишүүн орнууд нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл багатай итгэлт түншид тооцогддог. Хэрэв зохих шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тодорхой хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг олгодог. Гэвч Монгол Улс олон улсын байгууллагаас тавьсан удаа дараагийн шаардлагыг биелүүлээгүйн улмаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй орны тоонд орлоо. Үүнийг саарал жагсаал нэрлээд байгаа юм.
Тэгвэл саарал жагсаалт-д орсноор Монгол Улсын эдийн засагт ямар хүндрэл үүсэх вэ?
- Олон улсын байгууллагууд хамтран ажиллахаас татгалзах
- Гадаадын харилцагч банкнууд харилцаагаа таслах
- Гадаадын хөрөнгө оруулалт зогсох, гадаад худалдаа багасах
- Тухайн жагсаалтад орсон улс орны иргэд гадаад улсад картаар гүйлгээ хийх боломжгүй болох
- Гадаад шилжүүлгийн гүйлгээг хийх боломжгүй болох, шалгалт улам чангарах, буцаах
- Улмаар эдийн засаг агших, ард түмний амьжиргаа доройтох эрсдэлтэй.
Саарал жагсаалтад орж байгаа нь манай улсын анхны тохиолдол биш. 2013 онд FATF-аас манай улсыг Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиндаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зохицуулалтыг хийгээгүй гэсэн шалтгаанаар “өндөр эрсдэлтэй болон хамтран ажилладаггүй улс” буюу “саарал” жагсаалтад оруулж байсан.
Тухайн үед УИХ-аас холбогдох хуулиудад яаралтай нэмэлт өөрчлөлтийг оруулснаар 2014 оны 1-р сард тус жагсаалтаас гарч байсан түүхтэй.
Г.Тэмүүлэн
Эх сурвалж: Өнөөдөр сонин